Хоцрогдсон хуулиа хөгжилтэй хөл нийлүүлбэл ямар вэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хоцрогдсон хуулиа хөгжилтэй хөл нийлүүлбэл ямар вэ

Монголын эдийн засаг жил ирэх тутам тэлсээр. “Оюутолгой” компани 2013 онд олборлолтоо хийж эхлэхэд л эдийн засаг 20 хувиар өсөх тооцоо бий. Ийнхүү уул уурхайн их өсөлтийг дагаад “Сайншандын хүнд аж үйлдвэрийн парк”, “Шинэ Улаанбаатар” зэрэг үйлдвэржилт, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Эдгээр төсөлд монгол компаниудын оролцоо байх шаардлагатай нь нэн тэргүүний зорилт. Тэгвэл өнөөдөр манай компаниудад энэ төсөл хөтөлбөрүүдэд оролцох чадал хомс байна. Тиймээс нэгдэхийг эрмэлзэх боллоо. Үндэсний 2000 гаруй компани нэгдэж “Монгол 999” үндэсний нэгдлийг байгуулсан бол тээврийн, авто замын компаниуд нэгдлээ.

Эдгээр компани нэгдээд консерциум байгуулж байна. Консерциум нь хуулийн дагуу компанийн статустай явж байгаа. “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК гэх мэтээр. Манай компанийн тухай хуулиар нээлтэй, хаалттай гэсэн хоёр хэлбэрээр компани байгуулж болно гэсэн заалт бий.

Групп, корпораци, холдинг, нэгдэл гээд олон компаниуд нэгдсэн субьектийн харилцааг зохицуулах ямар ч заалт байхгүй. “Номин”, “Наран”, MCS, “Бридж” гээд эгнээндээ олон компани нэгтгэсэн группүүд бий. Группт багтаж байгаа компаниуд бүгд бие даасан тус тусдаа компани болж явдаг. Түүнээс биш нэг цул субьект гэсэн ойлголтыг агуулсан, харилцааг нь зохицуулсан хуулийн заалт байхгүй. Группүүдэд нэг хүний, эсвэл нөхөрлөлийн хүрээний хэсэг бүлэг хүмүүсийн хөрөнгө оруулалт байдаг учраас тэд хуультай, хуульгүй асуудлаа зохицуулаад явчихдаг байж болох. Одоо бол олон хүний өмчлөлтэй  компаниуд нэгдэж байна.  Нэгдэхийн хэрээр талууд маш олон ашиг сонирхлыг илэрхийлнэ. Ямар нэг байдлаар зөрчилдөөн үүснэ. Зөрчилдөөнөө  арилгах хэлцлүүд өрнөнө. Маш нарийн төвөгтэй асуудлууд босох нь тодорхой.

“Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийг 2000 орчим компани нэг сая төгрөг нийлүүлж, хувьцаат компани хэлбэрээр байгуулсан. Энэ бол одоогийн мөрдөж байгаа хуулиар зохицуулаад явах боломжтой эд. Магадгүй, нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэж нэг хүчирхэг нэгдэл байгуулъя гэхэд хангалттай зохицуулах заалт лав байхгүй. Хуульд нэгдэл байгуулах гэсэн үг ч байхгүй юм чинь.

Олон бизнесмэн компанийн тухай хуулийг өөрчлөхийг хүсч байна. Ялангуяа, нэгдсэн компанийн эзэд. Өөрөөр хэлбэл, улам өсч, хөгжиж байгаа эдийн засагт өнөөгийн мөрдөж байгаа компанийн тухай хууль хоцрогдож байна гэсэн үг л дээ. Энэ хуулийг цаг үетэй нь нийлүүлэх болсон биш үү. УИХ-ын гишүүд ээ. Та нар хууль тогтоогч нар шүү дээ. Компанийн тухай хууль гэдэг нэрийг ч өөрчилмөөр санагдаад байгаа юм даа. Нэгдэл, корпораци байгуулчихаад байхад компанийн тухай хуулиар зохицуулна гээд яваад байх уу. Томьёолол нь дэндүү жижиг байгаа биз дээ. Хуулийнхаа нэр томьёоллыг хүртэл “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тухай”  энэ, тэр гэж их өргөн хүрээг хамруулдаг юм уу, яадаг юм. 

Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлах үеэрээ “Манай улсын эдийн засаг маш хурдтай өсч байна. Эдийн засаг өсөх нь сайхан. Бид эдийн засгийн өсөлтөө төрийн зохиуцуулалт нь гүйцэхгүй байх болов уу гэж айж байгаа” хэмээж байсан. Үнэхээр ч компанийн тухай хуулийн хоцрогдол төрийн бодлого эдийн засгийнхаа өсөлтийг гүйцэхгүй байгааг харуулж байна. 

Одоогийн мөрдөж байгаа компанийн тухай хуулийг 1999 онд анх баталж, 2003 онд хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. Гэтэл тэр үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Монголын компаниуд дөнгөж хөл дээрээ зогсч байхад энэ хуулийг боловсруулж баталжээ. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засаг газрын хэвлийн баялгаа ашиглаж, үсрэнгүй хөгжих гараан дээрээ зогсч байна. Монголын компаниуд газрын хэвлийн баялгийнхаа үр ашгийг гадаадын компаниудад алдахгүйн тулд өрсөлдөх чадвараа сайжруулахаас өөр алга. Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд хүчээ хавсрах хэрэгтэй байна. Гэвч тэдний харилцааг зохицуулах төрийн бодлого алга байна. Харилцааг зохицуулах хууль нь “жижигдээд” байна. Хоцрогдсон хуулиа хөгжилтэй хөл нийлүүлбэл ямар вэ, УИХ-ын гишүүд ээ.
            
Т.ЭНХБАТ

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж