Автотехникийн үзлэгт өөрчлөлт ороогүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Автотехникийн үзлэгт өөрчлөлт ороогүй

-Ирэх сарын 1-нээс оношилгооны төвүүд амралтгүй ажиллана-

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс автотехникийн үзлэг эхэлдэг. Энэ жилээс автотехникийн үзлэгийг Замын цагдаагийн газар бус Авто тээврийн газар хийхээр болсон. Жолооч нар ямар бичиг баримт бүрдүүлэн, хаана үзлэгт хамрагдах талаар Авто тээврийн газрын дэд дарга Н.Пунцагаас тодрууллаа.

-Танай газар автотехникийн үзлэгийг жилийн дөрвөн улиралд хийнэ гэж мэдэгдсэн ч иргэд 4-6 дугаар сарын хооронд хамрагддаг зуршилтай?

– Авто тээврийн хуулинд өөрөө явагч тэврийн хэрэгслийн татварыг тухайн жлийн эхний зургаан сард багтаан авна гэж заасан байдаг. Иймд татвар авах аян эхлэнгүүт үзлэг тооллогоо зэрэг хийдэг компанит ажил хэвшсэн. Жолооч өмнөх жилийнхээ хэдэн сард оношилгоонд орж, татвараа төлсөн байна дараа жилийнхээ тэр хугацааг дуустал авто замын хөдөлгөөнд орох эрхтэй гэсэн үг.

-Танай газарт бүртгэл оношилгоо шилжсэнээр өөрчлөгдсөн зүйл байна уу. Тухайлвал бүрдүүлэх материал, үнэ хөлсөнд. Жолооч нар бичиг баримтаа аваад хаана хандах ёстой вэ?

-Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Жолооч нар үзлэгт орохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын бичгээ авчирдаг. Тэр бичиг баримттайгаа ирэхэд л хангалттай. Манай газраас жолооч нарт хөнгөн шуурхай, дарамт багатай үйлчлэхийг эрхэм болгодог. Өмнө нь бичиг баримтаа өгөөд 3-5 цагийн дараа авдаг байсан бол одоо 10-20 минутанд авах боломжтой. Манай салбарууд дүүрэг бүрт  байгаа. Машинаа бүртгэлд хамруулж, оношлуулаад татвараа төлөөд хөдөлгөөнд оролцоно. Нэг газраас бүх үйлчилгээгээ хийлгэнэ гэсэн үг. Татварын хэмжээ  тухайн машиныхаа моторын багтаамжаас хамаарч өөр өөр байдаг. Татварын хэмжээ өмнөх жилийнхээс өөрчлөгдөөгүй.

-Танай газар автомашины оношилгоог хариуцахгүй байгаа бололтой?

-Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын алба гэж улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцаж байгаа. Манай газар бүртгэл болон улсын дугаар олголтоо хариуцаж байгаа.

-Азын дугаарыг дамлан худалддаг асуудал байсаар байна. Танай газар энэ байдлыг зогсоох талаар ямар нэгэн санаачлага гаргаж байна уу?

– Манайх хүмүүсийн сонирхоод байгаа дугаарыг  дамлан худалддаггүй. Хүмүүс тийм дугаар байхгүй байна гэж гомдолдог юм. Шинэ сер задлангуут хүмүүс ирээд азын гэх адил тоотой, дэс дараалласан дугаарыг нь авчихдаг. Бид тэр дугаарыг дуудлага худалдаа зарлан худалддаг болгоё гэсэн санал оруулсан. Төрийн байгууллага аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй ч тэрхүү худалдаагаар олсон мөнгөө улсын төсөвт аль эсвэл хүмүүнлэгийн байгууллагад өгдөг болох талаар ярьж байгаа. Энгийн шинэ дугаар авахад 2000 орчим төгрөг төлдөг юм.

-Танай байгууллага тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэлээ Замын цагдаагийн газраас авсан уу. Хангалттай мэдээлэл байгаа юу?

-Бидэнд мэдээлэл байгаа. Гэхдээ  Замын цагдаагийн газраас цахим хэлбэрээр мэдээлэлээ өгөхгүй байгаа учир ямар нэгэн лавлагаа бичиг баримт жолооч нарт хийж өгөхөд бидэнд хүндрэлтэй байна гэв.

Тээврийн хэрэгслийн оношилгоо хяналт зохицуулалтын албаны дэд захирал Н.Зоригоос цөөн асуултад хариулт авлаа.

-Танай газар зөвхөн оношилгоог хариуцдаг  уу. Оношилгооны төвүүд шинээр нэгдсэн гэсэн?

-Манай газар оношилгооноос гадна шилжилт хөдөлгөөний асуудлыг давхар хариуцаж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт оношилгооны төв хуучин байрандаа ажиллаж байгаа. Харин  шинээр гурван төв ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Саруул төв \Нарны зам дагуу  байдаг\,Хан-уул дүүрэгт Автобус-1 ХК,  Чингэлтэй дүүрэгт “Баянбогд плаза ”-д ажиллаж байгаа. Эдгээр газрууд ажлын таван өдөр 09-18.00 цаг хүртэл ажилладаг ч ачаалал тавдугаар сараас нэмэгддэг учир нөхцөл байдлаа харж байгаад амралтгүй ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Оношилгооны үнэ хэдэн төгрөг байгаа вэ?

-Суудлын машин 10 мянга, том оврын автобус, машин 15 мянган төгрөг.

-Нийслэлд бүртгэлтэй машин орон нутагт оношилгоонд хамрагдах боломжтой гэсэн үү. Дуудлагаар оношилгоо хийж байгаа гэсэн. Энэ үйлчилгээнд иргэд хамрагдах боломжой юу?

-Оношилгоог хаана ч хийлгэж болно. Хамгийн гол нь өмнөх жилийнхээ гурвалжинд бичсэн хугацаандаа л багтан хамрагдах ёстой. Манай алба Да хүрээ болон Дэнжийн-1000 зах дээр дуудлагын оношилгоог ажиллуулдаг. Иргэд хүсвэл хамрагдаж болно. Дуудлагын үнэ гэж нэмэлт мөнгө авдаггүй.  Гэхдээ иргэд суурин оношилгоонд илүү хамрагддаг. Учир нь машин гэдэг амь нас эрүүл мэндтэй нь холбоотой учир жилдээ нэг удаа сайн оношлуулах хүсэлтэй болжээ.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж