Шинэ босстой “Ньюкастл” “Ливерпуль”-ийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Шинэ босстой “Ньюкастл” “Ливерпуль”-ийг буулган авлаа

Английн Премьер лигийн 17-р тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөлөө. Өчигдөр нийт зургаан тоглолт болсон бөгөөд үлдсэн дөрвөн тоглолтын гурав нь энэ үдэш, харин нэг нь маргааш буюу даваа гаригт болох юм.

Премьер лигийн хамгийн чинээлэг багуудын нэг “Манчестер Сити” лигийн хүснэгтийн сүүл мушгиж буй “Уэст хэм”-ийн Аптон парк цэнгэлдэхэд зочилж, 3:1 харьцаатай буулган авснаар хүснэгтийн хоёрдугаар байр руу урагшиллаа. Тоглолтын 29 дэх минутад Яаяа Туре хаалгач Роберт Гриний хаалганд эхний гоолыг оруулж, тооны харьцааг нээсэн бөгөөд харамсалтай нь хоёрдугаар үед тооны харьцааг 2:0 болгож, дублийн эзэн болоход аз дутсан юм. Зүүн жигүүрээс цохисон Турегийн цохилт хаалганы шон онож, улмаар Гриний биед ойж, хаалганд орсон. Тоглолтын 73 дахь минутад ийнхүү тооны харьцаа 2:0 болж, Грин авто гоолын эзэн болсон юм. Харин сэлгээгээр талбайд гарсан Адам Жонсон 81 дэх минутад гоолдож, багийнхаа ялалтыг баталгаажуулсан бол Аврам Граантын цэргүүдээс Жеймс Томкинс 88 дахь минутад нэр төрийн гоолыг оруулжээ.

Ийнхүү Роберто Манчинигийн удирдаж буй “Ман Сити” 17 тойргийн дараах байдлаар лигийг тэргүүлэгч “Арсенал”-тай ижил оноотой боловч гоолын зөрүүгээр хоёрдугаарт бичигдээд байна. Лондонгийн “Их буучид”-ын тухайд нэг тоглолт дутуу бөгөөд даваа гаригт Олд Траффорд цэнгэлдэхэд “МанЮ”-тай халз тулах юм.

Харин өчигдөр “Ньюкастл Юнайтед” Сейнт Жеймс парк цэнгэлдэхдээ “Ливерпуль”-ийг буулган авч, шинэхэн дасгалжуулагчдаа бэлэг барилаа. Алан Пардьюгийн удирдлага дор эхний тоглолтоо хийсэн “Алаг шаазгайнууд” Кевин Нолан, Жое Бартон, Энди Карролл нарын гоолын ачаар Мерсисайдын “Улаанууд”-ыг 3:1-ээр буулган авсан байна. Ингэснээр хоёр баг ижил 22 оноотой боловч гоолын зөрүүгээр “Ньюкастл” найм, харин “Ливерпуль” есдүгээр эгнээг эзэлж байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

“Астон Вилла” 2:1 “Уэст Бром”
“Эвертон” 0:0 “Уиган”
“Фулхэм” 0:0 “Сандерлэнд”
“Стоук Сити”  0:1 “Блэкпуль”
“Уэстхэм” 1:3 “Манчестер Сити”
“Ньюкастл” 3:1 “Ливерпуль”

Өнөөдөр болох тоглолтууд:

“Болтон Вандерерс” – “Блэкбурн”
“Вулверхэмптон” – “Бирмингэм”
“Тоттенхэм” – “Челси”


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж