Монгол Улс төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болсоор дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэд хөрөнгө орлогоо нээлттэй мэдээлдэг болсноор олны зүгээс хардах хардлагыг багасгаж байгаа эсэхийг хэлэхэд хэцүү ч тэднийг хэдэн төгрөгийн орлого олоод буйг жиших боломжтой. Өнгөрөгч онд хэн ямар орлоготой ажилласан талаар мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас дэлгэн тавилаа. Энэ хугацаанд иргэний хөдөлгөөнүүдийн чичлэж буй, авлигад хардаад буй албан тушаалтнуудын орлого багагүй хувиар өсчээ.
Төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлгэс харахад Ерөнхийлөгчийн орлого өмнөх жилийнхээсээ сая орчим төгрөгөөр буурсан бол УИХ-ын даргын орлого нэмэгдсэн гэдгээ мэдүүлэгтээ бичжээ.
Харин Д.Дэмбэрэл дарга гурван жилийн өмнө Мазда машинтай, нэг өрөө байртай, “Говь” компанийн гурван ширхэг хувьцаа эзэмшдэг байсан хэвээрээ байгаа гэжээ.
Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээс Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нарыг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр. Засгийн газрын тэргүүний албан тушаалаас оны сүүлчээр буусан түүний жилийн орлого 2008 онд таван сая 368,2 мянган төгрөг байсан байх юм. Мэдээж “Сансар кабель” ХХК-ийн 10 хувь, “Палас” ХХК-ийг эзэмшдэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин өнгөрсөн оны буюу жилийн дараах мэдүүлэгт нь эрхэм гишүүн С.Баярын жилийн орлого 109 сая 195 мянган төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, түүний орлого жилийн дотор ойролцоогоор 20 дахин өссөн гэсэн үг. Түүний орлого өссөн хэдий ч дээрх компаниуддаа эзэмшлийнх нь хувь нь хэвээр байгаа аж. Хадгаламжийн дансанд нь 2008 онд 94 сая 606 мянган төгрөг байсан бол 2009 онд 156 сая 33 мянган төгрөг болон өсчээ. Харин Оюутолгойн гэрээг гардан хийсэн “Нидо” ХХК-ийг эзэмшдэг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын орлого 2008 онд 249 сая 866,5 мянган төгрөг байсан бол 661 сая 966,79 мянган төгрөг болон гурав дахин шахуу өсчээ. Харин 64 сая 876,3 мянган төгрөгийн хадгаламж нь 2009 онд зургаан сая 934,762 мянган төгрөг болж буурчээ. Гэр бүлийнх нь орлого ч буурсан байна. Түүний эзэмшлийн компанийн хөрөнгө ч илт буурчээ. Тодруулбал, 2008 онд 986 сая 564,8 мянган төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол 2009 онд хоёр сая төгрөг болтлоо буурчээ.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн орлого 2008 онд 50 сая 814,1 мянган төгрөг байсан бол 378 сая 504,33 мянган төгрөг буюу жилийн хугацаанд долоо дахин өсөв. Энэ хугацаанд түүний эзэмшлийн зарим компани нь байхгүй болж, банкинд зээлгүй болсон байна. Харин гэр бүлийнх нь орлого дөрвөн саяар өсчээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт. Тэрээр 2008 онд 16 сая 966,6 мянган төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн онд буурч 9 сая 513,108 мянган төгрөгийн орлоготой болжээ. Харин гэр бүлийнх нь орлого 7 сая орчим төгрөгөөр нэмэгдсэнээс өөр онцын өөрчлөлт ороогүй аж.
Иймэрхүү байдлаар Оюутолгойн гэрээг хийгчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн байх юм. Тэдний заримын нь орлого жилийн дотор 7-20 дахин өссөн бол заримынх нь буурчээ.
Энэ мэт тэдний орлогод жилийн хугацаанд багагүй өөрчлөлт орсон байх юм.
Õºðºí㺠îðëîãûí ìýä¿¿ëãèéí äýëãýðýíã¿éã ýíäýýñ õàðíà óó.
2008 îíû õºðºí㺠îðëîãûí ìýä¿¿ëãèéí äýëãýðýíã¿éã ýíäýýñ õàðíà óó.
Л.ТӨГС