Соёлын өвийн асуудлаар Монгол Улс БНХАУ-тай харилцан тохиролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Соёлын өвийн асуудлаар Монгол Улс БНХАУ-тай харилцан тохиролцлоо

Монгол хөөмийн урлагийг урд хөршийнхөн ЮНЕСКО-д өөрийн нэр дээр бүртгүүлсэн тухай яриа өнөө хэр үргэлжилж, монголчуудын олонх нь энэ асуудалд сэтгэл эмзэглэсэн хэвээр байна. Тэгвэл манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар ахлуулсан төлөөлөгчид БНХАУ-ын талтай энэ асуудлаар хэлэлцээр хийгээд иржээ. Хэлэлцээр ёсоор хөөмий мэт хоёр орны аль алинд нь байгаа соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ хоёр тал харилцан тохиролцож, ард түмний санаа сэтгэл, өв уламжлалыг хүндэтгэн уян хатан бодлого баримталж байхаар боллоо. Ийнхүү тус хэлэлцээрийг байгуулснаар хөөмий мэтийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал дахин давтагдахгүй байх боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой боллоо. Аливаа соёлын өвийг дэлхийн нэг орон төдийгүй хэд хэдэн орны ард түмэн тээж уламжлан хөгжүүлж ирсэн байх нь элбэг байдаг. Тухайлбал, араб бүжиг тус бүс нутгийн тусгаар тогтносон хэд хэдэн оронд  үндэсний урлагийн хэмжээнд хүртлээ хөгжиж ирсэн байдаг. Тэдгээр улс орнууд бүгд өөрийн нутаг дэвсгэрт хадгалагдан үлдсэн энэхүү соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэх эрхтэй. Энэ тухай ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын соёлын асуудал хариуцсан орлогч Франсуа Ривиерээс Монгол Улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт ирүүлсэн захидалд тодорхой бичсэнийг манай уншигчид санаж буй бизээ. /”Өнөөдөр” сонин 2010.03.11.№058 / Соёлын тухайн нэг өвийг тээж байгаа аль ч улс орон дэлхийн өвийн жагсаалтад өөрийн орныг төлөөлж бүртгүүлж болохыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 2003 оны 32 дугаар чуулганаар баталсан  “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-оор зохицуулдаг юм. Монгол ардын дуулах урлаг болох хөөмий зөвхөн Монгол Улс болон ӨМӨЗО-нд хадгалагдан хөгжиж байна уу гэвэл бас үгүй. Одоогийн байдлаар манайхаас гадна 15 орчим улсад хөөмий уламжлагдан хөгжиж байгаа тухай судалгааны баримтууд бий. Тухайлбал, ОХУ-ын Тува, Халимаг, Хакаси, Буриад, Якут зэрэг газарт хөөмийн өв тээгчид оршдог байна. ОХУ-ын Тува гэхэд нийслэл Кызыл хотдоо “Дэлхийн хөөмийн төв” байгуулан ажиллуулдаг ажээ. Тиймээс цаашдаа Монгол Улс, БНХАУ соёлын аливаа өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ тодруулбал, хоёр орны аль алинд байгаа соёлын өвийг бүртгүүлэхдээ нэг нэгийнхээ санал сэтгэгдлийг сонсож, харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэж байхаар боллоо.

Монголчуудын дунд үүссэн дээрх бухимдал урд хөршийн ард түмэн, соёлын салбарын удирдлагуудын сэтгэлийг бас нэлээд эмзэглүүлсэн тухай БНХАУ-ын тал хэлэлцээрийн үеэр мэдэгдсэн байна. Хоёр улсын найрсаг хөршийн харилцаа үл ойлголцлын улмаас эвдрэлцэх учиргүй хэмээн БНХАУ-ын Соёлын дэд сайд Жао Шаохуа хэлжээ. Хэлэлцээр ёсоор Монгол Улсын БСШУ-ны дэд сайд болон БНХАУ-ын Соёлын дэд сайд нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулах юм. 

Ер нь ЮНЕСКО соёлын өв бүртгэхдээ тухайн улсаас мөнгө авдаггүй. Харин ч зарим нэгнийх нь хадгалалт хамгаалалтад зориулж хөрөнгө төсөвлөж өгдөг. Өвийг бүртгүүлэхийн тулд уламжлал хөгжлийг харуулсан 30 минутын баримтат киноноос эхлээд фото зураг, холбогдох баримтуудыг бүрдүүлэхэд зориулан улсын төсвөөс хөрөнгө гаргах үүрэгтэй. БНХАУ зөвхөн нэг өв бүртгүүлэхэд зориулан 54 мянган ам.доллар төсөвлөдөг бол манай улсад энэ тоо 6600 ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Харин хөөмийгээс үүсэлтэй энэ удаагийн  хэрэг хаа хаанаа томоохон сургамж болж, төр засгийн зүгээс анх удаа энэ жилд 66 мянган ам.доллартай тэмцэх хэмжээний хөрөнгө төсөвлөөд байна. Тус мөнгөөр соёлын биет бус 10 өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр материал бүрдүүлээд байна.

Энэ удаагийн хэлэлцээрээр мөн хоёр улс харилцан соёлын төв байгуулах, Монгол Улсаас соёлын биет өвийг хил дамнуулан худалдахаас сэргийлэх, боловсролын дипломыг хоёр оронд хүлээн зөвшөөрөх зэрэг дөрвөн асуудлаар хамтарч ажиллахаар боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж