“Челси” өвлийн солилцоогоор хэнийг авах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

“Челси” өвлийн солилцоогоор хэнийг авах вэ?

Шинэ он гармагц нээгдэх өвлийн солилцооны цонхоор нэг бус тоглогчид Стэмфорд Брижид ирэх бололтой. Англид төдийгүй Европын тавцанд данстай “Челси” клубын удирдлага арилжаа наймааны үеэр шинэ тоглогчдыг багтаа авчрахаар багагүй мөнгө төсөвлөөд байгаа тухай Карло Анчелотти ярьжээ. Түүний хэлснээр хэдийгээр сүүлийн үед тааруухан амжилт үзүүлж, урагшгүй үр дүн гаргаж байгаа ч багийн эзэн Роман Абрамович дасгалжуулагчдаа итгэл хүлээлгэж, багийн бүрэлдэхүүнийг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авахыг Анчелоттид даатгасан гэнэ. Тэрбээр “Би клубын эзэнтэй уулзаж ярилцсан. Нэгдүгээр сарын солилцооны цонхоор юу хийх боломжтой талаар ярилцаж, тохирсон. Хэрэд бид багийн бүрэлдэхүүнээ сайжруулахыг хүсч л байгаа бол багтаа тоглогч авчрах боломжтой байх ёстой. Харин багийн эзэн энэ боломжийг бидэнд олгосон” хэмээн ярьжээ.

Ямартай ч ноён Абрамович багтаа шилдэг тоглогчдыг авчрахын тулд гар татахгүй хэмээн ам гарч байснаа биелүүлэхээр шийдсэн бололтой. Харин энэ нь Лондонгийн “Цэнхрүүд”-ийн үнэнч фанатуудын чихэнд уянгалаг хөгжим мэт эгшиглэх биз ээ.

“Челси” өнгөрсөн хоёр ч солилцооны цонхоор төдий л амжилттай наймаа хийж чадаагүй. Хамгаалагч Юрий Жирковтой 18 сая фунтын гэрээ хийж, дараа нь Бразил хөлбөмбөгч Рамиресийг мөн тийм үнээр багтаа авчирсан ч тэд шошгон дээрх үнэтэйгээ дүйцэхүйц хэмжээний тоглолт гаргаж чадаагүй л яваа.

Тэгэхээр шинэ оны эхэнд Анчелотти багтаа хэнийг авчрах бол? Фрэнк Лампардын “арыг дааж”, дэмжиж өгөх төвийн хамгаалагч, эсвэл Петр Чехийг орлох хаалгач уу. Магадгүй өөр нэгэн залуу довтлогч ч байж болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж