Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Индонезид болсон Балигийн Ардчиллын гуравдугаар чуулга уулзалтад оролцсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 9-ний өдөр Австралийн Гадаад хэргийн сайд К.Радтай уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа хамтын ажиллагаа, мөн ардчилсан хөгжлийн туршлагын асуудлуудаар санал солилцов.

Г.Занданшатар, Монгол Улс Австралитай тогтоосон харилцаандаа ач холбогдол өгдөг бөгөөд өнөөгийн хүрсэн түвшинг ахиулах, уул уурхай болон боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, техникийн тусламж авах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. К.Рад Австралийн Засгийн газар Монгол Улсад үзүүлэх техникийн тусламжаа бууруулахгүй гээд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэс баялгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарна гэв.

Г.Занданшатар К. Радын баримталдаг хөгжлийн гуравдахь замын тухай ойлголтод ач холбогдол өгдөгөө дурьдаж, 2011 онд түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд тэр үеэр Улаанбаатар хотноо хөгжлийн гуравдахь замын асуудлаар онолын бага хуралд илтгэл тавиулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. К.Рад энэхүү урилгыг талархан хүлээн авч, айлчлахаа нотолсон болно.

Г.Занданшатар 10-ний өдөр Индонезийн Гадаад хэргийн сайд М.Наталигаватай уулзаж, монгол, индонезийн харилцаа, хамтын ажиллагааны болон ардчилсан хөгжлийн зарим асуудлаар санал солилцов. Г.Занданшатар Монгол Улс 2011 оноос Ардчилсан хамтын нийгэмлэгийг даргалах болсныг мэдэгдэж, Балигийн Ардчиллын чуулга уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Индонез Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. М.Наталигава тэмдэглэхдээ аливаа улс орон ардчилсан сонголтоо эдийн засгийн хөгжлөөр баталгаажуулах ёстой гээд  Индонез, Монгол нь ардчилсан шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын хувьд харилцан суралцах зүйл багаггүй байгаа хэмээв.

Сайд нар 2011 онд тохиох харилцааны 55 жилийн ойг тэмдэглэх болон Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулж ажиллах зүйтэй гэж үзсэн бөгөөд НҮБ, бусад олон улсын байгууллагуудын хүрээнд нягт хамтран ажиллах, ялангуяа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд АРФ зэрэг бүтцүүдийг бэхжүүлэх, тэдгээрийн хүрээнд хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв хэмээн Гадаад харилцааны яамнаас тэмдэглэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж