С.Мияарагчаа: Энэ амжилт надад маш их урам өглөө

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа: Энэ амжилт надад маш их урам өглөө

Олон улсын жүдо бөхийн холбооноос анх удаагаа зохион байгуулсан дэлхийн шилдгийн шилдэг жүдочдын “World Masters” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын Сувон хотноо боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, “World Masters”-ын аварга болсон юм. Дэлхийн 33 улс орны шилдэг жүдочдын оролцсон тус тэмцээнд жин тус бүрт дэлхийд чансаагаараа тэргүүлэгч шилдэг 16 тамирчин өрсөлдсөн бөгөөд 66 кг-ын жинд чансаагаараа 272 оноогоор 11-д бичигдээд байсан жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаагийн хувьд эхний барилдаандаа гоц мөргөж, улмаар Японы жүдоч Масаши Эбинумаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан бол дараагийн барилдаандаа ОХУ-ын тамирчин Мусо Могушковтой барилдаж, цэвэр ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Ингээд манай тамирчин аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын шилдэг жүдоч, чансааны тавдугаарт бичигдэж байсан Алим Гадановыг цэвэр ялснаар дэлхийн шилдгүүдийн халз тулааны аваргаар тодорсон юм. ОУХМ С.Мияарагчаа болон дэлхийн аварга Х.Цагаанбаатар нартай тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр бид холбогдлоо. Тэдний “Ардын эрх” сонин, NEWS.MN сайтын уншигчдад зориулан өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө баяр хүргэе. Гурван өрсөлдөгчөө цэвэр яллаа. Дэлхийн хамгийн шилдэг жүдочид оролцож байгаа гэдэг утгаараа өрсөлдөөн ширүүн болсон байх?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Өчигдөр миний барилдаан дууссан болохоор өнөөдөр бид нар Тэмүүлэнгээ дэмжингээ бусад жүдочдын барилдааныг сонирхож байна. Бүх барилдааныг л алгасалгүй үзмээр сайхан тэмцээн болж байна.

-Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлэх вэ. Алим Гадановтой Х.Цагаанбаатар хэд хэдэн удаа барилдсан. Таны хувьд Гадановтой өмнө нь таарч байсан уу?

-Гадановтой барилдаж үзээгүй. Барилдааны бичлэгийг нь сайн үзэж, судалдаг байсан. Өрсөлдөгчдийн хувьд эхний тойрогтоо Японы бөх Масаши Эбинуматай таарсан. Энэ бөх энэ жилийн бүх Японы аварга болсон, өнгөрсөн жил оюутны “Универсиад” наадамд түрүүлж байсан, “Дэлхийн цом”-ын аварга жүдоч. Эбинумаг тонгорох мэх хийгээд гарахад нь ар талаар нь мордох мэх хийж, цэвэр ялсан. Дараагийн тойрогт Оросын Мусо Могушковтой таарсан. Могушковыг сууж үүрэхэд нь хөл тавих мэхээр цэвэр ялсан. Харин аваргын төлөө хүч үзсэн Оросын алдарт бөх Алим Гадановыг хонгодох мэхээр цэвэр яллаа. Дэлхийн шилдгүүд хуран чуулсан энэ нэр хүндтэй тэмцээнд түрүүлнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ амжилт маань надад маш их урам өглөө. Цаашид улам сайн хичээж, ард түмнээ олон баярлуулахыг хүсч байна.

-Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад Монголын жүдочдыг онцолж бичсэн байна лээ. Монголчуудыг хөл мэхэндээ сайн гэдэг боловч дүрэм өөрчлөгдсөн нь тэдэнд нөлөөлсөнгүй гэсэн утгатай?

-Ер нь их олон хүмүүс Монголд үнэхээр жүдо бөхийн спорт жигд сайн хөгжжээ гэдгийг ярьж байсан. Барилдааны дүрэмд өөрчлөлт орсон ч тэр нь бидний амжилтад нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай жүдочид энэ спортыг сонгодог утгаар нь эзэмшиж, хөгжүүлж яваа гэж боддог.

-Тэмцээний онцлог юу байв. Х.Цагаанбаатарын мөрний бэртэл гайгүй юу?

-Цагаанаагийн мөрний бэртэл сэдэрсэн. Уг нь Францын бөхийг ялах боломжтой байсан. Шүүлт алдаатай болсон тал бий. Ерөнхийдөө тэмцээний онцлог гэвэл 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөнгөн жинд буюу гол жингүүд болох 60, 66, 73, 81 кг-ын жингийн аваргууд бүгд энэ тэмцээнээс медаль авч чадсангүй. Тэгэхээр аваргуудад халгаатай тэмцээн болсон юм болов уу. Ихэнх хүмүүс шүүлтийн будилаан байгааг бас ярьж байна.

-Х.Цагаанбаатар та хоёр хоёулаа 66 кг-ын шилдэг тамирчид. Гэтэл нэг нь л дэлхийн аваргад өрсөлддөг. ОУ-ын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсаас хоёр тамирчин оролцуулахаар болсон байна. Энэ шийдвэрийг жүдо бөхийн хүрээнийхэн бүгд дэмжиж байх шиг байна?

-Тэгэлгүй яахав. Саяхан, оны өмнө Олон улсын жүдо бөхийн холбооны Техникийн зөвлөлийн хурал болж, ДАШТ-д нэг улсаас хоёр тамирчин оролцуулахаар болсон байна лээ. Тэгэхээр 2010 оноос эхлэн ДАШТ-д нэг жинд нэг улсын хоёр бөх барилдах боломжтой болсон гэсэн үг. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий алинд нь ч энэ заалт мөрдөгдөх юм билээ.

-Та нар хэзээ Монголд ирэх вэ?

-Энэ сарын 20-нд очино. Тэр хүртэл хэд хоног БНСУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ. Бид саяын тэмцээнд зургуулаа оролцсон. Х.Цагаанбаатар /66 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, М.Бундмаа /52 кг/ болон Ц.Мөнхзаяа /63 кг/ бид хэд эндээ хоёр хоног хамтарсан бэлтгэл хийнэ.

-Ирэх сараас Европын цуврал тэмцээнүүд эхэлнэ. Европын цувралд оролцоно биз дээ?

-Манай жүдочдын оролцох дараагийн тэмцээн хоёрдугаар сарын 6-нд болох “Grand slam” байгаа. Монголын жүдочид буурал европыг зорьж, олон сайхан амжилт гаргана гэдэгт найдаж байна. Түүнчлэн “Ардын эрх” сонин, NEWS.MN сайтаар дамжуулаад жүдо бөхийг дэмжигч, спортыг дээдэлдэг ард түмэндээ мэнд хүргэе. Хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг жүдочдодоо баярлаж байна. Монголын жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Х.Баттулга сайддаа, “Хүч” спорт хорооны хамт олон, бүх багш нартаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна. Мөн намайг үргэлж чин сэтгэлээсээ дэмжиж, тусалж байдаг Ж.Наранцацралт агсны хүү, найз Н.Соёмбодоо баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна. Тамирчдын амжилт бүрийн ард олон хүний зүрх сэтгэл, дэмжлэг байдаг болохоор биднийг дэмжин, хурцалж байдаг бүх л хүнд талархаж явдгаа уламжилъя. Монголын жүдочид та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэдэгт найдаж байна.

 

Х.Цагаанбаатар:

Аваргын төлөө хоёр монгол барилдах боломж байсан

-Сайн явж байна уу. Аваргын хувьд харамсалтай тэмцээн боллоо. Мөрний бэртэл нөлөөлсөн гэж сонссон?

-Мөр жаахан эвгүй байсан. Эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Францын бөх Дэвид Лоростой таарсан. Шүүгч нар яагаад намайг гурав торгосныг сайн ойлгохгүй л байна. Уг нь би Дэвид Лоросыг өмнө нь хоёр удаа цэвэр ялж байсан юм.

-Хэрвээ Францын бөхийг ялсан бол дараагийн тойрогт хэнтэй таарах байсан бэ?

-Оросын Алим Гаданов. Гадановыг ялна гэдэгтэй итгэлтэй байсан. Хэрэв тэгсэн бол хоёр монгол бөх аваргын төлөө үзэх байлаа. Хэрвээ Мияатайгаа хамт аваргын төлөө үлдсэн бол хэн нь ч түрүүлсэн байлаа гол нь Монголын хоёр жүдоч “World Masters”-т аваргын төлөө барилдана гэдэг манай жүдочдын хувьд бахархам үйл явдал болох байсан. Тэрэнд л жаахан харамсч байна.

-IJF-ийн чансааны нэгдүгээрт та хэдэн оноогоор бичигдэж байгаа вэ?

-1140 оноотой байгаа.

-Саяын тэмцээний амжилтад олимпийн эрхийн оноо өгөх үү?

-Эрхийн оноонд нөлөөлнө. Чансааны оноо нэмэгдэнэ. Жишээ нь, С.Мияарагчаа өмнөх чансааны оноогоороо 11-д бичигдэж байсан бол сая 400 оноо нэмж авснаар эхний тавд багтсан байгаа.

-Одоо таны оролцох дараагийн тэмцээн хэзээ болох вэ?

-Хоёрдугаар сарын эхээр “Grand slam”-д оролцоно. Европын цувралуудад манайхан бүгд явах байх. Энд /БНСУ-д/ хоёр хоног хамтарсан бэлтгэл хийгээд Улаанбаатарт бэлтгэлээ үргэлжлүүлнэ. 

Б.Бадмаа /2010.01.18/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж