Г.Өсөхбаяр: Хамгийн тэнэг, хамгийн зоригтой хүмүүс Эверестэд цугладаг | News.MN

Г.Өсөхбаяр: Хамгийн тэнэг, хамгийн зоригтой хүмүүс Эверестэд цугладаг

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр: Хамгийн тэнэг, хамгийн зоригтой хүмүүс Эверестэд цугладаг

Би олон сагсуу хүнтэй таарч байлаа. Харин амь насаа дэнчин тавьж онгирох түүн шиг сагсуу хүнтэй бол анх удаа л уулзаж байна. Гэхдээ хийсэн зүйлтэй, цаашид ч хийж чадна гэдгээ мэддэг сагсуу хүмүүсийг бол хайрламаар санагддаг юм. Тэднээс хурц тод араншин, цайлган цагаан сэтгэл ханхийх шиг болдогт нь би хайртай.

Саяхны нэгэн бороотой үдэш нэгэн найзын хамт энэ дэлхийн хамгийн “онгироо”-чуудын нэг уулчин Өсөхбаярын гэрт зочлов.  Ингээд бидний дунд өрнөсөн шар айрагтай энгүүн яриаг танд хүргэе.

-Энэ хананд өлгөөтэй байгаа зургууд одоогийн байдлаар таны авираад байгаа дэлхийн долоон оргилын дөрөв нь байна, тийм үү?

-Тийм ээ. Энэ зургийг долоо л болгочихмоор байгаа юм. Одоо ойрын хоёр жилдээ багтаад Антарктид, Өмнөд Америк, Австрали тивийн оргилуудад гарчихвал ч…

-Үлдсэн гурван оргил дээр та бараг ойрын нэг, хоёр жилдээ гараад долоон зураг чинь бүрдчихнэ байна шүү дээ. Тэгээд дэлхийн долоон оргилд гараад дуусчихаар дараа нь юу хийх вэ?

-Оросын уулчин, жүжигчин Висовский “Гарч үзээгүй уул болгон миний мөрөөдөл” гэж хэлсэн байдаг юм. Би тэр үгэнд их дуртай. Миний мөрөөдөл тэгэхээр дуусахгүй гэсэн үг. Насан туршдаа мангар их ажилтай байгаа биз дээ. /инээв/

-Тэгвэл та дараагийн авиралтаа хаана, хэзээ хийхээр төлөвлөж байна?

-Ирэх арван нэгэн сард Өмнөд Америкийн Андын нурууны 6970 метрийн өндөртэй Aconcagua оргилд гарахаар төлөвлөөд байгаа. Энэ удаагийн аялал миний амьдралын хамгийн гоё мөрөөдлийн аялал маань болно гэж бодож байгаа. Аргентин, Чилийн нутгийн уугуулуудын аж амьдрал надад маш гоё, сонин санагддаг. Тэр ард түмний амьдралын хэв маяг, соёлтой танилцахыг би их хүсдэг л дээ. Өө нээрээ, би есөн сард нэг аялал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

-Ямар аялал?

-Түвд рүү хэсэг хүмүүс авч явъя гэж бодож байна. Та нар ч гэсэн хүсвэл явж болно ш дээ. Үнэхээр гоё. Дэлхийн хамгийн өндөр цэгийг чи нүдээрээ харна гээд төсөөл дөө. Хөх нуур луу очоод чи тэндхийн хүмүүстэй монгол хэлээрээ ярина гээд бод доо. Тэгээд цаашаа Лхас ороод нөгөө гоё Потала ордонг орж үзнэ. Тэгээд дараа нь дэлхийн хамгийн өндөр даваан дээр гарна. 6100 метрийн өндөртэй. Тэгээд тэндээс 8000 метрээс доош дэлхийн хамгийн өндөр 17 оргилыг бүгдийг нь харна. Үнэхээр гайхалтай гоё аялал болно. Би бас өөртөө түвд мастип нохой авчиръя гэж бодоод байгаа.

-Ямар нохой юм бол?

-Бидний монгол банхар гэдэг маань тэр түвдийн мастип байхгүй юу. Үндсэндээ бол монгол нохой биш түвд нохой л доо.

-Тэр аяллын зардал хэд болох бол? Хүмүүс бас сонирхож магадгүй?

-1000 доллар байхад хангалттай. Дэлхий дээр хүн зайлшгүй үзэх ёстой гурван зүйл байдаг юм байна л даа. Нэгдүгээрт, Сфинкс. Хоёрдугаарт, Эверест. Гуравдугаарт, говь. Хэрвээ чи Эверестэд очоогүй, эсвэл очиж үзье ч гэж боддоггүй бол хамгийн тэнэг амьтан. Би өөрөө говьд төрсөн болохоор ч тэр үү говийнхоо сайхан нь хаанаа байдгийг ойлгодоггүй. Заримдаа говьд очихоороо элсэн дээр тухалж суугаад удаан ширтдэг юм. Юу нь гоё юм бол гээд л. Тэгсэн нэг япон нөхөр говьд ирээд л уулга алдаад уйлах нь холгүй байгаад бахыг яана /инээв/. Гэхдээ л би говьдоо маш их хайртай. Надад Америк, Европ энэ тэрээр аялах ёстой сонин биш. Шал хэрэггүй. Түүний оронд эхлээд байгалийн гайхамшгуудыг үзэх хэрэгтэй ш дээ. Тэр балиар өндөр байшингууд юу юм бэ? Ердөө хүн л барьсан биз дээ. Байгаль гэдэг бол жинхэнэ агуу.

-Уулын зардал өндөр. Маш их зардал гардаг. Та жишээ нь одоогоор ууланд авирахын тулд хичнээн төгрөг зарцуулаад байгаа бол?

-Тэрбум хавьцаа байх. Эверестэд нэг удаа авирахад 100 мянган долларын зардал гарна.

-Тэр бүх зардал юу, юунд зарцуулагддаг вэ?

-Детальчилж хэлэх юм бол маш энгийн л дээ. Идэх хоол, өмсөх хувцас, хэрэгслүүд гээд л. Анх 2005 онд очиход нэг оймс гэхэд 150 доллар, нэг цамц аваад өмсөх гэхээр 400, 500 доллар гээд л би үнэхээр гайхаж байсан. Би чинь жирийн л нэг аав ээжийн хүүхэд шүү дээ. Ямар үнэтэй юм бэ, яагаад энэ оймсыг 150 доллараар авах ёстой юм бэ гэхэд хөтөч залуу “За яахав, чи хямдханыг авч болно ш дээ. Гэхдээ чи Эверестэд гарч чадахгүй ш дээ” гэж хариулж байсан. Ердөө хариулт нь л тэр. Зарим зүйлүүдээ хүний хэрэглэсэн хуучныг авчихдаг. Нүдний шил гэхэд л би хуучин шил 80 доллараар авсан. Яг шинийг нь авах гэхээр 300, 400 доллар болчихоод байдаг. Зарим хүмүүс авиралтаа амжилттай хийчихээд уулнаас бууж ирээд хувцас хунар, зарим хэрэгслүүдээ илүү хямдаар зарчихдаг юм.  

 -Та нэлээн шүтлэгтэй бололтой? Тэр тавиур дээр байгаа догшин сахиуснаас харахад… ?

-Тийм, Очирваань бурхан. Их догшин бурхан юм гэсэн. Гэхдээ намайг ерөөсөө бурхан мурхан битгий шүт гэсэн ш дээ. Харин бурхан л чамайг шүтэх юм байна гэсэн /инээв/. Хүүе, шутка шүү. Буруугаар ойлгочихов. Гэхдээ би 2006 онд Түвдэд явж байхдаа би нэг мундаг даяанч лам дээр мөргөж, засал энэ тэр хийлгэх санаатай очсон юм. Тэгсэн тэр лам намайг харангуутаа өөрөө босч ирээд мэндэлсэн чинь намайг дагуулж очсон хөтөч маань “Ямар сонин юм бэ? Энэ лам ингэж хүнтэй өөрөө босч мэндэлдэггүй” гээд их гайхаж байсан. Тэгээд тэр даяанч лам “Та дандаа их өндөрт явдаг юм байна. Танд ямар ч засал хэрэггүй ээ” гэсэн. Тэгээд ирэнгүүтээ би энэ тухай Пүрэвбат ламд хэлсэн чинь “Тэгнээ. Чамайг юунд нь засдаг юм бэ” гэж байсан. Инээдтэй ч юм шиг…Гэхдээ өндөрт гарна гэдэг угаасаа хамаг муу муухай юмаа доор үлдээгээд их гоё энерги дунд орж байгаа хэрэг байх л даа.

-Хамгийн түрүүнд уулчдын зүрх, уушиг маш сайн байх ёстой байж таараа. Та зүрх уушигаа байнга эмчийн хяналтад байлгадаг уу?

-Хамгийн нэгдүгээрт мэдээж зүрх, уушиг. Миний зүрхийг хянадаг аппарат байхгүй ш дээ. Ном уншдаг лам байхгүй, зүрх хянадаг аппарат байхгүй /инээв/.

-Яагаад хянадаг аппарат байхгүй гэж? Эсвэл бас л “шутка” юу?

-Миний зүрхний ачааллыг даах аппарат байхгүй ээ. Спортын хороонд нэг хэмжигч байдаг ш дээ. Тэгээд нэг удаа Өсөхөө чи гүйгээдэх, чиний зүрхний цохилтыг хэмжиж үзье гээд тэгээд би гүйхгүй юу. Тэгээд гүйсэн чинь миний зүрхний цохилт зүгээр нэг сууж байгаа хүнийх шиг байна гэнээ. Хүний пульс чинь гүйхэд ачаалал авна ш дээ. Харин минийх дөнгөж 80-тай явж байна гэсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гайхаад “Ямар сонин юм бэ? Энэ хэмжигч ажиллахгүй байна” гээд л байсан.

-Тэгэхээр гүйх зэргийн ачааллыг зүрх чинь ачаалал гэж хүлээн авахаа больсон байна гэсэн үг үү?

-“Хамгийн бэлтгэл сайтай тамирчин гүйхэд 120 хавьцаа байдаг ш дээ. Тэгсэн чинийх 80-аас дээшээ гарахгүй юм” гээд тэд нар гайхаад байсан. Үнэхээр тийм л дээ. Миний зүрх гүйх ачааллыг тоохгүй байна л гэсэн үг байх.

-Эверест явах санаа анх яаж төрсөн бэ?

-Миний багын мөрөөдөл. Одоогоос 11 жилийн өмнө юм байна, манайд нэг аавын танил ирээд Эверестийн зурагтай плакат авчирч өгсөн юм. Тэгээд би хаанаас ч билээ нэг төрийн далбаа олоод тэрийгээ нөгөө зургийн яг Эверестийн орой хэсэг дээр наачихсан. Орж гарсан хүмүүс энэ юу вэ энэ тэр гээд сонирхохоор аав “Манай хүү орой дээр нь гарах юм гэсэн” гээд л намайг цаашлуулдаг байлаа. Тэр үеэс л би хүсч мөрөөдөж эхэлсэн дээ. Тэгж байтал 2000 оны эхээр интернэт хөгжөөд юм сайхан болж ирсэн. Тэгээд л судалж эхэлсэн. Эверестэд аялуулдаг компаниудтай холбоо тогтоож ямар үнэ ханштайг нь баримжаалж мэддэг боллоо. Эверестийн сэдэвтэй кинонууд ч татаж үзсэн. Ер нь бол бүх мэдээллээ авчихсан. Тэгээд л нөгөө хоёртойгоо /2005 онд Эверестэд хамт авирсан Д.Баярням, Р.Тулга нарыг хэлж байна/ уулзаад, бас “Чингис хаан” банкныхан биднийг ивээн тэтгэхээр болж явах өдрөө ч товлочихсон.

-Монголоос гараад явахад их л юм бодогдож байсан байх даа? Айж эмээж байв уу?

-Эхэндээ бас гайгүй байгаа юм аа. Зуучилж байгаа компани дээрээ явж очлоо. Тэгээд төлбөрөө төлчихөөд цаашаа Эверестийн бараа харагдтал их догь явна л даа. Төлбөр гэснээс, нөгөө Непалийн компанитайгаа уулзахад бид нарын төлөх ёстой 73000 доллараас ердөө 500 доллар дутуу байсан юм. Амралтын өдөр таараад Монголоос шилжиж ирэх байсан мөнгө ирдэггүй. Нөгөө компани чинь мөнгө дутуу гээд зөвшөөрлөө өгдөггүй. Эртхэн газар дөхөж агаар орчиндоо дасмаар байгаа юм чинь. Тэгсэн ёстой нэг доллар дутуу байсан ч тэд нар алхуулдаггүй юм байналээ. Мөнгөө хүлээж бид бараг дөрөв, тав хоносон. Дээшээ гарах хүмүүс амьд мэнд эргэж ирэх эсэх нь тодорхойгүй болохоор уулын компаниуд заавал эцсийн тооцоогоо хийж байж явуулдаг. Бид гурав тэрийг нь мэдэхгүй, эргэж ирэхдээ өгчихье ухааны юм ярьж байгаа юм чинь /инээв/. Нээрэн л амьд эргэж ирэхгүй бол хэн тэр мөнгийг төлөх вэ дээ.

-Тэгээд мөнгөнийхээ асуудлыг нэг тийш болгочихоод л Эверест рүүгээ их яарсан байх?

-Тэгсэн. Учир зүггүй л яарсан. Эверест харагдаж эхлэнгүүт энэ зүрх, сэтгэл дотор чинь юу болсон гэж санана. Хамаг юм оргилж гарчих гээд хачин аймаар, хачин сайхан сэтгэгдэл төрнө. Эверестийг анх харахад бүр хэлэх үг олдохгүй байсан. Дүнхийсэн л хар юм. Ээ бурхан минь, ямар юм нь энэ том уулыг энд авчраад тавьчихдаг байна аа гэж өөрийн эрхгүй уулга алдаж байсан. Хамгийн доод талын бааз руу дөхөөд ирсэн чинь цаашаа Эверест рүү явах ямар ч зам байхгүй болчихлоо. Тукад хэллээ, “Тука энэ зураг чинь шал худлаа юм байна ш дээ” гээд л асуудал эхнээсээ босч ирж байгаа юм даа. Ямар ч байсан хамгийн доод талын баазаас эхлээд Эверест бол бидний төсөөлж байснаас огт өөр ертөнц байсныг зах зухаас нь мэдрээд эхэлсэн. Замаа олоод цаашаа явсаар бааз дээрээ дөнгөж очсон өдөр “Зургаан хүн хажуугийн уулнаас нисээд өнгөрчихлөө” гэж хүмүүс ярьж байна. Эвгүйцэж л байгаа юм чинь. Бид гурав “Ум мани бадми хум” гээд сүү энэ тэр өргөөд л монгол хүн болсон юм хойно жаахан ёс үйлдлээ. Тэрнээс хойш харин тоохоо больж эхэлсэн дээ. Хүмүүс нас барсан байна л гэнэ, уулнаас нислээ л гэнэ. Энгийнээр хэлэхэд бараг дөжирчихөж байгаа юм уу даа.

-Аймаар юм, тийм харамсмаар зүйлийг нүдээр харчихаад цаашаа гар, хөл хөдөлж алхана гэдэг бол төсөөлөхөд ч бэрх юм.

-Зориглоод явахаас өөр аргагүй. Анх бааз лагерьт очоогүй байхад гадаадынхан том том чарга, тэргээр дүүрэн ачаатай явж байгааг хараад атаархдаг байлаа. Аймаар баян юм аа, дотор нь гоё гоё багаж, хувцас, хоол хүнс байгаа байх даа гэж боддог байсан. Тэгсэн сүүлд мэдсэн чинь, бурхан минь, өөд болсон хүмүүсийг уулын хөнжилд нь ороогоод тэр чаргануудад ачаад явдаг байсан юм билээ. Онгоцоор нутаг руу нь явуулдаг.

-Яг авиралтаа хийж явахдаа тантай ойр орчим эсвэл цуг явж байсан хүмүүсээс амь эрсдэж байсан уу?

-Тийм тохиолдлууд зөндөө байсан даа. Бид нар чинь үндсэн бааз дээрээ байж байхдаа хоорондоо танилцаад л авиралтаа цуг хийцгээгээд баазаа ойрхон байгуулаад зэрэгцээд шахам явдаг. Маккенлид авиралт хийж байхад цуг явж байсан нэг хүн маань нас барсан. Бид нар яг оргил дээрээ /6194 метрийн өндөрт/ гарчихаад амрах маягтай зэрэгцэж суугаад нэг “Snickers” шоколад бие биедээ дамжуулаад идэж байлаа. Тэгээд би өөрөө нэг хазчихаад хажуугийнхаа нөгөө хүнд дамжуулсан юм л даа. Тэгсэн түрүүхэн л миний хажууд зүв зүгээр суугаад юм ярьж байсан тэр хүн гэнэтхэн шоколадаа барьсан чигээрээ хөдөлгөөнгүй болчихсон байсан. Зүрх нь гэнэт ачааллаа даалгүй зогсчихсон. Үнэхээр харамсалтай. Иймэрхүү үзэгдлүүдэд дасч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-Эверестийн тухай яриандаа эргэн оръё. Эверестэд авирах хамгийн тохиромжтой үе гэж байх уу?

-Эверестэд авирах хамгийн тохиромжтой үе бол дөрвөн сарын 15-наас таван сарын хорьд хүртэл сар гарны хугацаа. Яг тэр сар гаруйн хугацаанд тэнд дэлхийн өнцөг булан бүрээс 1000 гаруй уулчид, аялагчид цугладаг. Дулаарсан үед нуранги ихтэй байдаг болохоор маш аюултай. Харин энэ сар гарны хугацаа бол цас нь нээх гэсээгүй, хүйтний улирал нь бас ч гэж арай гайгүй болчихсон яг л авиралт хийхэд тохиромжтой үе. Яг тэр үеэр уулчдын фестиваль гэдэг юм чинь тэнд болдог. Энэ дэлхийн хамгийн сагсуу, онгироо хамгийн бүдүүлэг, хамгийн эр зоригтой хүмүүс тэнд цугладаг. 2005 онд анх очиж байхдаа би тэр онгироо сагсуу хүмүүсийг шүтдэг байсан бол 2006 онд хоёр дахиа очихдоо аягүй туршлагатай болчихсон өөрөө тэдэнтэй зэрэгцээд ярих үгтэй болчихсон байсан. Тэгээд л тэд нартай чинь янз бүрийн юм яриад л сууна шүү дээ. Цас нурахад чи хаана байсан, би тэнд байсан, тэдэн онд хоёр хүн салхинд хийсэхэд чи тэнд явж байсан уу гэх мэтээр л ярина шүү дээ.

1996 онд Эверестэд нэг аймшигтай том осол болсон юм. Америкийн уулчин Scott Fischer, John Krakeur, Оросын уулчин Анатолий Букреев нар 16 аялагч тус бүрээс 60000 доллар аваад Эверест гаргаж өгье гээд дагуулж явсан. Тэгээд харамсалтай нь аймшигтай цасан шуурга болоод тэдний 12 нь амиа алдаж Анатолий Букреев, John Krakeur нар ганц хоёр аялагчийн хамт амьд үлдсэн.

John Krakeur тэгээд нэг ном бичсэн байдаг юм. Тэр залуу “Дэлхийн хамгийн онгироо, зоригтой, тэнэг хүмүүсийн цугларалт Эверестэд болдог юм байна. Гэхдээ тэр хүмүүсийг харж байгаадаа би үнэхээр баяртай байна” гэж номондоо бичсэн байсан. Тэнд хэн ч бие биенээсээ “Where are you come from?” гэж асуудаггүй. Тэнд очсон хүн бүхэн нэг л зорилготой. Бидний өмнө байгаа тэр аварга том дүнхийсэн уулын орой дээр л гарах. Тэнд цугласан мянга гаруй хүмүүс бүгд энэ зорилго дор л нэгддэг.

-Та ч бас тэр энэ дэлхийн хамгийн сагсуу, онгироо нөхдийн нэг үү?

-/инээв/ Би одоо Монголд онгироод дэмий ш дээ. Хүмүүс ойлгохгүй. Тэгээд манай монголд чинь нэг сонин зүйр цэцэн үг байдаг юм байналээ.

-Ямар? “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” юу?

-Өө, яг тийм. Ямар ч хэрэггүй зүйр цэцэн үг /инээв/ Хэд хоногийн өмнө би Англиас ирсэн хэсэг уулчдад газарчилж Баян-Өлгийн Алтай Таван Богд ууланд гараад ирсэн. Тэгээд тэд нарт би онгирохоор тэд нар намайг лаг ойлгож хүлээж авч байгаа юм чинь. Өөрсдөө уулчид болохоор энэ спортыг мэддэг болохоор өөр л дөө, тээ.

-Онгироо байх нь сэтгэл зүйгээ хурцалж байгаа нэг хэлбэр байх, тийм ээ?

-Тийм байх. Үхсэн энэ юу юм бэ? Би чадна, энэ юу ч биш гээд л дайрах хэрэгтэй.

-Гэхдээ гаднаа тэгж байгаа ч гэсэн дотроо нууцхан айдас байх болов уу?

-Үгүй ш дээ. Тэгж өөрийгөө хуурч алиалах ямар хэрэг байгаа юм бэ? Би ямар үзэх хүн олдохгүй тоглолтын билет, цомгоо зарах гээд жүжиглэж байгаа дуучин биш. Тэгж өнгөн дээрээ алиалах шаардлага байхгүй. Extreme спортод айх эрх ердөө ч байхгүй. Би гэхдээ өөрийгөө тамирчин гэж боддоггүй юм. Зүгээр л уулчин. Ууланд авирахыг ч ер нь спорт биш гэж боддог. Спорт гэдэг чинь уралдаан тэмцээн л биз дээ. Хүн хүнтэйгээ уралддаг, хүн хүнтэйгээ л тэмцэлддэг. Зүгээр жаран чавганц уралдахад нэг нь заавал түрүүлдэг л биз дээ. Тэгэхээр спортод бол нэг нь заавал түрүүлж л таарна. Уулчид бол зөвхөн байгальтай тэмцдэг. Бүр үхэлтэй тэмцдэг. Тийм болохоор би ууланд авиралтыг спорт гэж хэлэхгүй ээ.

-Та Эверестийн 8000 метрээс дээш ганцаараа явсан. Тэр хүртэл ачаагаа зөөж хичнээн хоног явсан бэ?

-Дөчөөд хоног. Агаартаа дасахын хажуугаар ачаагаа зөөж дээш доош хэдэн ч километр явсан юм бүү мэд 8000 метрээс эцсийн дайралт хийхийн тулд тэнд эцсийн байдлаар бүх ачаа бараагаа хүргэсэн байх ёстой.

-7500 метрээс дээшхийг “Үхлийн бүс” гэж нэрлэдэг нь аймшигтай санагддаг.

-Тэгдэг л дээ. Жинхэнэ шалгана шүү дээ.

-Шувуу байх уу?

-Байхгүй ээ, байхгүй, тэр чинь бүүр доорх 5000 метр дэх амьдрал. 7500 метр гэдэг бол амьд амьтан байх орчин биш. Миний нэг уулчин найз “Хэрвээ Эверест дахиад хоёр метрээр л илүү өндөр байсан бол хүн төрөлхтөн очиж чадахгүй байсан байх. Хүн төрөлхтөнд хүч чадал, тэсвэр тэвчээрийн ямар л хэмжээ байдаг юм тэр нь Эверестийн оройд гарахад дуусдаг” гэж ярьж байсан. Үнэхээр хүнээс гарах тэвчээр хатуужил, хүч чадлын дээд хязгаар юм уу даа гэж би ойлгодог. Зөвхөн Өсөхөөгөөс л гарах дээд хязгаар гэж ойлгож болохгүй. Хэн ч бай хамаагүй хүнээс л гарах тэвчээр, хүчний туйл. Үнэхээр би тэрэнд итгэсэн. Эверест арай жаахан өндөр байсан бол тийшээ хүн гарч чадахгүй байх байсан болов уу.  

-Ингэхэд онгоц хичнээн метрийн өндөрт нисдэг юм бэ?

-Ямар онгоцноосоо л шалтгаална. Хамгийн өндөрт нисдэг онгоц 11000 метрийн өндөрт ниснэ. Манай орон нутгийн онгоцнууд бол 5000 орчим  метрийн өндөр л авна.

-Эверестэд авирахдаа ямар хоол унд идэж явсан нь их сонирхолтой санагддаг?

-Чи өдөрт нэг ширхэг өндөг идэж чадвал лаг гэсэн үг. Манай Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1250 метрийн өндөрт байрладаг. Бид нар одоо хүнд хэрэгтэй хүчилтөрөгчийн 95 хувийг амьсгалж авч чадаж байгаа. Харин 8000 метрийн өндөрт хүнд хэрэгтэй хүчилтөрөгчийн ердөө гучхан хувь л байдаг. Тийм хүчилтөрөгчгүй орчинд хоолойгоор хоол давахгүй. Ам хөдөлгөх төдий шингэн юм л ууна. Би тэнд 60 хоносны 42 хоногт нь яг авиралт хийсэн. Сүүлд тооцоолж үзэхэд тэр 42 хоногт би нийт арван өндөг л идсэн байгаа юм. Нэг удаа идэхдээ өндөгний гуравны нэгийг л идэж чадна. Гурван жижиг халбага шөл ууна. Тэгээд л болоо.

Анх 2005 онд явахдаа би үнэхээр ямар ч туршлагагүй, бүхнийг өөрийнхөө бие дээр туршиж байсан. Би нэг сироп уугаад 6500 метрийн өндөрт гараад аймаар их бөөлжсөн. Бүх юмыг өөр дээрээ туршаад бөөлжвөл бөөлжөөд, өвдвөл өвдөөд л явж байсан. Тухайн үед Монголд 8000 метрээс дээш гарсан уулчин байгаагүй болохоор зөвлөгөө өгчих хүн ховор байсан. Бид гурав /Д.Баярням, Р.Тулга нарыг хэлж байна/ зөвхөн интернэтээс л мэдээллээ авч үндсэн төлөвлөгөөгөө гаргаж байсан. 8000 метрийн өндөрт ямар ч хувцас өмсөхөө мэдэхгүй. Хүчилтөрөгчийн баллон ч гэж юу байдгийг хараагүй. Тэрийг хэрэглэж үзсэн хүн ч байгаагүй. Ямар ч юм байдаг юм ёстой чөтгөр бүү мэд. Очиж байгаад л амьсгалж үзнэ дээ гээд явсан.

-Эверестэд ямар гутал хувцас өмсч байсан бэ?

-Би нээрээ гутлаа үзүүлье. /Нэг ягаан гутал авчраад/ Энэ миний хамгийн анхны уулын гутал. 1992 онд энэ гутлыг нэг итали хүн надад бэлэглэж байсан. Энийгээ одоо болтол өмсдөг. /Дахин нэг шар гутал үзүүлснээ/ Энэ бол сүүлд авсан гутал. 1500 доллараар авсан, Lasportiva гэдэг гутал. Энэн шиг сайн гутал ойрын арван жил дахиж хийгдэхгүй гэсэн. Бас их хөнгөхөн байгаа биз дээ. Энэ урт бол Эверестэд гарахдаа өмссөн гутал, гурван килограмм жинтэй. 3000 доллараар авч байсан. Хувцасны хувьд уулчид Goretex материалаар хийгдсэн хувцас өмсдөг. Би ч бас тэдний адил. Хамгийн гайгүйг нь өмсөхийг боддог доо. Эцсийн эцэст бидний өмсөх хувцас, хэрэглэх хэрэгслүүд бүгдээрээ амь настай холбоотой учраас үнэтэйг нь л сонгосон нь дээр байдаг. Гэхдээ техник технологи хичнээн хөгжлөө гээд хүн төрөлхтөн Эверестийн эсрэг зүйл зохион бүтээж чадахгүй л байна ш дээ. Хамгийнхаа сайн материалаар гутал хувцас хийж байна. Тэр нь бас шаардлага хангахгүй л байгаа биз дээ. Хамгийн сайн майхныг л Эверестэд зориулж байна. Бас л хангалтгүй л байна. Байгалийн хүч гэдэг аймшигтай.

 
-Эверестийн орой дээр гараад хэр удсан бэ?

 -Гучаад минут болсон. Би өндрийн хөтчөө орхиод явчихсан нь миний бас алдаа болсон. Бас л туршлагагүйтэж байгаа юм. Тэгээд өндөр дээр гарсан хойноо зурагаа авахуулж, бичлэг хийлгэхийн тулд нөгөөдхөө нэлээн удаан хүлээлгэсэн. Гай нь таараад тэр 30 минутын хугацаанд хөлдөөд үхчихэж болно гэдгийг тооцоолоогүй л байсан.

-Тэнд ойролцоо гарсан гадаадын уулчид байгаагүй юм уу?

-Байсан. Гэхдээ тэд нар чинь өөрсдийгөө яая гэж байж юун хүнд зураг авч өгөх. Амь амиа л бодно. Тийм юм ёстой байхгүй.

-Буухдаа гайгүй байсан уу?

-Биднийг буусны дараа оргил дээр аймаар цас шуурсан. Яг бууж явахад зөрөөд нэг уулчин дээшээ явж байсан юм. Харамсалтай нь тэр эргэж ирээгүй. Салхинд хийсчихсэн байсан.

-Аймшигтай юм аа. Та Эверестэд дахин гарах уу?

-Болдог бол дахиад гармаар л байна. Ядаж хормойд нь очмоор байна.

-Эверестийн дараа та Аляскын ноён оргил Маккенлид /McKinley/ авирсан. Маккенлид гараагүй л бол мэргэжлийн уулчин гэж хэлэгдэхгүй юу?

-Тийм ээ, тэгж ойлгож болно. Жишээлбэл, мэргэжлийн уулчид намайг Эверестэд авирсан гэвэл нээх тоохгүй. Тэгээд “Чи Маккенлид авирсан уу?” гэж асуудаг. Хэрвээ гарсан гэвэл мэргэжлийн уулчин юм байна гэж тэд ойлгоно. Одоо би Маккенлид гарснаараа хамгийн их сагсуурдаг ш дээ /инээв/. Сая гэхэд л Английн уулчидтай Баян Өлгийн Алтай Таван Богд авирахад тэд нар “Чи Маккенлид гарсан уу? Гарсан бол ямар замаар гарсан бэ?” гээд л асууж байгаа юм. Тэгээд би “Гарсан. West Rib-ээр явсан” гэж хариулахаар “Ямар аймаар юм бэ?” гээд л… West Rib нь их хүнд зам. Бас арай хялбар замууд байгаа л даа.   

-Тэгэхээр Маккенлид авирахад Эверестээс хамаагүй хэцүү гэсэн үг үү?

-Тийм. Хэдийгээр Маккенли Эверестээс 1500-гаад метрээр нам боловч техникийн хүнд авиралтуудыг илүү ихээр шаарддаг л даа. Уулчдад зориулсан багаж хэрэгслүүдийг бүгдийг нь Маккенлид авирахын тулд хэрэглэдэг. Эверестэд бол бүгд хэрэглэгддэггүй байхгүй юу.   

-Хамгийн сүүлд та Африк тивийн ноён оргил Килиманжаро /Kilimanjaro/-д авирсан.

-Африк тивд дэлхийн хамгийн анхны хүн бий болсон шүү дээ. Тэр хүмүүс нар, уул хоёрыг шүтдэг байсан гэдэг. Тэгээд би Килиманжарогийн оргил дээр яг нар мандаж байхад гарсныгаа их бэлгэшээдэг юм.

-Тэнд байнгын халуун дулаан уур амьсгалтай. Тэгэхээр ямар ч цас мөсгүй уулын авиралт хийхэд харьцангуй хялбар байсан уу?

-Тийм. Би зүгээр л пүүзтэй авирсан ш дээ.

-Дэлхийн долоон оргилд бүгдэд нь авирч дууссаны дараа өөр ямар ууланд гаръя гэж бодож байна? Санаандаа бодчихсон зүйл байгаа юу?

-Пакистаны Cerro Forre гэдэг уул бол дэлхий дээр хамгийн олон хүн амиа алдсан уул. Killer mountain буюу алуурчин уул ч гэж нэрлэгддэг. Харин энэ уул намайг алж чадах нь уу үгүй юу үзнэ дээ. Таван жилийн дараа авирна. Тэр ууланд явж байгаад намайг үхчихвэл миний араас дурсамж бичээрэй /инээв/

-Та ганц бие болохоор ийм зүйлийг зоригтой ярьж байх шиг?

-Надад алдах зүйл байхгүй ээ. Миний таван сайхан дүү байна. Тэд нар маань аав ээжийгээ харж хандаад явчихна. Сайн уулчид дандаа ууландаа л амиа алддаг. Ууланд авирах тусмаа л би ганц зүйл дээр бууж өгдөг. Байгаль гэдэг үнэхээр агуу гэдгийг улам бүр мэдэрч биширдэг. Би агуу, сайхныг нь хүнд ярьлаа гэхэд таван хувийг нь ч хүнд ойлгуулж чадахгүй. Байгаль гэдэг тийм л сүрлэг, агуу. Агуу гэдгээс өөр үг санаанд орж ирдэггүй юм.

Өсөхбаярыг сайн мэдэх нэгэн танил маань түүний тухай ярихдаа “Өсөхөөг ууланд авирахаар явах эсвэл авираад ирэхэд нь сайн явж ирсэн үү?, сайн яваарай гэхээр битгий ингэж асууж бай, тодорхой гэж хариулдаг” гэж хэлж байсныг нь санаж байна. Арван нэгдүгээр сард явах мөрөөдлийн аялалд чинь амжилт хүсье, сайн яваарай… Ингэж хэлэх шаардлагагүйг би мэднэ.

Түүний өөрийн “шутка”-гаар “Бурханд хамгийн ойрхон очсон” ХҮН таныг бурхад ивээг. Ингэж л хэлэхийг хүсч байна. Онгирмоор санагдсан үедээ нөгөө “утгагүй” зүйр цэцэн үгийг бодож бусдаас санаа зоволгүйгээр зүгээр л онгирч бай. Яадаг юм. Онгирох тусмаа та эрч хүчээр буцалж, мохошгүй эр зоригтон болдгийг чинь би мэдэрсэн.  Жигүүртэн ч хүршгүй оргилд хоёр хөлөөрөө хүрч чадсан таныг онгирсны чинь төлөө хэн буруутгах гэж. Би л лав үгүй.  

Ж.Нандинзаяа  /2009 оны 10 сарын 28/ 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

best 2010-02-26 76.126.149.51

Eseheedee Bayar hyrgeyChin setgeliin saihan yariltslagig tani ynshij Eberestiig amidaar haraad irsen met setgel sergej erch hych ablaaIreh esen sarin ayalalin tyhai medeelel holboo yaj abah beErelheg yylchin hyygeeree yrgelj baharhaj yabdag shyyTSaashidin amidrald tani ylam ih amjiltaz jargal sain saihnig hysieAls holin Nomhon dalain ergees mendchillee

Avatar

Tuya 2010-02-26 124.80.62.27

ene itgehgui geed bgaa nuhur yugaa medej ingej hunii baiguulsan gaviyag uguisgeed bgaa yum bol Everest-in neriig barij hudlaa heldeg uulchin bdg gedegt bi l lav itgehgui Tegeed ch garsan uu garaagui yu gej tenegtej bhinhaa orond Everest-in noyon orgild garsan uulchdin alban yosni list buhii site-ig ni google-deed uzchih Heden on be heddugeer zuun be haana yavaa haranhui munhag ve l gej helmeer bna shuu Shal durgui hurgesen yum yah gej ingej bichij hiisen yumtai heleh ugtei negniigee ingej gutaah gej orolddog bna aa Usuhuu Gangaamaa 2-in umnuus uur genet hureed ene hund heden ug helmeer sanagdlaa

Avatar

Зочин 2010-02-26 202.9.47.5

Garsan l gedeg Yag ter deer avhuulsan zurag ni l baidaggui yum Saya bas GANGAMAA garlaa l gesen Zurag ni baihgui Neg hav haranhuid avsan zurag baihiim Bi ch bas haranhuid zurgaa avhuulj chadna gej zarimdaa bodpgdoh yumAi medehgui Garsan ni UNEN l baigaasai gej bi husej baina Minii ene muuhai hardamtgai zan baihguisen bol amar baihgui yu

Avatar

зочин 2010-02-26 203.194.118.106

tanid amjilt hvsie taniar mongoliin ard tvmen mash ih baharhaj yvdag shv Vrgel ervvl enh az jargalaar dvvren unur utgun ger bvltei bolj saihan amidraarai muruudul tani bielene gedegt itgej bna ta chadnaa

Avatar

монгол 2010-02-26 202.72.246.142

энэ ер нь овоо муу гар шүү онгироо золиг улам илүү онгирч яваарай лүд минь чи чадна шүү

Avatar

Зочин 2010-02-26 182.160.62.116

Эверестэд амиа алдсан хүний тоо 217 болж байна

Avatar

Зочин 2010-02-26 182.160.62.116

Джордон Ромеро 13-летний американский мальчик стал самым молодым альпинистом чтобы взобраться на вершину горы Эверест В субботу Иордания достигли вершины со своим отцом фельдшер подругой своего отца и три непальских шерпов

Avatar

hm 2010-02-26 182.160.62.116

Jordon Romero a 13-year-old American boy has become the youngest climber to reach the top of Mount Everest On Saturday Jordan reached the summit with his dad a paramedic his dads girlfriend and three Nepalese sherpas

Avatar

Зочин 2010-02-26 127.0.0.1

chinii bodoji baigaagaar ongiroo bish ee uur utgaar ongiroo

Avatar

Зочин 2010-02-26 127.0.0.1

chinii bodoji baigaagaar ongiroo bish ee uur utgaar ongiroo

Avatar

tsogoo 2010-02-26 127.0.0.1

tiimee yg unen chi ongirohgui ym bol oor hen ongirhiin
tsagaanaa davgaa bugd ongiroo ted chadaj bgaa uchraas ongirdgiin
mongold mini chaddag ongirdog olon zaluus bii boloosoi
bi ch bas herdee ongiroo yadgiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж