
Суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь нь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тоглож байсан бол манай улсад 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулж байжээ. Сонгодог урлагт хайртай хүмүүс Дж.Вердиг “Травиата”, “Риголетта”, “Трубадур” дууриар нь танина. Дж.Верди дуурийнхаа гол баатрыг хүмүүстэй ярилцаж байхдаа олдог байсан гэдэг. Тэр ч утгаараа Дж.Вердийн бичсэн дуурийг судлаачид амьдралтай илүү ойр хэмээн дүгнэдэг байна. “Травиата” дуурийн тухайд 1852 онд нэрт зохиолч А.Дюмагийн “Камелита хатагтай” жүжгийг Дж.Верди үзэж байхдаа санаагаа олж хөгжмөөр хүний нарийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргасан гэдэг. Энэ өдөр Дж.Верди алдарт “Трубадур” дуурийг бичиж дуусгаад театртаа хүлээлгэн өгсөн байв. Дж.Верди “Камелита хатагтай” жүжгийг үзэж байхдаа эхний хоёр үзэгдлийг үзээд гурав дахь үзэгдэл эхлээгүй байхад театраас гарч “Травиата” дуурийг бичихээр гэр лүүгээ яаран явж байжээ. Гэхдээ Дж.Верди өөрийн бодож төлөвлөж байснаас урт цагийг энэ дуурьд зарцуулсан гэдэг.