”Рио Тинто” Хятадаас хараат болсоор

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

”Рио Тинто” Хятадаас хараат болсоор

”Рио Тинто” Хятадаас улам бүр хараат болж байна

“Рио Тинто” “Чайналко” хоёрын түншлэл улам зузаарч байна. Тэд хамт­ран Хятадад зэс, нүүрсний хай­гуул  хийхээр болжээ. “Рио Тинто”-гийн тэргүүн Том Албанез энэ талаар “Бид Хятадтай хамтын ажил­лагаагаа улам өргөтгөх болно. Түүнч­лэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх хангалтгүй. Боломжийг илүү их ашиглаж, эрэл хайгуул хийх хэрэг­тэй” гэсэн байна. Хятадын хойд, зүүн хойд нутгуудад хайгуул хийх ба 2011 оны эцэс гэхэд энэ ажил дуусах аж. Гео­логичдын үзэж байгаагаар эндээс нэ­лээд их хэмжээний нөөцтэй уурхай олдох магадлалтай байгаа юм. “Рио Тинто” 1995 оноос Хятадад хэд хэдэн хай­гуул хийж байжээ. Ингэхдээ гол төлөв зэс, никелийн уурхайд анхаарал хандуулж байв. Хайгуулын шинэ төслийн 51 хувийг “Чайналко”, 49 хувийг “Рио Тинто” эзэмших юм. Эхний ээлжинд нийт таван газар хай­гуул хийх ба үүний зардалд 10 сая ам.доллар зарцуулахаар болжээ.

Сүүлийн үед олон улсын биржүүд дээр зэс, коксжсон нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа. Хятадын хувьд кокжсон нүүрсний хэрэглээ асар их. Гэтэл эрэлт их байлаа гээд үнийг нь дагаад хөөргөчихөж бо­лох­гүй учир тус улс хүчээр хэрэг­лээгээ бууруулах замаар зах зээлд нөлөө­лөхийг оролдож байгаа. Үүнтэй зэрэг­цэн дотооддоо хайгуул хийж, шинэ уурхай нээх нь үнийн хэт өсөл­тийг зогсооход ашигтай. Зэс алт­ны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж бай­гаа гэх манай Оюутолгойн ордын бүтээг­дэхүүний гол зах зээл нь Хятад. Гэвч 2013 оноос ашиглалтад оро­хоос нь өмнө Хятадын Засгийн газ­раас инфляцийг барих зорилгоор мөнгө­ний бодлогоо хумьж, нөөц ихтэй шинэ уурхайнууд ашиглалтад оруулах бололтой.

“Рио Тинто”, “Чайналко” хоёр зөв­хөн шинэ хайгуул хийгээд зогссон­гүй, хуучин хөрөнгө оруулалтаа ч өргөтгөжээ. Тэд энэ сарын 2-нд Австралийн өмнөд хэсэг дэх “Channar” төмрийн хүдрийн уурхайн төс­лийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорил­гоор хамтын хөрөнгө оруу­лалттай “Sinosteel” корпорацитай шинэ гэрээ үзэглэжээ. Анхны тоо­цоо­гоор уг уурхайгаас 2012 он гэхэд 200 сая тонн бүтээгдэхүүн гар­гах төлөвлөгөөтэй байсан. Харин “Sinosteel”-тэй хийсэн шинэ гэрээ нь төмрийн хүдрийн олборлолтыг нэмэг­дүүлэхэд чиглэсэн. Тийм ч учраас шинэ гэрээний дагуу 2012-2017 онд 50 сая тонн төмрийн хүдэр нэмж үйлдвэрлэнэ гэх урьдчилсан тоо­цоог компанийн мэргэжилтнүүд нь гаргажээ.
Өнгөрсөн намар “Рио Тинто” “BHP Billiton”-той хамтран Австралийн төмрийн хүдрийн уурхайд хөрөнгө оруу­лах сонир­холтой байгаагаа илэрхийл­сэн. Гэвч энэ нь нутгийн иргэдийн зүгээс хүч­тэй эсэргүүцэлтэй тулгарч, цаашлаад үнийн чөлөөт өрсөлдөөнийг үгүй хийнэ гэх болгоомжлолыг австра­личуудын дунд төрүүлсэн билээ. Үүнээс дэлхийн уул уурхайн гигант хоёр компани хамтын хөрөн­гө оруулалтаа зогсоохоос өөр арга­гүй болсон юм. Энэ талаарх шийд­вэр гараад удаагүй байтал ийн “Чайналко” “Рио Тинто”-той хамтын ажил­ла­гаагаа өргөтгөхөөр болжээ. “Рио Тинто”-гийн хувьд “Sinosteel”-ийн бүтээгдэхүүний гаралтыг 50 сая тон­ноор нэмэгдүүлэх сонирхолтой бай­гаа юм. Тус компани саяхан Пилбара дахь “Syncline” уурхайд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн есдүгээр сард тус бүс нутагт нэмж 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн долдугаар сард тус компани ойрын таван жилийн төлөвлөгөөндөө Пилбара дахь уурхайнуудын бүтээгдэхүү­ний гарцыг 50 хувиар нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Тиймээс уг зорилтдоо хүрэхийн тулд шаргуу “хөдөлмөрлөж” байгаа нь энэ юм. Түүнээс гадна Австралийн алмазны “Argyle” уурхайд 800 сая ам.доллар, Гвинейн “Симанду”-д “Чайналко”-той хамтран 563 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.

Ирэх он гэхэд хөрөнгө оруулал­таа гурав дахин нэмэгдүүлнэ гэх урьд­чилсан прогнозтой байгаа “Рио Тинто”-гийн хувьд тэр их бүтээгдэхүү­нийг нь шингээх урт хугацааны хам­тын ажиллагаа бүхий газар байх хэрэг­тэй нь ойлгомжтой. Тэр зах зээл нь Хятад гэдэгтэй ч маргах аргагүй. Ирэх 2012 он гэхэд дэлхийн төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны эрэлт хоёр дахин нэмэгдэх тооцоо байгаа. Үүний гол хөдөлгөгч хүч нь Хятад юм.

“Рио Тинто” өмнө нь Хятадын “Чайналко”-гийн хөрөнгө оруулал­таас татгалзаж, 19.5 тэрбум ам.долларын торгууль төлж байв. Гэтэл өнгөрсөн хавраас компанийн­хаа гурван ажилтныг золионд гарган байж, буруугаа хүлээн “Чайналко”-г шинэ түншээрээ сонгосон юм. Тухайн үед “Bloomberg”-ийн мэдээлж байснаар шинэ гэрээ хийгдсэнээр хөнгөн цагаан, зэс, төмрийн хүдрийн хамтарсан компаниудыг байгуулах стратегийн түншлэл бий болжээ. “Чайналко” Австралийн Квинслэндэд орших “Рио Тинто”-гийн мэдлийн Вейпагийн бокситын уурхайн 30 хувийг шууд бусаар, Чилийн Атака­мын цөлд байрладаг зэсийн Эскондид төсөлд “Рио Тинто”-гийн эзэмшдэг 49.75 хувийг, Индонезийн зэс алтны Грасберг уурхайн 30 хувийг шууд бусаар эзэмших болсон. Үүнээс гад­на өөр олон уурхай, боловсруулах үйлдвэ­рүү­дийн тухай яригджээ. Харин манай Оюутолгой төсөл яах бол гэх болгоомжлол нэлээд газар авсан. Өнгөрсөн долдугаар сард “Чайналко”-гийн удирдлага Монго­лын Оюутолгойд хөрөнгө оруулж, хамтрах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. “Рио Тинто” ч түүнийг нь дэмжих бодолтой байв. Харин “Айвенхоу Майнз” үүн дээр нь дөрөөлж, жижиг хувьцаа эзэм­шигчийн эрхийг хамгаалсан баримт бичиг гээч юм гаргаж ирсэн билээ. Үүнээс болж Канадын арбитрын шүү­хэд дуудагдаж, асуудал одоо хүртэл эцсийн шийдээ олоогүй байна.

Дэлхийн түүхий эдийн зах зээлийн эрэлт Хятадаас хамааралтай болсон энэ цаг үед “Рио Тинто” дахь “Чайналко”-гийн эрх мэдэл улам нэмэгдсээр байх юм.
Дашрамд дурьдахад “Wikileaks”сайтад “Рио Тинто”-гийн тухай шинэ мэдээлэл тавигджээ. “Рио Тинто”, “Чайналко” хоёр хамт­ран ажиллах эхний оролдлого бүтэл­гүйтэж, торгууль төлж байсан тухай дээр дурьдсан. Үүнд уул уурхайн гигант “BHP Billiton” Австралийн Засгийн газарт лобби хийсэн нь нөлөөлсөн гэж “Wikileaks” сайтад уржигдар мэдээлжээ. Одоогийн байд­лаар Австралийн Засгийн газар сайтын мэдээлэлд албан ёсны хариу өгөөгүй байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж