
Уг наадамд 150 гаруй оюутны нийтлэл, нэвтрүүлэг, радиогийн төрлөөр туурвисан 200 гаруй бүтээл ирснийг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, ШУ-ы доктор М.Зулкафиль, ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа, МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар нар шүүж, шилдгүүдийг шалгаруулжээ.
Шилдэг нийтлэлийн төрөлд МУИС-ийн Сэтгүүл зүйн III дамжааны оюутан С.Батхуяг “Харангадсан Утаанбаатар”, телевизийн нэвтрүүлгийн төрөлд ХИС-ийн оюутан Т.Намжаа, Н.Ариунжаргал нар “Хосоороо амьдрах хорвоо”, радио нэвтрүүлгийн төрөлд ХИС-ийн “Амжилтын гараа” баг “Шинэхэн оюутны өдрийн тэмдэглэл” бүтээлээр тус бүр тэргүүн байр эзэллээ.
Харин Гран при шагналыг МУИС-ийн Утга зохиолын ажилтны III дамжааны оюутан Ж.Тэгшжаргал “Ажиллах хүчний дуэль, Монгол vs Korina” бүтээлээрээ эзэлж, “Алтан үзэг”-ийн эзэн болсон юм.