Г.Арслан: жагсаал хийдэг арваад хөдөлгөөний олонх нь нам юм уу, баян хүнийг дагадаг

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Г.Арслан: жагсаал хийдэг арваад хөдөлгөөний олонх нь нам юм уу, баян хүнийг дагадаг

Олон асуудлаар эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо гаргаж явсан нэгэн иргэний хөдөл­гөөний тэргүүн Г.Арслантай ярилцлаа. Тэрбээр өмнө хэд хэдэн удаа цаг­даа­гийнханд баривчлагдаж, суллагдаж байсан юм.

 …Тохиролцсон ёсоор 2010 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 17:19 цагт уулзлаа. Ажлын цаг дуусч байх энэ үед бид яриагаа эхлэв. Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслангийн ярианаас нэлээд эрч хүчтэй, дайчин өнгө аяс цухалзана.

-Тантай мөр зэрэгцээд жагсч явсан Ж.Батзандан өө­рийг чинь МАХН-аас иргэдийн хөдөлгөөнд шургуулсан хүн. Тагнуулын ажилтан гэсэн. Үүнийг ч баталсан гэнэ лээ. Таны МАХН-ын үнэмлэхийг үзвэл болох уу. Эсвэл нууц уу?

-/Инээв/. Би МАХН-ын ги­шүүн мөртлөө энэ намыг тараая, хөрөнгийг нь хураая, архивыг нь ил тод болгоё, удирдагчидтай нь улс төрийн хариуцлага тооцъё гэж Сүхбаатарын талбайд суулт хийх үү. Үүнийг та ч санаж байгаа биз. Хэрэв НАХЯ-ны хүн байсан бол С.Баяр гэдэг хүн хэзээний Р.Болдоороо намайг халуулна биз дээ. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Гэхдээ би баярлаж байгаа. Намайг Хятадын тагнуул гэж хэлээгүйд. За өөр ямар асуулт байна?

-МАХН дотроо хөлөө жийл­цээд эхэллээ. Эсвэл тэдний аль нэг фракцынх нь нууц ноёнтон юм уу, та?

-Тэднийг хагаралдаагүй бай­хад буюу 2007 онд би суулт хийж бай­сан юм шүү дээ. МАХН, ком­мунист үзэл хоёрыг би хүлээн зөв­шөөрөхгүй байгаа. Өөрөөр хэл­бэл, аливаа нэг зүйлийг хий­хийн тулд эсвэл 100 мянган хүний амьд­ралыг сайж­руулахын тулд 10 мянган хүнийг хядах нь зөв гэдэг энэ коммунист үзлийг би хэ­зээ ч хүлээн зөв­шөөрөхгүй. “Face book” дээр байгаа миний блогоос намайг МАХН-тай хэзээ ч тохиролц­доггүй гэдгийг харж бол­но. Би чинь Ардчилсан намын 1990 оны хоёрдугаар сарын 18-ны батлах­тай байсан хүн. Харин 1997 байна уу, 1998 онд ч бил үү Ардчилсан намаас гарсан. Уг нь анх­ны гишүүдийнх нь нэг. Баян­зүрх дүүргийн МОАХ харъяалагд­даг. Хэрэв би МАХН-ын хүн бай­сан бол Ц.Элбэгдорж намайг Ерөн­­хийлөгч болсныхоо дараа хий­­сэн хүлээн авалтдаа урихгүй байх. Би гахай жилтэй болохоор намайг юу ч гэж гүтгэсэн тоодог­гүй юм дөө. За өөр ямар асуулт байна?

-Цуг мөр зэрэгцэн жагсч байсан Ж.Батзандан, О.Магнай нар чинь амиа аврахын тулд Ардчилсан намд, М.Ичин­но­ров нь МАХН-д элсчихлээ. Магадгүй хэсэг хугацааны да­раа та МАХН-д элсэх болов уу?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард бид хэвлэлийн бага хурал хийсэн. Бид “Шударга шинэ нам” байгуулна аа гэж. Энэ нам бол аливаа нэг “изм” гэж байхгүй. МАХН шиг зүүний үзэл гэдэг ч юм уу, Ардчилсан намтай иж­лээр барууны үзэл баримтлалыг авахгүй. Зүгээр л шударга амьдар­цгаая гэж. Хэрвээ надад эрх мэдэл байсан бол нам­чирхах үзлийг болиулж зүгээр л сайхан амьдармаар байна.

-Тийм юм бол яагаад та­най­хан нам байгуулах гээд байгаа юм?

-Бидэнд нарт өөрөөр улстөрд ороод, УИХ-д нэр дэвших боломжгүй. Тиймээс энэ намаа байгуулна. Нам байгуулах үйл ажиллагаа эхэлсэн.

-Таныг муулаад байгаа нө­хөд­дөө хариу барихгүй юм уу?

-Ж.Батзандан, О.Магнай нарыг ойлгож байгаа. Залуу хүүхдүүд асуудалд холбогдоод цаазаар авах ял төлөвлөгдөөд байхад айсан биз. Аврал ирээд Ардчилсан намд орсонд нь шууд утгаар нь буруутгахгүй. Ганцхан юу гэж буруутгаж байна вэ гэхээр энэ намд орчихоод иргэний хөдөлгөөн гэж яриад байгаа нь л ард түмний толгойг эргүүлээд байна. Иргэний хөдөл­гөөнүүд чинь намынх юм байна гэж бодно шүү дээ. Олон ч удаа үүнийг хэлж байлаа. Энэ олон хөдөлгөөнөөс эцэст нь манайх ганцаараа үлдэнэ.

-Яагаад?

-Яагаад гэвэл бидний ард ямар нэгэн нам, баян хүн, хандив өгдөг хүн байхгүй. Ард маань зөвхөн зовсон ядуус, борчууд л бий. Анх бид борчуудын нам гэж нэрлэх үү гэж ярьж байсан. Тэгэхээр маш хэцүү. Бидэнд ямар нэгэн сонин хэвлэл байхгүй. Зарчмын хувьд бид луйвар хийдэг нөхдийн бүгдийнх нь эсрэг байгаа учраас тэдний мэдэлд байгаа бүх сонин хэвлэлээр зад гөвүүлдэг. Тийм болохоор иргэдэд өөрсдийн үйлдлийг үнэн, зөв юм байна гэдгийг харуулах маш хэцүү. Тийм дээ ч манай хөдөлгөөн өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр, тамга тэмдэг ч байхгүй. Яагаад гэхээр МАХН-ыг хуулиар хориглоно гэсэн заалт манай мөрийн хөтөлбөрт бий учраас Хууль зүй, дотоод хэргийн яам биднийг бүртгэж аваагүй.

-Манайх чинь ардчилсан нийгэмтэй шүү дээ. Тэгэхээр баяжих, үзэл бодлоо илэр­хийлэх эрхтэй гэсэн үг. Ядуу­сын нам гэхээр тэдний эсрэг байх нь. Ингэхээр нөгөө ком­мунизм руу л халтирна даа?

-Ядуусыг дэмжинэ гэдэг маань баячуудыг буудах асуудал биш. Аливаа нийгэм баян хүнийхээ, сүйхээтэй бизнесмэнийхээ ачаар хөгждөг. Тухайн нийгмийн эдийн засгийг сор нь болсон баячууд нь авч явдаг нь үнэн. Үүнийг яагаад ч өөрчилж чадахгүй. Харин мөнгөтэй болсон хүмүүсийг дотор нь янз бүрээр хуваадаг. Сая М.Энхсайхан гурав хуваасан байна лээ. Харин бид хоёр янзаар дүгнэж байна. Энэ 20 жилд хуруу хумсаа хугалан байж хөрөнгөө босгосон баян хүн ч бий. Тодорхой жишээ хэлэхэд Ерөнхий сайд С.Батболд, “Женко” Х.Баттулга, “МАК”-ын Б.Нямтайшир байна. Энэ мэт хүмүүс хуулийн цоорхой ашиглаад тодорхой хэмжээгээр баяжсан байж болно. Тухайн үедээ тэд хууль зөрчөөгүй л байсан. Тэднээс гадна ямар ч бизнес хийгээгүй мөртлөө баяж­чихсан улс бий. Тэр хүмүүсийн хөрөнгийг хураах шаард­лага­тай. Ардчилсан намынх уу, МАХН-ынх уу гэдэг нь хамаагүй. Тиймээс бид ком­мунизм бай­гуулах гээд байгаа юм биш. Гэхдээ ардчилсан нийгэм маань өөрөө юу вэ гэдгийг бид ярих хэрэгтэй. Дэлхий дээр төгс ардчилал алга шүү дээ. Америкийг яриад байдаг гэтэл сая гарсан Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” гэдэг номыг уншсан хүн бол тэд ядуу буурай орнуудыг асар их өрөнд унагаж, зээл өгч байгаад л байгалийн баялгийг нь зүгээр авдаг гэдгийг мэднэ. Тэгэхээр хүн төрөлх­төний хүсээд байгаа зүйл ардчи­лал мөн үү гэдгийг асууж үзэх хэрэгтэй. Гэхдээ түүнээс илүү хувилбар одоохондоо алга. Америк баян мөртлөө гуйлгачидтай хэвээрээ л байна. Бид ганцхан хууль бусаар баяжсан хүмүүстэй л хариуцлага тооцъё гэж байгаа юм. Энэ үзлийг ямар гэхийг нь мэдэхгүй ч коммунист бол биш.

-Уучлаарай. Та НАХЯ-наас хэзээ гарсан юм бэ?

-Намайг тэгж хэлээд байгаа. Хэрэв тийм байсан бол алуурчин С.Баяр ТЕГ-ын дарга Равдангийн Болддоо хэлээд намайг хасуулна. Байхгүй болгоно шүү дээ. Тиймээс утгагүй хэрэг /инээв/.

-Тэгж л яриад байх юм билээ. Сая Ардчилсан хувьс­галын 20 жилийн ой боллоо.
-За, тэглээ.

-Бүгдээрээ л ядуу, тэгээс эхэлсэн хүмүүс энэ 20 жилийн хугацаанд шударгаар хөдөл­мөрлөөд өнөөгийн баячууд шиг мөнгө хураачих боломж бололцоотой байсан гэж та үздэг үү?

-Хэрвээ нийгэм шударга байсансан бол, хууль нь хууль шиг байсан бол хэн ч ингэж баяжиж чадахгүй. Гэхдээ өнгөр­сөн түүхийг сөхөөд мөнгийг нь хураана гэвэл байж болохгүй асуудал. Тэгвэл жинхэнэ коммунизм болно. Би үүний эсрэг байгаа. 2,7-хон сая Монгол биенээ хядаж болохгүй. Харин хариуцлага тооцох тухай асуудал бий. Тийм хууль ч батлах ёстой.

-Хэлээд байгаа хүмүүс чинь хууль батлагчид шүү дээ. Өөрөө өөртөө шорон бариад суудаг хүн байх уу?

-Миний санал л юм даа. Надад тийм эрх мэдэл нь байдагсан бол энэ хоёр намын хөрөнгийг хураах ёстой. Нэг зүйлийг хэлэхэд сүүлийн таван жилийн дотор Сүхбаатарын талбайд жагсч байсан иргэний хөдөлгөөнүүдийн ихэнхийнх нь ард хэн байдгийг би сайн мэднэ.

-Хэн хэний захиалгаар ямар хөдөлгөөнүүд юу хийж байсан юм бэ?

-Ард нь хэн байдгийг сайн мэднэ. Юу хийх гэж яадаг. Мөнгөний төлөө явдаг уу, эрх мэдлийн төлөө байна уу гэдгийг ч мэднэ. Харин манайх шиг хөдөлгөөн маш цөөхөн. Тийм учраас манайхан уул уурхайн компаниудтай уулзах уулзалтад очдоггүй. Яагаад гэхээр хэл аманд орно шүү дээ. Австрали руу хүртэл биднийг урьж байсан. Яваагүй.

-Тэгвэл МАХН-ын ямар иргэний хөдөлгөөн байдаг юм бэ. Тэдний хөдөлгөөнийг юу гэж нэрлэдэг юм?

-Жишээ нь”Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг анх гарч байхад МАХН-ын Н.Энхбаяр “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг эрүүлжүүлье” гэдэг хөдөлгөөн гаргаж ирээд Чойжин ламын сүмийн эсрэг талд улаан тоосгон байшинд байрлуулж байсан.

-Хэн нь хэний хөдөлгөөн гэдэг нь сонирхолтой байна. Тэрийг нь хэл л дээ?
-Одоохондоо, ялангуяа энэ дөрөвдүгээр сарын 5-нд болох жагсаалын өмнө тэр хөдөлгөөн нь тэрнийх гэж хэлмээргүй байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ үйл ажиллагааг саармагжуулахыг би хүсэхгүй.

-Танд ямар сонирхол байгаа юм?

-Ямар сонирхол байна вэ гэвэл УИХ-ыг тараах нь зөв. Тэдний зорилго минийхтэй нэгдэж байна. “Амлалт нэхэх хөдөлгөөн”-ий ард Н.Энхбаяр байна гээд сонин хэвлэлээр ч бичээд байгаа. Магад ч үгүй. Гэхдээ хамаа алга.

-Харин ч тэр тусмаа хэлэх ёстой юм биш үү. Иргэдийг дагуулаад долдугаар сарын 1-нд болсон үймээн шиг юм болбол яана. Иргэд л хохироод өнгөрсөн шүү дээ. Та ч өөрөө тэглээ гэж суулт хийгээд л байсан биз дээ?

-Долдугаар сарын 1-ний явдал өөр хэрэг. Энэ амлалт нэхэх гээд байгаа хөдөлгөөний  гол зорилго нь миний ойлгосноор амласан мөнгийг нь өгүүлэх. Өгч чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ыг тараах асуудал тавих нь бас л ойлгомжтой. Түүнтэй нэгдэж байгаа учраас тэр. Бид хэлж байсан. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байгаа чөтгөртэй ч нэгдэхэд бид бэлэн гэж. Тэглээ гээд Н.Энхбаяртай шууд гар бариад нэг дээвэр дор ороогүй. Энэ дөрөвдүгээр сарын 5-ныг Н.Энхбаяр санхүүжүүлж байгаа ч юм бил үү, мэдэхгүй шүү дээ.

-Та юу гэж бодож байна?

-Би бол тийм байх л гэж боддог. Тиймээс сүүлийн үеийн ийм үйл ажиллагаанд манай фронт нэг их идэвхитэй оролцохоо больсон. Тэглээ гээд Н.Энхбаяр буцаад гарч ирж чадахгүй.  Н.Энхбаяр чинь өөрөө Оюутолгойг худалдах эхлэлийг тавьсан хүн шүү дээ. 2003 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ашиглалтын дөрвөн лицензийг “Авейнхоу майнз” компанид 50 сая ам.доллараар зарсан хүн.

-Тэгээд Н.Энхбаяр яагаад дөрөвдүгээр сарын 5-нд гэрээг эсэргүүцэж жагсаал хийлгэх гээд байгаа юм бол?

-Н.Энхбаяр хийлгэж байгааг батласан хүн байхгүй. Гэхдээ ард нь байгааг таван жил улстөрд байсан хүний хувьд би мэдэж байна. Яагаад гэхээр С.Баяраасаа өшөө авах гэж байгаа. С.Баярын хувьд долдугаар сарын 1-ний үйл явдалд яалт ч үгүй хариуцлага хүлээх ёстой. Тэр хүн тэр өдөр Ерөнхий сайд байсан. Хариуцлагаа үүрэх ёстой. Н.Энхбаяр ч, Хууль зүйн сайд нь ч хариуцлага үүрэх л ёстой. Ингээд бод л доо. Би С.Баярын эсрэг байна. Н.Энхбаярын ч эсэргүүцэж байгаа биз. Өөр хэний талд байж болох вэ?

-Ц.Элбэгдоржийн талд?

-Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуулиар манай фронт дэмжсэн. Би шууд хэлчихье. Өөр боломж байсангүй. Хоёр хулгайчийн арай гайгүйг нь гаргахыг л бид дэмжсэн. Ингэхээр би Ц.Элбэгдоржийн эсрэг байна. Өөр хэний талд байж болох вэ? Надад хэл л дээ!

-МАХН-ын Жигүү­рийнх­нийн талд?

-/Инээв/.
-Тэд чинь бас тань шиг намаа байнга эсэргүүцдэг нөхөд?
-Би хэлсэн шүү дээ. Ардчилсан, МАХН-ын алиных нь ч хүн биш ээ. Жигүүрийнхэн чинь мөн л Хувьсгалт намын коммунистууд шүү дээ. Тэднийг хоёр хувааж болно. Нэг хэсэг нь ортодокс /хуучинсаг үзэлтнүүд/ коммунистууд буюу Лениний үзэл бодолтой ботиудыг нь уншаад итгэчихсэн хүмүүс. Харин өнөөдрийн хувьд амбицаа бодоод Хувьсгалд намд орсон нь олон. Тэд бол аймхай хүмүүс. Тэд юу гэж боддог вэ гэхээр энэ намын эрхшээлд ороод, гишүүн нь болоод албан тушаал дээшилье гэж боддог. Тийм хүмүүсийг зоригтой, шударга гэж хэлэхэд хэцүү. Би бол зоригтой, шударга учраас альтай нь ч нийлдэггүй.  Ойлгомжтой асуудал.

-Тийм юм байж. Та зоригтой хүн гэсэн мөртлөө дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалын ард хэн байгааг хэлэхгүй байя гэлээ…?

-Н.Энхбаяр байгаа гэдгийг мэдэж байгаа ч батлаж чадахгүй шүү дээ.

-Тэгвэл танд ямар нэгэн байдлаар нэгдэх санал тавьсан уу?

-Энэ жагсаалаас өмнө нь бид Оюутолгойн гэрээг эсэргүүцэж жагссан. Хэвлэлийн бага хурлыг нь би зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж оролцсон. Идэвхитэй оролцсон гэж ойлгож болно. Гэхдээ аажимдаа би  шахагдаад гарсан. Шударга хүн чинь ийм нийгэмд үргэлж ганцаардаж байдаг юм.

-Яаж шахах уу?

-Хэрвээ би тэдэнтэй нэгдээд 5-нд жагсвал Н.Энхбаярын гар хөл болоод явж байна гэх учраас оролцохгүй ээ. Хэн санхүүжүүлж байгааг нь баримтаар нотолж чадахгүй л дээ. Гэхдээ цаана нь Н.Энхбаяр байгааг мэдэж байгаа. Хэрэв энэ жагсаал амжилттай болбол Н.Энхбаяр эргээд гараад ирэх боломжтой болно. Үүнийг мэдэж байгаа учраас сэрэмжлүүлээд байгаа юм. Н.Энхбаярын тоглоом болчих вий гэдгийг л дахин дахин сэрэмжлүүлмээр байна. 

-Нэг хэсэг та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “TV-9” телевизээр өдөр болгон гарсан. Ойрын үед харин харагдсангүй?

-Шинэ жилээс хойш намайг гаргахаа больсон.

-Яагаад?

– Яагаад гэхээр телевизээр нь “Оюутолгойн гэрээг эсэргүүцээд байгаа Н.Энхбаяр гэдэг хүн чинь өөрөө энэ бүхнийг эхлүүлсэн хүн шүү дээ” гээд хэлчихсэн юм. Н.Энхбаяр нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшиж чадаагүй. Улс төрийн амьдралаас С.Баярын гайгаар хусагдсан болохоор өшөө авах гээд л үзэж байгаа юм. Хоёр хулгайчийн л хоорондын тэмцэл. Түүнээс ард түмний төлөө юм хийе гэсэн хүсэл хэнд нь ч байхгүй.

-Надад бол өнгөрсөн намар Сүхбаатарын талбайд суулт хийж байгаад баригдсанаасаа хойш мохоод чимээгүй болчихов уу гэж санагдаад байгаа?
-2008 онд шүү дээ.

-Тэрний дараа бас нэг цагдаагийнханд баригдсан. Түүнээс хойш л Г.Арслан гэдэг хүн чимээгүй болчихсон шиг?

-Үгүй. Тийм юм байхгүй.

-Та одоо болох жагсаалын дараа өөрөө жагсаал хийх үү?

-Энэ талбайд жагсаал, цуглаан хийдэг арваад хөдөлгөөн бий. Тэдний олонх нь нам юм уу, баян хүнийг дагасан хүмүүс байдгийг би түрүүн хэлсэн.

-Тэрийг нь хэлэхгүй бол хэлээд ч хэрэггүй юм биш үү. Муу нуухаар сайн илчилчихвэл яасан юм бэ. Үгүй дээ тэд нь МАХН-ынх, тэд нь Ардчил сан намынх гээд хэлчихэж болохгүй юу?

-Гарцаагүй мэднэ. Яг шударгаар үнэн үгээ хэлж байгаа нь хоёрхон бий дээ. Тэгээд л үлдсэнийг нь бодчихгүй юу. Тэд тодорхой хэмжээгээр мөнгө хийдэг. Энэ таван жилийн хугацаанд амьдрал нь эрс дээшилсэн, тийм л хүмүүс байдаг. Миний амьдрал бол энэ таван жилд хэвээрээ л байгаа.

-Та ер нь захиалгаар, эсвэл мөнгө авч жагсаал хийж үзсэн үү?

-Тийм юм байхгүй. Сэтгэл зүрх байвал мөнгөтэй мөнгөгүй оролцдог байх ёстой л гэж ойлгодог.

-Жагсаад, орилоод явж байхад чинь ар гэрийнхэн чинь хэцүүдэхгүй байна уу. Яаж болгодог юм бэ?

-Би чинь 52 дахь насаа насалж байна. Ерэн онд би “Улаанбаатар” зочид буудлын баарны эрхлэгч байсан. Тэр үед надад 12 мянган ам.доллар байлаа. Тухайн үед энэ баячууд доллар барьж үзээгүй байсан цаг шүү дээ. Би хуучнаар БНАГУ-д Барилгын тооцооны инженер мэргэжлээр төгссөн. Үндсэн мэргэжил минь юм. Мөн Германд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр төгссөн. Англи, Герман, Орос, жаахан Япон хэлтэй. Хоолныхоо мөнгийг хаанаас ч олоод явж чадна. Орчуулга хийдэг ч юм уу тээ.

-Та тэгдэг юм байж. Таныг дагаад явдаг ч гэх үү, үзэл бодлоороо нэгддэг хүмүүс чинь юм уу яаж болгодог юм бол. Та арыг нь даадаг юм уу?

-Маш хэцүү. Суулт хийлээ гэхэд өдрийн хоолныхоо мөнгийг хандивын хайрцаг ажиллуулаад л олдог. Жаахан илүү гарвал лоозон, самбар хийх л мөнгө олддог. Намайг дэмждэг маш олон хүн байдаг.

-Өндөр албан тушаалтай юу?

-Тэдний дунд УИХ-ын гишүүн ч юм уу, олигархууд байхгүй. Яах вэ, найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг, жижиг ресторан, баартай найзууд байлгүй яах вэ. Тэд чиний тэмцлийг дэмжиж байна. Хамт оролцмоор байгаа ч аж ахуй эрхэлдэг болохоор ил тод гараад ирэхээр дарамтлаад байна гэдэг. Тийм л найзууд. Тэртэй тэргүй гэртээ идэх хоолгүй өлсөөд, түлэх түлээгүй даарч байгаа хүмүүсийн хувьд бидэнтэй нийлээд талбай дээр зогсоход  алдах юмгүй. Талбай дээр өлсөөд, даараад байж байя гэж бид хэлдэг. Бид өөрсдийг нь эсэргүүцэж байгаа болохоор олигархууд дэмжихгүй нь ойлгомжтой. Тэд бидэнд дургүй.

-УИХ-аас долдугаар сарын 1-ний талаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үед үймээнд оролцсон хүмүүсийн ялын дүгнэлт, шүүхийн шийдвэр канондчихсан юм шиг адилхан байсан. Зөвхөн нэр л өөр байсан гэдгийг хэлж байсан. Таныг 14 хоног баривчлахдаа ямар ял тулгасан юм бэ?

-Намайг захиргааны зөрчилтэй. Зөвшөөрөл аваагүй суулт хийсэн гэсэн. Өнөөдрийн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй ямар хуульд суулт хийхийг хориглосон зүйл, заалт байхгүй. Бид суулт хийнэ гэдгээ албан ёсоор бичгээр өгсөн. Суултаа хийсэн. Зөвшөөрөл авна гэсэн ойлголтгүй байхад өөрсдөө хуулиа зөрчсөн. Түүнээс би тэнд хүн зодож, чулуу шидээгүй. Өөрөө түрүүн асуулаа. Долдугаар сарын 1-нээс дуугүй болчихлоо гэж. Дуугүй болоогүй шүү дээ. Долдугаар сарын 29-нд суулт хийсэн. 2009 оны хавар анх бас л Сүхбаатарын талбайд Оюутолгойн асуудлаар гарсан юм. Дараа нь иргэний хөдөлгөөнүүд бас гараад ирсэн. Дуугүй байх ч үгүй. Ард түмнийг нойрноос нь сэрээхэд мөнгө хэрэгтэй нь үнэн. Ядаж бид шаардлагаа 100 мянган хувь канондаад гаргая гэхэд л мөнгө хэрэгтэй. Тэр болгоныг найз нөхдөөсөө үргэлж гуйгаад байхад маш хэцүү. Зарим ч дуртай өгдөг байх. Зарим нь дургүй ч байдаг биз. Тэгээд өглөө гэхэд  тав, арван мянгаар нь өгнө үү гэхээс таван сая, арван саяар нь өгнө гэж байхгүй шүү. Бидний тэмцэл бол маш хэцүү. УИХ-д нэр дэвшлээ гэхэд л маш их мөнгө хэрэг болдог. Би хамгийн бага зардал гаргасан ч сая гаруй төгрөг болсон. Өнөөдөр аль ч сонин, телевизээр биднийг гаргадаггүй. Яагаад гэхээр бид дэндүү шударга юм ярьж байгаа учраас…

-Шударгадаа байна уу, эфирийнх нь цагийн мөнгийг өгч чадахгүйдээ байна уу?

-Аль аль нь. Хамгийн гол нь гаргадаггүй. Хэрэв бид хэн нэгнийг магтаад ярья гэвэл зөвшөөрнө. Эсвэл болзол тавьж яриулдаг.

-Ямар?

-Тэр хүнийг битгий муулаа­рай гэж. Түүнийг нь хүлээн зөвшөөрвөл яриулдаг. “ТВ-9” гэхэд л Н.Энхбаярыг л битгий муулаарай гэдэг. Тэрийг нь зөрчөөд Н.Энхбаярыг муулчих­сан чинь намайг гаргахаа больчихсон.

-Та УИХ-ын нөхөн сон­гуульд нэр дэвшээд морь тэрэгтэй сурталчилгаа хий­гээд явж байсан. Таныг нөгөө нэр дэвшигчдээсээ мөнгө аваад олигтой сурталчилгаа хийгээгүй гэсэн яриа ч байдаг?

-Дарханд нэр дэвшихдээ ч би морь тэрэгтэй орсон. Сая ч Чингэлтэйн нөхөн сонгуульд тэгэж оролцсон. Моринд дур­тайдаа биш шүү дээ. Нэгд, бензин зарахгүй. Боломжоороо хүмүүст илүү ойр дотно хүрдэг. Бид өглөөний 10,00 цагаас оройн 23 цаг хүртэл хоолойгоо сөөтөл, хоолойгоо идээлтэл сурталчил­гаагаа хийж байсан. Тэрийг хүч тавиагүй гэх үү. Өөрийнхөө бүх чадлаар л үзсэн дээ. Харам­салтай нь, сонгуулийн тойргийн 23 хорооны нэгд нь л манай ажиглагч байсан. Бусдад нь байхгүй болохоор тэд нар улайм цайм луйвардчихсан л даа. Сонгуулийн дүнгээр Г.Арслан 300 хүний санал “авсан” гэж гарч байгаа юм. Нэр дэвшихийн тулд л гэхэд 801 хүний гарын үсэг цуглуулдаг юм шүү дээ. Хамгийн багаар бодоход надад тэр 801 нэг хүн санал өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, улайм цайм луйвардсан. Ганцхан жишээ хэлэхэд, Чингэлтэй дүүргийн II хорооноос миний төлөө 216 хүн гарын үсэг зурсан. Энэ 216 бол манай фронтын гишүүд, дэм­жигчил, хамаатан садан, танил тал ах дүү нар байгаа юм. Тэгэхэд тэр хорооны дүн гара­хад 16 хүн саналаа өгсөн гэж бай­гаа юм. Нөгөө 200 нь хаачсан юм бүү мэд. Цэвэр луйвар л хийсэн.

-Одоо сонгуулийн хуулийг өөрчлөх талаар ярьж байгаа шүү дээ?

-Одоогийн УИХ яах вэ гэхээр хууль гаргана. Тэгэхдээ 2012 онд ямар хүн нэр дэвших шалгуурыг нарийвчилж өгөх байх. Тэр нь юу байх вэ гэхээр нүдэндээ шилтэй хүн болохгүй, өндөр тэдээс дээш байна гэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Ер нь л өөрсдийнхөө төлөө хийх бас нэг луйвар нь л байна дөө. Энэ олигархууд чинь 90 оны Улс төрийн товчоотой адил шууд огцроод өгөхгүй шүү дээ. Аль нам нь ч ялгаагүй. Эд чинь хорь гучин үеэрээ идээд барахгүй хөрөнгөтэй болчихсон. Энэ асар их хөрөнгөө зүгээр алдахыг хүсэхгүй. Бид неокоммунистууд биш. Хамгийн гол нь асар баян орны иргэд яагаад ядуу амьдарч байна вэ гэдэгт л асуудлын гол нь байна. Доха нийслэлтэй Катар шинэ төрсөн хүүхэддээ 500 мянган доллар өгч байна. Дэлхийн нефтийн нөөц 30 жилийн дараа, Катарынх 25 жилийн дараа дуусна. Манайх тэднээс хэд дахин баян орон шүү дээ. Гэтэл яагаад гуйлгачин байгаад байна вэ. Ард түмнийх нь амьдрал дээшлэхгүй юм бол ардчилал байгаад алтаа ухаад ямар хэрэгтэй юм бэ. Аль нэг “изм” бидэнд хэрэггүй. Яагаад Монгол Улс дэлхийн анхны намгүй улс болж болохгүй гэж. Америк, Оросыг дагах албагүй. Би яагаад Оюутолгойн гэрээг эсэргүүцээд байна гэхээр хэрэв энэ гэрээ энэ хэвээрээ батлагд­вал дараагийн стратегийн 15 орд яг энэ жишгээр батлах болно. Өөрөөр хэлбэл, монголчуудад ойрын 50 жил хойноос биш урдаас заналхийлж байгаа. Хятадууд Монголын эдийн зас­гийг атгачихлаа. Дараа нь улс­төрч­дийг нь атгана. Тэгвэл Мон­гол байхгүй болсонтой ялгаагүй. Монгол орших уу эс орших уу гэдгийг л бид яриад байна.

-Баярлалаа. Таны тэмцэлд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж