
Макро эдийн засгийн хувьд төсвийн урсгал орлого энэ оны эхний 11 сард 2.602 тэрбум төгрөг болж, урсгал тэнцлийн хувьд 669 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Мөн татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 916 тэрбум төгрөг буюу 65.3 хувиар нэмэгдсэн байна. Татварын бус орлого ч нэмэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 6.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин гадаад худалдааны хувьд манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар дэлхийн 130 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5421 сая доллараар үнэлэгдэж байна. Үүнээс экспортын хувьд 2550 сая доллар, импорт 2871.1 сая долларт хүрчээ. Нийт барааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1831 сая доллар буюу 51хувиар өсч, экспорт 52 хувь, импорт 50 хувиар тус, тус өссөн байна. Экспортын 94.8 хувийг зэс, нүүрс, нэхмэл эдлэл, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйл эзэлж байна.
Харин эдийн засгийн дээрх үзүүлэлт ажилгүйдэл буурсан гэх таатай мэдээллийг дагуулсангүй. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо арваннэгдүгээр сарын эцэст 41 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1000 шахам хүнээр буюу 2.2 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (157 хүн), Ховд (293 хүн), Дундговь (299 хүн), Хэнтий (333 хүн), Архангай (430 хүн), Төв (439 хүн), Өмнөговь (472 хүн), Завхан аймагт (881 хүн) өссөн нь ажилгүй иргэдийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ. Харин улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 17933 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 650 хэрэг буюу 3.5 хувиар буурсан байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин