-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Бүртгэлийн ажил ямархуу явагдаж байна вэ? Ерөнхий шалгалтын хуваарь гарсан гэсэн байх аа?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл манай байгууллагын цахим хаягаар 2010 оны хоёрдугаар сарын нэгний өдрийн өглөөний 09:00 цагаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн ажил 80 хувьтай байна. Улсын хэмжээнд ойролцоогоор 45 мянган элсэгчид бүртгүүлэх ёстой гэсэн судалгаа байдаг. Өдөрт дунджаар 800 орчим хүүхэд бүртгүүлж байгаа бөгөөд заавал цагийг нь тулгах гэсний хэрэггүй гэдгийг сануулах нь зүйтэй байх. Манайхан аливаа зүйлд цагийг нь тулгадаг зуршилтай учраас тухайн үед манай серверт хэт олон хүн хандснаас ачаалал ихэсч, хүндрэл учирч болзошгүй гэдгийг сануулья. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн орой 18.00 цагт дуусна. Ерөнхий шалгалтын бүртгэлийн хуваарь зургадугаар сарын 11-ний өдрөөс зургадугаар сарын 13-ны өдрийн хооронд болно.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ ямар бичиг баримтыг бүрдүүлэх ёстой вэ?
-Нэгдүгээрт иргэний үнэмлэх юм уу төрсний гэрчилгээтэй байх шаардлагатай. Мөн сүүлийн гурван сард авахуулсан өнгөтэй цээж зураг байна. Түүнээс гадна өмнөх оны төгсөгч бол бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх ёстой. Одоо төгсөх гэж байгаа хүүхдүүдийн хувьд бүрэн дунд боловсролын гэрчилгээ байхгүй байгаа шүү дээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж буюу 4500 төгрөг, батламж карт 700 төгрөг. Шалгалтанд бүртгүүлэгчид ХААН банкнаас бусад банкны виза болон мастер картын ашиглан бүртгүүлж болно. Гэхдээ заавал өөрийн виза болон мастер карттай байх шаардлагагүй. Аав ээж, найз нөхөд гээд хэний ч картыг хэрэглэж болно. Хамгийн гол нь тэр картад нь тухайн шалгалтын төлбөрийг хийж хүрэлцэхүйц мөнгийг байршуулсан байх ёстой. Үүнээс гадна шалгуулагчид бүртгүүлснээс хойш сонгосон хичээлүүдээ нэмж, хасах гэсэн ойлголт байхгүй болохоор тухайн элсэх гэж байгаа сургуулийнхаа оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай сайтар танилцаж сонголтоо сайн хийх хэрэгтэй. Мөн хувийн мэдээллээ үнэн зөв оруулах хэрэгтэй.
-Хугацаандаа бүртгүүлж амжсангүй гэсэн маргаан бүртгэл дууссаны дараа гардаг. Энэ жилийн хувьд энэ асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
-Хоёрдугаар сарын нэгний өдрөөс дөрөвдүгээр сарын арван тавны өдөр хүртэл 75 хоног бүртгэж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ хооронд бүртгүүлж амжаагүй гэдэг яриа гарах юм бол энэ нь цэвэр тухай бүртгүүлэгчийн өөрийн хариуцлагагүй үйлдэл учраас манай байгууллагын зүгээс үүнд ямар нэг хариуцлага хүлээхгүй. Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг гэхэд улс орон даяар бүртгэлийг нэг зэрэг хаана.
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь юу байгаа бол?
-Онцлог гэвэл бид шалгалтын дараа хүүхдүүдэд батламж хуудас гэж шалгалт өгснийг нь гэрчлэх хуудас өгдөг байсан бол энэ жил цахим картын технологид шилжүүлж байна.
Цахим картын технологи гэдэг нь тухайн хүүхдийн дүн онооны нууцлалыг хангах, картыг дуурайн хуурамчаар хийхээс сэргийлэх болон эдэлгээг уртасгах зэрэг олон давуу талтай.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэх үедээ иргэний үнэмлэх аваагүй өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх авах нас нь болоогүй бол яах вэ?
-Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй хүүхдүүд тухайн сум, дүүргийнхээ Засаг даргаас тодорхойлолт, сургуулийн захирлын зурагтай тодорхойлолтыг төрсний гэрчилгээний хамт авчирвал түүнийг нь иргэний үнэмлэхтэй дүйцүүлэн үзэж шалгалтад оруулах юм.
-Бүртгэлийн явцад ихэвчлэн ямар алдаа, дутагдалууд гарч байна вэ?
-Бүртгүүлэгчид өөрийн хувийн мэдээлэл болон зургаа буруу хийх зэрэг бага зэргийн алдааг манай бүртгэл мэдээллийн ажилтнууд тухай бүрд нь засаад оруулж байгаа. Харин ерөнхий шалгалтын журам болон их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай сайтар танилцаагүйгээс хичээлээ буруу сонгох явдал мэр сэр гарч байгаа. Тиймээс хичээл сонголтоо сайтар бодож хийх хэрэгтэй. Нэгэнт сонгосон хичээлийг нэмэх хасах, солих боломжгүйг анхааруулья.
Д.Долгор