Д.Бат-Эрдэнэ: Би өөрөө бүх хариуцлагыг үүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ: Би өөрөө бүх хариуцлагыг үүрнэ

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Б.Одончимэг нарын тамирчид өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Тэмцээнд явахаасаа эхлээд тэмцээнд оролцож эхэлсэн эхний өдрүүдэд ч сэтгэлзүйн хүнд дарамттай байсан чөлөөт бөхийн шигшээ багийн таагүй уур амьсгалыг арчин үлдээж, дэлхийн дэвжээнээс мөнгө, хүрэл медальтай ирсэн бүсгүйчүүдийг Монголын чөлөөт бөхийн холбооны хамт олон хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв. Дэлхийн аваргын медальтнуудыг энэ ёслолын дараа хэвлэл, мэдээллийнхэнтэй нүүр учруулсан бөгөөд энэ удаагийн спорт уулзалтын үеэр дэлхийн медальт бүсгүйчүүдээс илүүтэй дэлхийн аваргад баг тамирчдаа оролцуулах бэлтгэл ажлыг хариуцан ажилласан Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын хэлэх үг, өгөх тайлбар сэтгүүлчдийн сонирхлын төвд байсан юм. Сүүлийн долоо хоногийн турш хэвлэл, мэдээлэл хийгээд олны анхаарлын төвд байж, хамгийн их хариуцлага алдсан эздийн нэгээр тодроод байгаа тус холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Бат-Эрдэнийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын нисэх байсан онгоцны хуваарьт өөрчлөлт орсны улмаас манай тамирчид тун хүнд нөхцөл байдалд Дани руу ниссэн. Төлөвлөсөн өдөр тооцоолоогүй алдаа гарсан ч үүнд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг буруутгах хүн олон байгаа. Наад зах нь олон хоногийн өмнө анхааруулж байсан цаг агаарын мэдээлэлд ач холбогдол өгч, нисэх өдрийнхөө хуваарийг өөрчилж болох байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Цаг агаарын байдлыг урьдчилан зарлаж байсан. Үнэхээр цаг агаараас болж онгоц нисэхгүй байж магадгүй учир нислэгээ өөрчилж болох байсан уу, гэвэл боломж байсан. Арга хэмжээ авсан уу, аваагүй. Үнэндээ, бидний хувьд тийм айхтар шуурга болно гэж бодоогүй байсан. Нөгөө талаар тэмцээнд явахын өмнөх хэд хоног тамирчдын хувьд маш чухал үе байсан. Сүүлийн байдлаар бэлтгэл хангах, торгон ирээ тааруулах гээд. Ийм үед бид онгоцны нислэгт анхаарал хандуулах цаг зав байсангүй. Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн даргын хувьд би бүх хариуцлагыг үүрч байна гэдгээ хэлэх нь зөв байх. Тэмцээний өмнө хэзээ Данид очих вэ гэдэг талаар бид ярилцаж байсан. Хэзээ явах вэ гэдэг дээр хоёр зам байсан. Нэг нь долоо хоногийн өмнө очиж, тэндээ жингээ тааруулаад, тэмцээнд оръё гэсэн нэг арга. Нөгөөх нь эндээ жингээ тааруулж, өмнөх өдөр нь очиж, нэг хоног амраад тэмцээнд орох гэсэн ийм хоёр сонголт байсан. Нислэгийн хувьд уг нь маш гоё таарч байсан. Ингээд шигшээ багийн удирдлага, багш, дасгалжуулагч нар сууж ярилцсаны үндсэн дээр хугацааг тулгаж очихоор шийдсэн. Ингэж шийдэхэд санхүүгийн нөхцөл байдал ч нөлөөлсөн. Гэхдээ үнэхээр цаг агаар тийм байдалд хүрнэ гэж бодоогүй байсан.

-ДАШТ-ий 96 кг-д өрсөлдөх байсан Я.Алтантулгыг эхний нислэгээс үлдээсэн тул тэмцээндээ оролцож чадаагүй. Яагаад заавал ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Ерөнхийдөө бид энэ дэлхийн аваргад бага жингин бөхчүүддээ найдлага тавьж байсан юм. Б.Наранбаатар, П.Өнөрбат, Г.Мандахнаран гуравт бид илүү найдаж байсан. Тийм болохоор Г.Мандахнаранг эхний өдөр барилдах хоёр тамирчинтай түрүүлээд явуулчихвал бүрэн амралт аваад тэмцээндээ амжилттай оролцох боломжтой гэж тооцоолсон юм. Гэсэн хэдий ч Г.Мандахнаран эхний барилдаандаа ялагдсан байгаа. Тухайн үед, эндээс манай тамирчид Дани руу нисэх үед бол би МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбатын хамт тэмцээн болох хотод оччихсон байсан. Тиймээс манай тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар аваргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, энд үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулсан. Ажлын хэсгээс Я.Алтантулгыг үлдээе, хөнгөн жингийн бөхчүүдээ түрүүлж явуулъя гэсэн шийдвэр гаргасан.

-Тэгэхээр Я.Алтантулга ганцаараа Монголд үлдсэн гэсэн үг үү?

-Үлдсэн. Я.Алтантулга Дани руу нисээгүй.

-ДАШТ-ийг Зохион байгуулах хороонд Я.Алтантулгыг өвдсөн учир тэмцээнийг өнжлөө гэж тайлбарласан гэдэг хэр үнэн мэдээлэл вэ?

-Энэ талаар би сонсоогүй юм байна. Бидний зүгээс бол цаг агаарын байдлаас болж манай баг тамирчдад үүссэн нөхцлийг FILA болон Зохион байгуулах хороонд  уламжилсан байгаа.

-Холбооны ерөнхийлөгч Л.Чинбат болон ерөнхий нарийн бичгийн дарга та хоёрт баг тамирчдаас түрүүлж нисэх ямар шаардлага байсан бэ. Тодруулбал, ямар ажлаар явсан талаараа тайлбар хэлж болох уу. Тамирчдаасаа түрүүлж ниссэн нь удирдлагуудыг ороох нэг шалтгаан болж байгааг та анзаарсан байх?

-Бидний хувьд өөр ажлын шаардлагаар түрүүлж явсан. Өөрөөр хэлбэл, компанийн ажлаар Берлинд очих шаардлага байсан юм. Бид Берлинд 17-нд очсон. Төлөвлөж байснаар бол 19-нд тамирчдаа Копенгагены онгоцны буудал дээр тосох ёстой байсан. Хэрвээ ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга миний бие хоёр тэнд түрүүлж очоогүй, эндээс тамирчидтайгаа хамт нисэх байсан бол адилхан цаг агаарт боогдож, нэгэнт хоцорсон баг тамирчдаа тэмцээнд оролцуулж чадахгүй болох байлаа. Улмаар Монголын эрэгтэй баг дэлхийн аваргаас багаараа хасагдах магадлалтай болчихсон байсан.

-Эхний нислэгээр явсан хөнгөн жингийн гурван тамирчин онгоц, машин сэлгэж явсаар Хернингэд очсон. Тэднийг очиход жин үзээд дууссан байсан гэсэн мэдээллийг хүмүүс авсан байгаа. Харин гурван тамирчин маань Хернингэд очсоноосоо хойш хэдий хугацаанд амарсан бол?

-Манай тамирчид тэмцээн эхлэхийн өмнөх өдөр буюу орон нутгийн цагаар есдүгээр сарын 20-ны өдрийн 11 цагт жингээ үзүүлэх ёстой байсан. Энэ цагт ирж амжихааргүй болсон тул бид нар FILA-гийн удирдлагуудад хүсэлт тавьж, тамирчдаа жин үзэх албан ёсны хугацаанаас хоцорч ирэх нь гэдгийг тайлбарласны үндсэн дээр манайхан хоцорсон ч гэсэн жингээ үзүүлж, тэмцээнд орох эрхтэй болсон. Б.Наранбаатар, П.Өнөрбат, Г.Мандахнаран гурав жин үзэх өдрийн үдээс хойш буюу өдрийн 16 цагийн үед ирсэн. Ингээд хоёр тамирчин маань маргааш өдрийнхөө 13 цаг хүртэл амраад, тэмцээндээ орсон.

-Очингуутаа жингээ үзүүлсэн үү?

-Тэгсэн.

-Манай гурав Монголд байхдаа жингээ барьж, хоол ундаа хассан байгаа. Яг хэдний өдрөөс эхэлж, жингээ барьсан бэ. 18 уу, 19 үү?

-Эндээс явах үеийн байдлыг багш нар мэдэх байх.

-Шинэ хүмүүс, өөрөөр хэлбэл шинэ баг өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж байгаа. Энэ багаас хүмүүс их зүйл хүлээж байгаагийнхаа хирээр та бүхнийг илүү анхааралтай ажиглаж байна. Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж яваа хүний хувьд та өнөөдрийн байдлаар ажлынхаа эхлэлийг яаж дүгнэх вэ?

-Монголын чөлөөт бөхийн холбоо бол яах аргагүй олны анхаарлын төвд байдаг спортын төрийн бус байгууллага. Энэ том холбоог шинэ хүмүүс хариуцан ажиллаж, шинэ бүтэц зохион байгуулалт, удирдлагатай болсон өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэд хэдэн олон улсын тэмцээн боллоо. Дотоодын хэд хэдэн удаагийн цугларалт болсон. Энэ бүхэнд бид өнөөдрийн байдлаар 400 гаруй сая төгрөг зарцуулчихсан явж байна. Энэ мөнгөний 80-90 хувь нь холбооны хөрөнгө оруулалт байсан юм шүү. Энэ мөнгө бөхөд хайртай хэдхэн хүний халааснаас гарч, бөхийн хөгжлийн төлөө зарцуулагдаж байна. Хувь хүний халааснаас гарч байгаа мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүгдийг та бүхэн, спорт сонирхогчид ойлгоосой гэж хүсч байна. Дэлхийн аваргаас хоёр тамирчин маань медальтай ирсэн ийм өдөр өөдрөг талыг нь харж, ярихыг хүсч байна. Гэхдээ би энэ холбооны ажлыг аваад удаагүй байгаа, шинэ удирдлагын хувьд саяын тэмцээнд алдаа гаргасан зүйл байхыг үгүйсгэхгүй.

-Тэр алдааны төлөө та өөрийгөө ямар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна?

-Тийм хариуцлага хүлээнэ гэж би хэлж мэдэхгүй байна. Манай холбооны дээд байгууллага нь Удирдах Зөвлөлийн хурал байдаг. Тэр хурлаар асуудлыг ярих байх.

-Тэгвэл, Удирдах Зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Улиралд нэг удаа хуралддаг. Тэр хугацаа нь аравдугаар сард болно. Гэхдээ өнөөдөр өөдрөг талыг нь ярья. Ямар ч байсан, миний хувьд, энэ холбооны ажлыг аваад удаагүй байгаа мэргэжлийн бус хүний хувьд, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд их зүйл сурлаа. Алдсан байж магадгүй. Гэхдээ би анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахалж яваад Монгол Улсын хэмжээнд байгаагүй эмэгтэй чөлөөт бөхийн нэг мөнгөн медаль, дөрөв дэх хүрэл медалийг авчирсан амжилтад сэтгэл ханамжтай байгаа. Ажлынхаа ирээдүйд итгэлтэй болж байна. Болох юм байна, дараа дараагийн тэмцээнээс мөнгө, хүрлээр тогтохгүй алтын төлөө өрсөлдөж, ард түмнээ баярлуулах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож, урам зориг авсан гэж хэлмээр санагдаж байна.

Б.Бадмаа 2009.09.29

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж