Хан-Уул дүүргийн 15 сургуулийн багш Ш. Энхтуяагатай товч ярилцлаа.
-Та энэ жагсаал цуглаанд яагаад оролцох вэ?
-Үнэхээр багш нарын амьдрал туйлдаа хүрээд байгаа болохоор өнөөдөр жагсч байна. Бид улс орны байдал хэцүү байгааг ойлгож, тодорхой хугацаанд тэвчээд өдий хүрлээ. Би оюутан хүүхэдтэй. Сургалтын төлбөрийг нь банкнаас зээл авч төлсөн болохоор надад өвдөх, ажил хийхгүй байх эрх алга байна. Гэтэл өнөөдөр би цалингийн дийлэнх хувийг банкны зээлд өгөөд, ерөнхийдөө сарын турш дөрвөн хүн 60 мянган төгрөгөөр амьдарч байна. Энэ л жагсаалд оролцох болсны хамгийн том шалтгаан гэж хэлэхэд болно.
-Таны үндсэн цалин хэд вэ?
– Улсад 16 жил ажилласан. Үндсэн цалин хоёр зуун мянган төгрөг авна. Анги даасаы цалингийн арван хувийг нэмэгдэл болгож авна. Багш бидний амьдрал үнэхээр хүнд байна. Цалингаас цалингийн хооронд зээлэнд баригдаад. Багш нарын ихэнх хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. 2008 онд үндсэн цалинг 20 хувь нэмсэн боловч дэвтэр засалт гээд янз бүрийн нэмэлт шагналыг өгөөхөө больсон. Дээр нь эрүүл мэндийн даатгалыг улс төлдөг байсанаа болиод бид цалингаасаа төлдөг болсон. Ингэхээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг л болсон.
-Танай сургуулийн багш нараас орон сууцанд амьдардаг хичнээн хүн байдаг вэ? Төрийн албан хаагчийн орон сууцны зээлд хамрагдсан хүн байгаа юу?
-Манай сургуулийн хоёр багш материалаа явуулсан ч тэнцээгүй буцаасан. Дундаж цалин 500-650 мянган төгрөгбайх ёстой гэсэн шаардлагыг банкнаас тавьдаг. Гэтэл төрийн албан хаагчдын дундаж цалин 300 мянга гэж байгаа ч амьдрал ийм цалин авахгүй байгаа шүү дээ. Яам тамгын ажилтнууд л ийм цалин авч байна. Орон сууцны зээлд мөн л тэд хамрагдаж байна.
Жагсаалд оролцож буй багш нараас амьдрал ямар байгааг асуухад бүгд л иймэрхүү нэг янзын хариултыг хэлж байсан юм. Тэд өмссөн хувцас, үр хойчдоо санаа зовох нь битгий хэл өнөөдрийг өнгөрөөх хоол ундаа хэрхэн залгуулах вэ гэсэн эмзэглэлтэй яваагаа нуусангүй. Нийт багш нарын 60 гаруй хувь банкны цалингийн зээлтэй гэсэн гарчээ.
Ц.Хишиг