Б.Тэмүүлэн медалийн оосроос атгаад алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн медалийн оосроос атгаад алдлаа

Японы нийслэл Токио хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээнд зодоглосон Монголын жүдочид тэмцээнээ дуусгалаа. Хуваарь ёсоор өнөөдөр хүнд жингийн төрөлд медалийн эзэд тодрох бөгөөд манай жүдочдоос -100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар, харин +100 кг-д Х.Мөнхбаатар нар зодоглосон юм.

“Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт Х.Мөнхбаатарын тухайд эхний тойргийн барилдаанд Францын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол -100 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Египетийн жүдоч Рамадан Дарвишт цэвэр ялагдсанаар тэмцээнийг орхижээ. Мөн түүний хамт -100 кг-д хүч үзсэн Б.Тэмүүлэн Япон, Францын бөхчүүдийг дараалан цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон ч шийдвэрлэх барилдаанд Израйлийн Ариель Зеевид юүко үнэлгээгээр ялагдсан байна.

Ийнхүү Монголын жүдочдын хувьд энэ удаагийн “Их дуулга” тэмцээн өндөрлөж байна. Бямба гаригт эхэлсэн тус тэмцээнд манай улсаас найман жүдоч зодоглож, 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медалийн тавцанд гарсан билээ.

Жүдочдын дараагийн тэмцээн нь энэ сарын 17, 18-нд БНХАУ-ын Чиньдао хотноо болох Хятадын гран-при тэмцээн байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж