Эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс бага байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс бага байна

Үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн түүвэр судалгаагаар ажиллагсдын цалин хөлс хүйсийн хувьд ялгаатай байгааг тогтоожээ. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийн дундаж цалингаас 13,5 хувиар бага байгаа ажээ. Үүний гол шалтгаан нь уул уурхай, барилга, тээвэр, эрчим хүч, төрийн удирдлага, батлан хамгаалах зэрэг бүтээмж, санхүүгийн чадавх өндөр, цалин хангамж сайтай  салбарт эрчүүд голдуу ажилладагтай холбоотой гэнэ. Гэтэл боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, нийгмийн халамж  зэрэг гүйцэтгэх салбарт ажиллагсдын олонх нь эмэгтэйчүүд. Бага ангийн багш нарын 94 хувь, дунд ангийн багшийн 71 хувь, техник мэргэжлийн сургуулийн багш нарын 60 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Эмэгтэйчүүд олноор ажилладаг салбарт ч эрчүүд өндөр цалин авдаг нь судалгаагаар батлагджээ. Үүнийг  удирдах албан тушаалд эрчүүд голчлон томилогддогтой холбон тайлбарласан байна. Тиймээс цаашид уул уурхай, аялал жуулчлал, ноос нооолуур, банк санхүү зэрэг цалин өндөр, таатай орчин бүхий салбарт эмэгтэйчүүдийг ажиллуулах зохицуулалтыг хийх шаардлагатайг Зохистой хөгжил жендэр төвийнхөн хэлж байлаа.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж