Цагдаа нарыг гүтгэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг гүтгэж байна гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Долдугаар сарын 1-ний  үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэргийг Улсын  Ерөнхий прокурорын газраас саяхан сэргээн шалгаж эхэлсэн. Уг хэргийг  өнгөрсөн долоо хоногоос   эхлэн шалгаж өмнө нь хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдаас мэдүүлэг авч эхэлсэн байна.  Тэднийг хэрэгт холбогдуулан байцаалт авч эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж   “Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ынхан  үзэж эсэргүүцэл илэрхийлж  өчигдөр  мэдэгдэл хийлээ. Энэ  үеэр тус ТББ тэргүүн Ж.Алтангэрэлтэй ярилцлаа.

    -Долдугаар сарын 1-ний үеэр таван хүний эрдсэн хэргийг сэргээн шалгаж байгааг буруу хэмээн үзэж мэдэгдэл хийж байна уу?

    -Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр таван хүн амь эрсдсэн хэрэгт тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдад эрүүгийн хуулийн 91.1 зүйлчилж  хэрэг үүсгэн  шалгаж байгаад хэний буудсан суманд хэн оногдсон нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ хэргийг зохих хэмжээнд шийдсэн байтал дахин сэргээсэн нь цагдаагийн албан хаагчдыг хомроглон байцааж, хилс хэрэгт гүтгэх гэсэн оролдлого гэж ойлгож байна.  Үймээний үеэр амиа алдсан дөрвөн иргэнийг цагдаагийн ажилтнууд буудаж алаагүй. Хэргийн газраас олдсон 20 сумны хонгио цагдаагийн ажилтнуудын хэрэглэдэг зэвсэгийнхтэй таарахгүй байгаа шүү дээ.

    -Цагдаагийн алба хаагч хүн буудаагүйг та яаж нотлох юм бэ?

    -Үймээний үеэр хар машинтай хүмүүс иргэдийг буудсан болохыг харсан эмнэлгийн сувилагч эмэгтэйн гэрчийн мэдүүлэг байна шүү дээ. Тэгээд ч цагдаагийн ажилтнууд үймээний үеэр  резинен болон сургуулилалтын сум хэрэглэсэн байдаг. Хэргийг харсан үзсэн зарим гэрчийн мэдүүлгээр хар машин дотроос, хар хувцастай этгээдүүд хохирогчдыг хөөж буудсан гэдэг. Мөн зураглаачийн дуранд буу бариад түрүүлгээ харж хэвтсэн хүн хүртэл гарч байсан шүү дээ. Тэр хүмүүсийг шалгах хэрэгтэй биз дээ.

    -Тэр хүмүүс гэж хэнийг хэлж байна вэ?

    -Зөвхөн цагдаа нарыг “ноолж” болохгүй.  Хүний амь үрэгдсэн хэрэгт цагдаагийн  ажилтнуудыг шалгаж эхэлснээс хойш хомроглон байцаалт авч эхэллээ. Энэ хэргийг хүлээлгэхийн тулд мөрдөн байцаах ажиллагааг хууль зөрчиж явуулж байна. Мэдээж хэргийг шалгах хэрэгтэй. Хуулийн байгууллагын  иргэдийн өмнө хүлээсэн үүрэг бол гэмт хэргийг илрүүлэх.  Тэгэхээр хүний амт хороосон этгээдүүдийг тогтоох нь зүйн хэрэг л дээ.Тухайлбал   хэргийг газраас олдсон 20 хонгио хэнийх вэ гэдгийг олж тогтоо.

    -Тэр бууны сумны хонгио чинь байдлааны галт зэвсэг болох нь нотлогдсон биш бил үү?

    .-Тухайн үед цагдаагийн ажилтнууд зөвхөн сургуулилтын сум хэрэглэсэн байдаг. Буу нь  тусгай  зориулалтын галт зэвсэг биш байсан.  Харин өөрийн тань ярьж буй энэ мэдээллийг нийгэмд  зохиомлоор тараасан юм. Тодруулбал цагдаагийн алба хаагч хүн буудсан гэж.

    -Таны ярианаас үймээний үеэр хүний амь эрсдсэн хэргийг сэргээн шалгасан нь хууль зөрчсөн үйлдэл, цагдаагийн алба хаагчдаас мэдүүлэг авч эхэлсэн нь хууль бус гэж үзэж байгаа юм шиг байна л даа. Яагаад хууль зөрчсөн болж таарах вэ?

    -Хууль зөрчсөн үйлдэл гэдэг чинь хэргийг сэргээхэд биш. Үүнийг бид эсэргүүцээгүй. Гол нь цагдаагийн 20 гаруй алба хаагчдыг хомроглон  дуудаж байцаалт авч, өдөржин гадаа зогсоож байна. Мөн  “Нөгөөдөх чинь хэргээ хүлээсэн  ингэж хэлсэн,  чи хэргээ хүлээ” гэх мэтээр дарамт үзүүлж байна. Энэ нь  мөрдөн байцаалтын ажиллагааг зөрчиж байгаа юм.  Бид мөрдөн байцаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг  өмгөөлөгчдийн багаар дамжуулж удахгүй тавина.

    -Мөрдөн байцаах ажиллагаа хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нотлох шаардлагатай байх. Мэдүүлэг өгч эхэлсэн  хэн гэдэг цагдаагийн албан хаагчийг, хэн гэдэг мөрдөн байцаагч  хилсээр гүтгэж хэрэг хүлээлгэхийн тулд дарамт шахалт үзүүлсэн гэдгийг баримтаар гаргаж ирэх ёстой байх гэж бодож байна ?

    – Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд өнгөрсөн долоо хоногийн нэг дэхь өдрөөс эхэлж мэдүүлэг өгч эхэлсэн 20 гаруй цагдаагийн алба хаагчдыг хилсээр хэрэг хүлээлгэх гэж айлган сүрдүүлэх, бүтэн өдрийн турш  хүлээлгийн танхимд суулгах, дулаан хувцастай ир гэж дарамтлах зэрэг чинь мөрдөн байцаах ажиллагааг зөрчиж байгаа юм биш үү.

    -Таны хэлж буй мэдээлэл хангалттай нотолгоо биш байна. Мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт өгөх, гүтгэж байна гэж үзэх эрх зүйн үндэслэл бий юу?

    -Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх тухай үндсэн хуульд заасан байдаг.

    -Хэргийг шалгах явцад гүтгэлэг гэж урьдчилан үзэх хэрэгтэй юу. Та цагдаагийн алба хаагчдыг хилс хэрэг хүлээнэ гэдгийг урьдчилж яаж мэдэж байгаа юм бэ.  Үзмэрч шиг?

    -Энэ хэргийг сэргээн шалгасан нь угаасаа улс төрийн сонирхолтой. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанынхан хэргийг шалгах явцад  цагдаагийн ажилтнуудын хэрэглэж байсан бууны сумтай хэргийн газраас олдсон хонгио тохирохгүй байгаа нь гүтгэлэг биш үү. Мэдүүлэг авахдаа хууль зөрчиж байна гэдгийг бид хэлэх эрхтэй юм. Бид энэ асуудлаар прокурорын байгууллага болон  холбогдох албанд хандана. Угаас бүах зүйл ойлгомжтой байгаа  шүү дээ.

    -Уг хэрэгт сэжигтнээр татагдсан цагдаагийн ажилтнууд өөрсдөө хууль сахиулах ёстой шүү дээ. Гэтэл яагаад мэдүүлэг өгөхөөс татгалзаж мэдэгдэл хийгээд байна вэ. Мэдээж хэргийг эцэслэн шийдээгүй байна. Хэн нэгнийг хилсдүүлсэн юм алга байна шүү дээ?

    -Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдсэн хэргийг сэргээн шалгаж цагдаагийн ажилтнуудыг хомроглон  байцааж эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ хэргийг илрүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ энэ хэргийг илрүүлэх нь  гэж бусдыг гүтгэж, ял тулгаж болохгүй. Зөвхөн цагдаагийн ажилтнуудыг шалгаснаар илрүүлэхгүй. Тэр хар машинтай хүмүүсийг олж тогтоо, хэргийн газраас олдсон сумны хонгио хэний  бууны сум бэ гэдгийг олж тогтоох зайлшгүй шаардлага байна. Зөвхөн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд цагдаагийн алба хаагчийг шалгахаас гадна, бусад эрүүгийн нөхцөл байдлыг судлаач. Олон түмний нүдэн дээр ил үйлдэгдсэн хэрэг шүү дээ. Хэрэв цагдаагийн алба хаагчдыг хилсдүүлэх юм бол, цаашид  мөрдөн байцаах ажиллагаа хууль зөрчсөн байдлаар удаашрах бол бид тэмцлийн хэлбэрийг хуулийн хүрээнд явуулна. Гэм буруутанг олж тогтооход цагдаа нарыг хилсдүүлж яллаж болохгүй юм. Энэ хүүхдүүд бүгд ээж аав гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Мэдээж үр хүүхдээ үймээний үеэр алдсан эцэг эхчүүдийг ойлгож байна. Энэ хэргийг эцэслэн  шийдэхэд хуулийн хяналтынхан хууль зөрчих ёсгүй юм.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж