Монголын төр бүтэн жилийн төсвөөрөө дэнчин тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Монголын төр бүтэн жилийн төсвөөрөө дэнчин тавилаа

Төмөр барс жил алт олборлогчдыг сүүлээрээ шарван УИХ-аас баталсан хуулийн дагуу алтны 254 лицензийг хураасан. Гэвч хуульд заасны дагуу нөхөн олговроо одоо болтол өгөөгүй байна. Эх үүсвэр нь тодорхойгүй энэ мөнгийг цаашид өгөх эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Нөхөн олговрыг олгоход ойролцоогоор 8-10 их наяд төгрөг төлнө гэнэ. Суутгасаар байгаад дөрвөн их наяд төгрөг болголоо гэхэд манай улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэж байна. Юун 38 тэрбум төгрөгийг төсөвт оруулах. Үүнээс 100 дахин их мөнгийг алтныханд төлөх нь. Ямар ухаалаг шийдвэр гэгч вэ. Сонгууль угтуулж нэр хүнд олох гэсэн “тоонд муу” хэдэн гишүүн үгсэн уг хуулийг санаачилсан ч эдийн засагч, хуульчаар  хахсан парламентад үүнийг сайтар тунгаах чадвар дутлаа. Ийм шийдвэр гаргахад нь орон нутгийн иргэдийн гомдол гол шалтгаан болсон гэнэ.

Тэд улсад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг юм бэ. Ямар баялаг, нэмүү өртөг үйлдвэрлэдэг вэ. Тэдэнд  таалагдах нь улсын төсвийн гурваас дээш хувийг бүрдүүлдэг бизнест хутга тулгахаас илүү ач холбогдолтой юу гэдгийг тооцоолоод шийдвэр гаргаж чадахгүй ийм л парламент шийдвэр гаргаж байна.

Дэлхийн улс орнууд эдийн засгаа баталгаа­жуулахын тулд цаасан мөн­гө цуглуулахаас татгалзаж, алт, үнэт металлаа хуримт­луулан сан байгуулах гэж байхад манайх аж ахуйн нэгжүүдээ хаагаад нөхөн олговорт нь бүтэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө зарцуулахаар шийджээ. Үүний өмнө гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль гэгчийг баталсан. Үр дүнд нь Монголбанкин дахь мөнгөжсөн алтны нөөц гурав дахин буурсан. Өөрөөр хэлбэл, жилд 20 тонн алт тушаадаг байсан нь хоёр тонн болтлоо буурч алтны урсгал хууль бусаар урд хөрш рүү чиглэсэн юм.

Монгол Улс алтны нөөцөөрөө дэлхийд эхний 20-д багтдаг мөртлөө Олон улсын алтны зөвлөлийн 2009 оны судалгаанаас харахад 154 орноос 150-д жагссан байна. Манай улсын ард Тонга, Вануату, Эректия зэрэг нэрийг нь ч сонсоогүй туйлын буурай хөгжилтэй орнууд нэг түвшинд жагссан гээд бод доо. Урт нэртэй хууль буюу 22 үгнээс бүтсэн уг хуулийг санаачилсан эрхэм гишүүд энэ хуулийг улиг болтол ярьж шоудахдаа нэг удаа ч гэсэн жилдээ дөрвөн тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний татварыг төлснийг нь бодоод нэг ч гэсэн компанийнхантай “цай уугаад” ярьчихгүй дээ. Салбарын сайд энэ мөчид “Засгийн газар санаачлаагүй, уучлаарай” гэж байна. Уснаас хуурай гарч чадсан залуу сайдад салбарынхан нь итгэж “Манай сайд буруугүй, даанч хүчин мөхөсдлөө. Уг нь бидний талд байгаа л даа” гэцгээж байв. УИХ-ын хууль санаачлагчдад ялагдсан мэт царайлах тэрбээр салбарын эрх ашгаа хамгаалж чадахгүй, гишүүний хувьд парламентаа ч өмөөрч чадахгүй “Сарьсан багваахай” болчихоод байгаа нь үнэн биш гэж үү.

Засгийн газраас зарласан “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажил ийнхүү оны эцэст тэргүүлэх салбараа  тас цохилоо. Өнгөрсөн долоо хоногт тэд ажлаа дүгнэж байна аа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд М.Энхболдын мэдээлснээр яам, агентлагуудаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн 107-г нь хүчингүй болгох гээд саналаа боловсруулаад л байгаа гэнэ. Тэднийг боловсруулж байтал “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” нь дуусна. Түүнчлэн дээрх 254 лицензийг цуцалсан асуудлаа яаж цэгцлэхээ мэдэхгүй суух хооронд МХЕГ-ын захирамжаар орон нутагт шалгалт хийж, 57 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон дахин гурван компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг түдгэлзүүллээ. Эсвэл алтнаас бусад төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжинэ гээд зорилгоо тодорхой болгочихмоор юм. Учир нь лицензээ цуцлуулсан компаниуд нөхөн сэргээлтээ яаж хийснээ шалгуулахад бэлэн гэж байгаа боловч хэн ч шалгахыг хүсэхгүй байгаа юм. Тэр ч байтугай хууль санаачлагчид  яаран шийдсэн асуудлаа зөв гэдгийг батлахыг хүссэнгүй.

Эцэст нь Монголын төр бүтэн жилийн төсвөөрөө алтныхны амыг хааж, цаана нь тэдэнд өстэй, ард түмэндээ өртэй хоцорч мэдэхээр тийм л шийдвэрийг гаргалаа. Эндээс гарах цорын ганц арга нь “Бид гоомой хандаж буруу шийдвэр гаргалаа, уучлаарай” гээд алтныханд лицензийг нь буцааж өгөх, эсвэл “Монголын төр алтны лиценз эзэмшигчдэдээ нөхөн олговрын өртэй болчихлоо. Үүнд манай улсын төсвийн бүтэн жилийн орлоготой тэнцэхүйц хэмжээний мөнгө хэрэгтэй байна, зээлүүлээч” гэж гаднаас гуйх гарц л үлдэв.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж