Үнэ чөлөөлөх оролдлого үр дүнгээ өгөх нь эргэлзээтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Үнэ чөлөөлөх оролдлого үр дүнгээ өгөх нь эргэлзээтэй

УИХ өнгөрсөн долоо хоногт Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан билээ. Энэхүү тогтоолын дагуу сард 150 кВт-аас илүү эрчим хүч хэрэглэсэн өрх, аж ахуйн нэгжүүд зах зээлийн үнээр төлбөрөө төлж байхаар болсон. Энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй бол одоогийн тогтоосон үнээр төлөх юм. Эрчим хүчний үнийг төрөөс хатуу барьж байгаа нь энэ салбарын хөгжлийг хойш чангаагаад зогсохгүй эрсдэлд оруулж байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг. Харин дээрх тогтоолын төслийг баталснаар эрчим хүчний үнийг чөлөөт зах зээлийн горимд шилжүүлэх үндэс суурь тавигдаж байна хэмээн зарим гишүүн тайлбарлаж байна. Гэхдээ бодит байдал дээр хэрэглэгчдийн орлогын түвшин ямар байгааг нарийн судалж үзэхгүй бол уг шийдвэр үр дүнгээ өгөхөөс илүү гай тарьж ч болзошгүй байгаа юм. Тодруулбал, нийт айл өрх, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ямар хугацаанд хэдэн төгрөгийн өртөг бүхий эрчим хүч хэрэглэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэсэн үг. УИХ-ын гишүүд тогтоолын төслийг батлахдаа “Жирийн айлууд сард 150 кВт-аас илүү эрчим хүч хэрэглэх нь ховор. Боломжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд л энэ ангилалд багтана. Тиймээс төлбөрийн чадвар тал дээр санаа зовох зүйлгүй” хэмээж байсан. Энэ бол тэдний барагцаагаар хэлж буй үг. Харин мэргэжлийн байгууллагынхан “Гэр хорооллын жирийн нэг өрх сард дунджаар 20 мянган төгрөг цахилгааныхаа хэрэглээнд төлдөг. Энэ нь үндсэндээ 150 кВт гэсэн үг” гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр бага хэрэглээтэй айл өрх одоогийн тогтоосон үнээр төлөх боломжтой гэдэг нь бараг л үлгэр болж байна. Хэрэглээ нь 150 кВт-аас давах л юм бол эрчим хүчний компаниуд “Зах зээлийн зарчмаар…” гээд өндөр үнэ тогтоох нь тодорхой. Эрчим хүчний зохицуулах газрын Үнэ тарифын албаны мэргэжилтнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ үүнээс гарах хамгийн боломжтой ганц гарц нь хэмнэлт гэдгийг тэд сануулж байв. Үндсэндээ хэрэглээгээ хязгаарлаж, хэмнэлт гаргаж чадсан нь өнөөдрийн хямд үнээр төлбөрөө төлж, харин чадвартай нь шинээр тогтоох чөлөөт үнээр төлөхөөс өөр аргагүй болжээ. Ер нь эрчим хүчний салбарыг бүр унагачихгүйн тулд үнийг чөлөөлөх, үе шаттайгаар нэмэхээс аргагүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Өнөөдрийн мөрдөж байгаа зарчмаар нэг кВт цахилгааны үнэ 79 төгрөг 80 мөнгө байгаа. Харин ирэх онуудад бага, багаар нэмэгдсээр 2013 он гэхэд 110 орчим төгрөг болно гэсэн судалгааг Эрчим хүчний зохицуулах газрынхан хийжээ. Эрчим хүчийг үйлдвэрлэхээс эхлээд хэрэглэгчдэд хүргэх хүртэл түгээлт, дамжуулалт, хангалтын гээд асар их алдагдал хүлээдэг учраас бодит зардлаа тооцож үзвэл дээрх хэмжээнээс ч илүү гарах магадлал бий. Ямартай ч эрчим хүчний үнийг чөлөөлөх эхний алхмыг бага ч гэсэн хийсэн нь энэ. Гэхдээ орлого нь төдийлөн сайжраагүй иргэдийн үүрэх ачаа нэмэгдэхийн зэрэгцээ цахилгаан төлбөр нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл ч байгаа юм.  

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж