Таван одтой “Барса” хүснэгтийг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Таван одтой “Барса” хүснэгтийг тэргүүлсээр

Форм сайтай байгаа “Барселона” Испанийн Примера лигийн 15 дугаар тойргийн хүрээнд Кэмп Ноу цэнгэлдэхдээ “Реал Сосьедад”-ыг 5:0-ээр бут ниргэснээр мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-аас хоёр онооны илүүгээр лигийн хүснэгтийг тэргүүлж байна. Тоглолтын найм дахь минутад Педрогийн хөндлөн дамжуулалтаар Давид Вилья гоолын салхийг хагалсан бол Андрес Иньеста багийнхаа тэргүүллийг бататгажээ. Улмаар Лионель Месси дубль хийж, сэлгээгээр талбайд гарсан Боян Кркич сүүлийн гоолыг оруулснаар Каталоны баг өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан байна.

Ингэснээр Пеп Гуардиолагийн баг лигийн 15 тойргийн дараах байдлаар 40 оноотой хүснэгтийн тэргүүн эгнээг эзэлж байна. Харин “Реал Мадрид” энэ тойрогт “Зарагоза”-гийн талбайд зочилж, 3:1-ээр хожсоноор 38 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаарт бичигдлээ. Тус тоглолтод Месут Озил, Криштиан Рональду, Анхель ди Мария нар гоолджээ.

Мөн энэ тойргийн хүрээнд “Вильярреал” 1:0-ээр “Гетафе”-гийн талбайд ялагдал хүлээсэн бол хүснэгтийн дөрөвт эрэмбэлэгдээд буй “Эспаньол” 2:1-ээр “Атлетик Билбао”-н талбайд хожигдсон байна.

Ла лигийн 15-р тойргийн тоглолтын дүн:

“Гетафе” 1:0 “Вильярреал”
“Севилья” 1:3 “Альмерия”
“Атлетико Мадрид” 2:0 “Депортиво ла Корунья”
“Мальорка” 0:1 “Расинг Сантандер”
“Спортинг Гихон” 1:1 “Леванте”
“Херкулес” 4:1 “Малага”
“Зарагоза” 1:3 “Реал Мадрид”
“Барселона” 5:0 “Сосьедад”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж