
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор ардчиллын анхдагчдад Чингис хааны одон гардуулсан. АН-ын дарга Н.Алтанхуяг Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд Чингис хааны одон гардуулахдаа “Бизнесийн салбараас онцгойлж…” хэмээн тодотгож байсан. Монголын оюутны холбоонд байхаасаа Д.Баясгалан ардчиллыг чөлөөт зах зээлийн гарц гэж харж байсан нь өнөөгийн амжилтынх нь эхлэл болсон гэж ардчиллын анхдагчид тодотгодог юм билээ. Тэрбээр С.Лувсанвандан агсны хоёр хүү болон М.Зоригттой хамтарч “Бодь групп”-ийг байгуулж байсан түүхтэй. Тэр үед “Голомт” банкны ирээдүйн хандлагыг тодорхойлохдоо “Том баймаар байна уу, хүчирхэг баймаар байна уу” гэж өөрөөсөө асуугаад “Том баймаар байна” гэж хариулж байсан гэдэг. Харин зургаан жилийн дараа банк том биш хүчирхэг байх ёстой гэдэг зарчим дээр хатуу зогссоноо Д.Баясгалан захирал дурссан байдаг. Яг ийм зарчмыг бизнестээ баримталсны дүнд Монголын шилдэг эдийн засагч, банкир болж, “Голомт” банк тэргүүлэгч банкийг болгож чадсан. Тэр бас “Улс төртэй холбоотой байж томоохон салбар, компаниудыг харилцагчаа болгох арга хайж байгаагүй. Хувь хүнийхээ хувьд улс төрд нөлөө бүхий хүмүүсийг таньдаг, ашиглах боломж бий. Гэхдээ тэднийг банкныхаа үйл ажиллагаа, сонирхолдоо ашиглаж байгаагүй. Ердөө л зах зээлийн хөгжлийн жамаар явахыг эрхэмлэсэн” гэж бардамнасан байдаг. Түүний энэ чанарыг ардчилагч нөхөд нь үнэлдэг юм билээ.
Д.Баясгалан захирал бас спортод нугасгүй нэгэн. Монголын Оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай тэрбээр цөөнгүй тамирчдыг ивээн тэтгэж амжилтанд хүргэжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин