Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн байжээ

Өнгөрсөн оны Хөрөнгө орлогын мэдүүлгийн Авлигтай тэмцэх газар албан ёсоор танилцуулаад байна. Ингээд Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой бусад мэдээллийг багцлан хүргэж байна.

Энэ жил хөрөнгө орлогын мэдүүлгийг нийт 78 байгууллагын ажилтан албан хаагч хамрагдсанаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт олон байгууллага хуулийн хугацаандаа мэдүүлгээ бүрэн өгсөн юм байна. Харин УИХ-ын Тамгын газраас ес, Засгийн газрын хэрэг эрхлэн газраас гурав, Онцгой байдлын ерөнхий газраас 12, Гаалийн ерөнхий газраас таван ажилтан хугацаа хожимдуулж мэдүүлсэн гэнэ. АТГ-ын хяналт шалгалтын хэлтэс зөвхөн мэдүүлэг аваад зогсохгүй хяналт шалгалт хийж, худал мэдүүлсэн хүнд хуулийн дагуу хариуцлага тооцох  алба бичгийг уирдлагад нь илгээдэг. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулсан  Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишигт хариуцлага тооцох албан тоотыг Тагнуулын ерөнхий газрын даргын нэр дээр  явуулсан аж. Учир нь тус газрын  ахлах нягтлан бодогч С.Нямхишиг нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй. Түүнд хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй учир ажлаас нь халсан гэдгээ ТЕГ-ын дарга албан тоотоор илгээжээ.

Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэг хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй, нөхөж өгөхдөө худал мэдүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон аж. Тэрбээр “МИАТ” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор урамшуулал болгон олгосон 73 сая төгрөг, эхнэрийнхээ нэр  дээр байдаг “Рийчкашмер” ХХК-ийг мэдүүлээгүй байжээ. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Д.Эрдэнэбилэгт хариуцлага  тооцохыг шардсан бичиг илгээсэн ч Д.Зоригт сайд одоо хэр нь хариу ирүүлээгүй байна.    

Мөн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгахад, Р.Бат-Эрдэнэ нь тээврийн хэрэгслээ бусдад зарж борлуулсны орлого болох 6500 ам.доллар, Хандгайт болон Гүнт дэх хоёр давхар зуслангийн байшин, гэр бүлийнхээ хүний 50 хувь эзэмшдэг ХХК зэргийг  мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж АТГ-аас мэдэгдлээ. Түүнчлэн хөрөнгөд орсон их хэмжээний өөрчлөлт буюу гэр бүлийнхээ хүний нэр дээр 24 мянган ам.доллараар худалдан авсан авто машиныг ч мэдүүлээгүй зөрчил гаргажээ.

Х.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж