Тайширын станцыг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Тайширын станцыг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулна

Д.Зорилт: Тайширын станцыг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулна

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний  шинэч­лэлт”-ийн төслөөр өргөтгөсөн Улаанбаатар дэд станцын 220 килоВаттын ил хуваарилах байгууламж ашиглалтад орлоо.  Дэд станцын нээлт өнгөрсөн баасан гарагт болж, салбарын яамны төлөөлөгчид болон энэхүү дэд станцыг угсарсан  “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийнхан оролцсон юм.  Дэд станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хотын зүүн хэсгийн дагуул хотын эрчим хүчний доголдол үгүй болох аж. Мөн Багануур-Чойрын чиглэлийн болон говийн бүсэд  шинээр баригдаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэгцээг ч хангах юм байна.  Шведийн “АББ”, Италийн  “COELME” компанийн  олон улсын стандарт хангасан тоноглолуудыг дэд станцад захиалгаар суурилуулсан бөгөөд зүүн бүсийнхнийг 30 жилийн хугацаанд цахилгаан тасарна гэсэн айдсаас ангижруулсан тухайгаа угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн  инженерүүд хэлж байлаа.  Үүнээс гадна эрчим хүчний салбарынхан ч томоохон компаниудын цахилгаан тасрахад бий болдог өрөнд орохгүй байх бололцоо бүрджээ. Энэ талаар төслийн удирдагч Д.Жамъяандорж “Нэг минут цахилгаан тасалсныхаа төлөө эрчим хүчний салбарынхан ихээхэн өрөнд орох нь бий. Тухайлбал, 2007 онд “Эрдэнэт” үйлдвэ­рийн  хоёр тээрэм цахилгаан тасарсны учир 15 минут сул зогссоныхоо төлөө 273 мянган ам.доллар шаардаж байсан удаатай. Ийнхүү дэд станцыг өргөтгөснөөр зүүн бүсийн аймгуудад түгээх цахилгааны найдвартай байдал хангагдаж байна” хэмээсэн юм.   Нээлтийн үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Дэд станцын өргөтгө­лийг санхүүжүүлэхэд хэ­дий хэмжээний хөрөнгө шаар­дагд­сан бэ?

-Гадны зээл тусламжаар 10,3 сая ам.даллар, дотоодын хөрөнгө оруулалтаар 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт орсон. Гадны зээл тусламжийн 70 гаруй хувь нь буцалтгүй тусламжийн шугамаар, 28 хувь нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр санхүүжсэн.  Энэхүү төсөл нь таван жилийн хугацаатай хэрэгжсэн. Монголын эрчим хүчний салбарт сүүлийн 20 жил ийм том хэмжээний ажил хийгдээгүй. Өмнө нь дэд станцын өргөтгөлийн ажлыг ОХУ-ын инженерүүд л хийдэг байсан. Харин энэ удаад монгол инженерүүд хийж чадлаа.

-Зүүн бүсийн цахилгаан түгээлт найдваржлаа. Ха­рин баруун бүсийнхэн одоо болтол харанхуй хэвээр л байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Ирэх жил Говь-Алтай аймгийн таван сумыг цахилгаанаар хангана. Тайширын усан цахилгаан станцын туршилтын ажил дууссан. Ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн баруун бүсийн дэд станцуудын хүчин чадлыг нэмсэн. Ирэх онд Говь-Алтай аймгийг цахилгаанаар бүрэн хангахаар ажиллаж байгаа. Биелэх нь ч тодорхой болсон.  Харин 2012 оноос Завхан аймгийн цахилгааны асуудалд төвлөрч ажиллана. Энэ хүрээнд Могойн голын цахилгаан станцын ТЭЗҮ-г баталж, барилга байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.

-Тавдугаар цахилгаан станц барих ажилд япон­чууд хөрөнгө оруулах сонир­хол­той байгаа гэсэн. Судал­гааны ажил хэр шатанд явж байна?

-Тавдугаар цахилгаан станцын судалгааг хийж байна. Ирэх хоёрдугаар сарын эхээр судалгааг дуусгасны дараа тендер зарлана. Тйимээс ирэх онд багтаж гэрээ байгуулна гэж найдаж байна. Хөрөнгө оруулах саналуудыг судалж байна.  

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж