-Таныг бизнесмэн гэдгээр чинь хүмүүс мэднэ. Гэхдээ улс төрийн албан тушаалд томилогдсон тань хүмүүсийн анхаарлыг татаж байна. Мэдээж санамсаргүй хэрэг биш болов уу. Танд бодож төлөвлөсөн ажил байгаа байх. Шинэхэн дэд сайдын хийхээр төлөвлөсөн ажлынх нь төлөвлөгөөтэй танилцмаар байна?
-Би улс төрийн шийдвэрийнхээ талаар өмнө нь олон удаа ярьж, өмнөх ярилцлагууддаа тодорхой хариулт өгч байсан. Тэр юу вэ гэхээр би манай улсын түүхэнд үлдсэн тэр хар толбот үйл явдлаас цочроо авсан /долдугаар сарын 1-ний үйл явдлыг хэлж байна/. Би бизнес эрхлээд амьдралаа залгуулаад аваад явчихдаг хүн, улс төрийн сонгууль шударга болж, ард иргэд маань ардчилсан сонголтоо хүндлээд явах боломжтой байсан үед би улс төрд орохгүй гэдэг байсан. Тодорхой үйл явдлууд хүнийг өөрийнхөө өмнө нь хэлж байсан үг, хийж байгаа ажлыг өөрчлөхөд хүргэдэг шүү дээ. Тэгээд орон нутгийн сонгуульд бие дааж нэр дэвшиж улс төр гэж юу байдаг, ямаршуу үйл явц болдог талаар эхний том сургуулийг дүүргэсэн. Сонгуулийн хувьд би аль нэг нам руу бурууг тохоогүй. Энэ бол тогтолцооны асуудал, тухайн цаг үеийн асуудал гэдэг тайлбарыг хийж байсан. Түүний дараагийн жил МАХН-ын шинэ удирдлагын гаргаж ирсэн, шинэ зоримог саналуудыг дэмжиж энэ намд элссэн. Намд тодорхой хэмжээнд шинэчлэл хийх үйл явцыг эхлүүлж байсан лидерүүдээ дагаж, тэдний ажлыг дэмжих зорилгоор өөрийнхөө хуримтлуулсан туршлага, нэр хүндээ зориулахаар шийдвэрлэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш намд ажиллалаа. Өмнөх ярилцлагууддаа би “Хэрвээ эх орон маань намайг дуудвал би дуудсан цагт нь очиж ногдуулсан даалгаврыг нь биелүүлнэ” гэж ярьдаг байсан. Энэхүү өндөр хариуцлагатай, өндөр албан тушаалыг авах үүргийг би намаасаа авсан. Тэгэхээр надад эргэлзэх орон зай байгаагүй, дахин бодох боломж ч байгаагүй. Мэдээж надад эргэцүүлж бодох зүйл зөндөө байсан. Гэхдээ өөрийнхөө зарчимд үнэнч байя гэвэл өөрийнхөө хувийн ажлыг орхиод өөрийгөө тэндээс салгаад бүр мөсөн улс төрийн өндөр албан тушаалыг хүлээн авахаас өөр арга байгаагүй.
-Таны улс төрийн шийдвэр тухайлбал, намын сонголт их сонирхолтой санагдаж байна. Та хувьдаа бизнестэй, Монголд нэр хүнд бүхий банкны үүсгэн байгуулагч. Энэ бүхэн 1990 оны ардчиллын үр шим шүү дээ. Шуудхан хэлэхэд ардчиллын ач гавьяаг хүртсэн хүмүүсийн нэг, тиймдээ ч таныг ардчилсан үзэлтэй хүн гэж боддог байлаа. Яагаад МАН-ыг сонгосон юм бэ?
-Би ардчилсан үзэл бодолтой хүн. Ардчилсан нийгэмд төлөвшиж боловсорсон. Ардчилсан нийгэм өөрөө хүнд сонголтыг нээж өгсөн шүү дээ. МАН энэ нийгмийг бий болгоход хамгийн их үүргийг гүйцэтгэсэн ардчилсан хүчин. Хүмүүс төдийлөн энэ тухай ярьдаггүй юм. Яагаад гэвэл сайн дураараа эрх мэдлээ цөөнх болсон намтайгаа хуваалцаад цөөнх болсон ардчилсан нийгмийг хамтдаа босгоё гээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Би ардчилсан үзэлтэй учраас энэ намыг сонгосон. Нөгөө талаас намын сонголт гэдэг бол төр засгийн оролцоо иргэний амьдралд хэр өргөн, гүн гүнзгий байх юм бэ гэдгээр тодорхойлогдож байгаа юм. Зүүний намыг сонгох уу, барууны намыг сонгох уу гэж. Миний сонгосон нам зүүн төвтэй, ардчилсан үзэлтэй, төрийн зохицуулалт, төрийн туслалцаа ард иргэдэд илүү их хэрэгтэй гэдэг итгэл үнэмшилтэй, үзэл баримтлалтай. Яагаад гэвэл би өөрөө тийм бодолтой.
-Тэгвэл та Ардчилсан намыг юу гэж боддог вэ?
-Ардчилсан нам арай либерал, барууны төвтэй нам гэж боддог. Иргэдийн амьдралд төр засгийн оролцоо бага, иргэд нь арай их үүрэг хариуцлага өөр дээрээ хүлээж аваад, төрд бага татвар төлж, үйлчилгээндээ арай илүү төлөх зарчимтай. Тухайлбал, автобусаар зорчих, цахилгааны төлбөрөө төлөхдөө татаасаар биш зах зээлийнх нь үнэ жишгээр төлдөг байх гэх мэт төвөөсөө баруун талд байдаг үзэл баримтлалтай нам байдаг юм болов уу гэж би ойлгодог.
-Иргэдийн амьдралыг төр засгийн халамжаар тэтгүүлсэн байх нь зөв гэж та боддог юм уу?
-Төр засаг нь ядуу, амьдрах аргаа алдсан иргэдээ харж үзэх ёстой гэж би боддог. Нөгөө талаасаа зохицуулалтуудыг хийж, шударга ёсыг тогтоож байх ёстой. Иргэдийнхээ сонголтыг баталгаажуулж байх ёстой. Жишээлбэл, тахир дутуу иргэдэд ажлын байр олдохгүй байна. Тэгвэл төр засаг тэр газарт очоод бизнесийн байгууллагуудад та нар энэ хүмүүсийг ажилд ав гэдэг зохицуулалтыг хийдэг нам учраас Монгол ардын намыг би сонгосон. Бидний амьдралд оролцож байна шүү дээ. Та татвараа төл, илүү их мөнгө олж байвал тийм хэмжээний татвар төл гэсэн тэгш байдлыг бий болгож, нийгэмд дунд ангийг бий болгох зорилготой нам гэж би ойлгодог.
Өнөөдөр ажлын байр шаардлагатай байна, үүнд төр оролцож шаардлагатай алхмуудыг, хөрөнгө оруулалтыг хийх ёстой.
-Хүүхдийг бүдрээд унахад өргөөд авах биш, өөрөө босох тэнхээтэй болгож хүмүүжүүлэх ёстой гэдэг. МАН-д бол хувийн бизнест хэтэрхий хошуу дүрж оролцдог. Үүгээрээ шүүмжлэлд өртдөг. Энэ нь тийм зөв юм уу?
-Тодорхой жишээн дээр ярилцъя?
-Тухайлбал, гурилын үнэ дээр, сая намар дотоодын компаниудыг кг гурилаа ийм үнээр зар гэж үнэ тогтоохыг нэлээд оролдсон?
-Тэр бол байх ёстой зохицуулалт. Шударга өрсөлдөөнийг бид бий болгох ёстой. Үүнийг зарим нэг байгууллагууд зөрчиж байвал төр тэнд зохицуулалт хийх ёстой. Өнөөдөр аливаа нэг салбарт ажиллаж байгаа байгууллагууд нийлж байгаад үнэ өсгөж ард иргэдийг хохироож болохгүй. Энэ бол зүүн төвтэй намын бодлого. Шууд бизнест оролцож байна гэж хэлэхэд хэцүү л дээ. Харин энэ хооронд нугалаа гарч байгааг би үгүйсгэхгүй. Шударга ёсыг тогтоох ёстой.
-2008 оны сонгуульд нэлээд олон бизнесмэн парламентад орж ирсэн. Харин таныг үлдэв үү гэтэл тэдний араас улс төрд хөл тавилаа. Бизнес эрхлэгчид улс төрд орж байгааг хувийн бизнестээ нөлөөлөх зорилготой гэж хардаж сэрддэг. Үүнд та юу хэлэх вэ?
-Үүнд сонирхлын зөрчил үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс миний нэр холбогдсон бизнес байдаг бол тэрэн дээр холбогдсон ямар нэгэн шийдвэр гаргах болбол би тухайн шийдвэрт оролцохгүй, санал өгөхгүй гэж энэ ажлаа хүлээж авахдаа хамт олондоо хэлсэн. Өнөөдөр би өөрийн бизнесийг илүү сайн авч явах гэж энд ирсэн үү гэвэл би Монгол Улсын хөгжлийн өндөр хариуцлагатай энэ цаг үед надад засгаас, намаас том даалгавар ирсэн учраас төрийн ажлаа хоёр сэтгэлгүй хийнэ л гэж хэлнэ.
-Та Сангийн сайд С.Баярцогттой ямар холбоо, харилцаатай байдаг вэ?
-Сайн сайд, ажлаа өндөр төвшинд хийж байгаа. Би энэ хүнийг олон жилийн өмнөөс мэднэ, хамтарч ажиллаж байсан, дотроо хүндэлдэг. Цаашид гар нийлж ажиллаад улс орныхоо төлөө, энэ яамны төлөө гүйцэтгэх ёстой үүргээ сайн биелүүлнэ гэж бодож байна.
-Энэ салбарын дэд сайдын эрхлэх ажлын хүрээнд ямар асуудлууд багтдаг юм бэ?
-Дэд сайд мэдээж сайдынхаа өгсөн чиглэл үүргийн дагуу сайдыгаа орлох үед орлож, хамтарсан шийдвэр гаргаж ажиллах ёстой болов уу гэж бодож байна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал хэзээд олны анхаарлын төвд байдаг. Одоогийн байдлаар давуу эрхийн хувьцаа гаргах тухай нэлээд яригдаж байгаа ч иргэд ойлголт муутай байх шиг байна. Энэ талаар иргэддээ тайлбарлана уу?
-Би Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн эхээр нь үзээгүй байна. Мөн давуу эрхийн хувьцаа гаргах тухай асуудлыг нарийн судалж дүгнэлтүүдийг үзэж амжаагүй байна. Давуу эрхийн хувьцаа гэдэг бол өр. Саналын эрхгүй, тогтмол ногдол ашиг буюу хүү төлдөг. Тэгэхээр эзэмших хувь буурна гэсэн ойлголт байхгүй, нэр томъёоны асуудал байхгүй юу. Давуу эрхийн хувьцаа бол саналын эрхгүй, өмчлөлд оролцож байгааг илэрхийлдэггүй санхүүжилтийн хэрэгсэл. Иргэд төдийлөн ойлголтгүй байна. Тиймээс бүх хүнд санхүүгийн боловсролыг жигд хүргэх, Монголын санхүүгийн зах зээлийг шинэчлэх зэрэг олон ажил байна. Санхүүгийн зах зээлд эрх тэгш байдлаар Монголын иргэн бүр оролцох жигд боломжийг бүр үүд хаалгыг нээж өгөх ажлыг хийнэ гэж бодож байна.
-Дэд сайдууд сайдын нөмөрт байгаад төдийлөн ил гарч харагддаггүй. Та энэ байдлыг эвдэж чадах уу?
-Нэгдүгээрт, би их сайн ажиллаж байгаа яамны дэд сайд болж байна. Цаашид хийж байгаа ажлуудыг нь илүү эрчимжүүлэн баяжуулах, өмнө нь бодож байсан төлөвлөж байсан ажлаа сайдтай зөвлөж, хамт олонтойгоо ярилцаж байгаад хийх боломж бүрдлээ гэж бодож байна. Энд хоёр өөр намын сайд, дэд сайд байгаа ч би аливаа нэг асуудлыг эвдэх гэж зөрчилдөх гэж ирээгүй. Ажлыг нь явуулахад чадах зүйлээрээ л тусалъя гэж бодож байна.
-Та өөрийн багаа бүрдүүлэхээр ямар нэг халгаа сэлгээ, томилгоо хийх үү?
-Би тэгж бодохгүй байна.
-Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэж их ярьсан. Дорвитой өөрчлөлт гараагүй л байна. Ер нь Монголын хөрөнгийн биржийг гадаадын багаар удирдуулах гэж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?
-Хөрөнгийн биржийн асуудлаар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахдаа өнгөрсөн жилийн хуагцаанд нэлээд ажлуудад оролцож ирсэн. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлж зөв шийдэлд хүргэхэд өөрийнхөө бүхий л хүчээр ажиллана гэж бодож байгаа. Сангийн яамнаас олон улсын зах зээл дээр бонд гаргах асуудал байгаа. Энэ миний өнгөрсөн хугацаанд туулж ирсэн ажлын мөн чанартай холбоотой учраас энэ ажилд гар бие оролцож Монголд ашигтай хөрөнгө босгохоор ажиллана. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийтэй холбох ажлыг ирэх онд эхлүүлнэ. Монголын хөрөнгийн биржээс зөвхөн монголчууд ч биш, гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө босгодог болох үеийн эхлэлийг тавина. Би “чоно” эдийн засаг гээд яриад байгаа даа. Монгол Улс өнөөдөр хойноо баавгай хөрштэй, урдаа луу эдийн засагтай баахан Азийн бар улсуудын дунд байна. Тэгэхээр бид тэднээс хоцрохгүйн тулд “чоно” эдийн засгаа өөрсдөө тодорхойлж, иргэндээ шударга ханддаг, бүх үйлчилгээ иргэддээ ойр, өндөр хөгжилтэй эдийн засагтай, уул уурхайгаас гадна дээд зэргийн санхүүгийн үйлчилгээтэй, боловсролын зэрэг нь өндөр төвшинд, эрүүл мэндийн үйлчилгээ нь дээд цэгт хүрсэн тийм улс болно. Ийм эдийн засгийг хамтдаа босгоё гэж ярьж байгаа, энэ ажилд дэд сайдын хувьд чадах ядахаараа тусална гэж бодож байна.
-2011 оны төсөв батлагдлаа. Иргэн бүрт 21 мянган төгрөг сар болгон олгохоор 805 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг ямар хэлбэрээр олгох вэ?
-Хүнд өөрт нь сонголтыг орхиё гэсэн байр суурьтай байна. Хүн хөрөнгө оруулалт хийх үү, бэлнээр авах уу, хувьцаа хэлбэрээр авах уу гэдгээ шийдэх ёстой. Монголчууд эх оронч хүмүүс, тэд ухаалаг шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
-Иргэдийн амьдралд маш ядуу байна. Тэд энэ мөнгөө анхдагч хэрэгцээндээ зориулна. Тэгэхээр инфляцийг хөөрөгдөх аюултай гэж зарим эдийн засагчид хэлээд байгаа шүү дээ?
-Төв банк, Сангийн яам хамтраад зөв зүйтэй шийдэл гаргах л үлдээд байна. Хамгийн зөв зохистой хэлбэрээр ард иргэдэд хүргэх, тэгэхдээ эрсдэл гаргахгүй ажиллах даалгаврыг Сангийн яам хүлээгээд байна.
-Зээлийн хүүг бууруулах талаар ярих болсон. Харамсалтай нь, инфляциас болоод төв банк бодлогын хүүгээ буулгаж чадахгүй байна гэдэг. Зээлийн хүү бууруулах боломжийн талаар Сангийн яам юу хийх вэ?
-Өнөөдөр санхүүгийн эх үүсвэрийг бизнес эрхлэгчдэд илүү нээлттэй болгох хэрэгтэй байгаа юм. Санхүүгийн салбарт тодорхой хэмжээний гажуудал байгаа. Ийм үр ашиггүй байдлыг засч залруулах чиглэлээр нэлээд олон санал санаачлага ажил яригдаж байгаагийн нэг нь хөрөнгийн зах зээл, Хөгжлийн банкны асуудал байна. Мөн Засгийн газрын баталгааны тухай хуулийн төсөл явж байна. Хуульд жижиг дунд үйлдвэрийг хамруулаад шинээр гаргах хуулийн дагуу баталгаа гаргаж, санхүүжилтийг нь гаргаж өгье гэж тусгасан.
-Төрийн албан хаагч хувийн компанид ажиллах ёсгүй. Та компанийнхаа ажлыг хүлээлгэж өгсөн үү?
-“Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн захирлаар манай банкны гүйцэтгэх захирал Ш.Болд ажиллаж байгаа. Харин Д.Бат-Очир захирал “Хас” банкны захирал болж байгаа. ТУЗ ийм шийдвэр гаргаж, манай хамт олон намайг сайхан үдэж гаргаж өгсөн. Бизнесийн байгууллагад удирдлагад оролцох байдлыг өчигдрөөр зогсоосон.