Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Онцлох нийтлэл

Ардчилсан нам амьд уу?

Арванхоёрдугаар
сарын 6. Ард­чиллын төлөөх намууд нэгдсэний 10 жилийн ойн өдөр. 2000
оны УИХ-ын сонгуулиас зургаан сарын дараа буюу энэ өдөр ард­­чиллын
төлөөх таван нам нэг­дэж, тэр үед эрх барьж байсан улс төрийн ууган
намыг анх удаа буланд шахсан билээ. Үүний үр дүнд 2004 оны УИХ-ын
сонгуулиар Ардчилсан нам, МАХН хоёр эн тэнцүү суудал авч, ард түмний энэ
сонголтыг улстөрчид “Хаан сонголт” хэмээн өргөмжилж байв. 1996-2000 онд
анх удаа төрийн эрх барьсан шинэ залуу ардчилагчид энэ дөрвөн жилд
туулсан зовлон, алдсан алдаагаа жинлэж үзээд эвлэлдэж нэгдсэний, арван
жил өөр хоорондоо өрсөлдөж, 70 жил эрх барьсан хуучин коммунист намын
эсрэг ардчиллын төлөөх намууд анх удаа нэг дээвэр дор нэгдсэний анхны үр
дүн энэ байсан билээ. Харамсалтай нь сонгуульд намаа удирдаж орсон
М.Энхсайханыг “Эрэл”-ийн намтай эвсэж, хамаг суудлаа сул тавьж өгөв
хэмээн хөөж явуулснаар “эв хамт ёс” дуусч, тэр нь өөрийн хүмүүсийг аваад
Ардчилсан намыг Засгийн газраас шахсан билээ. Ялалтыг ялалтын чинээ
үнэлж чадаагүйн “лай ланчиг” л энэ биз.

Гэвч ингэлээ гээд
ард­чиллын төлөөх на­муу­дын тэр нэгдлийн үнэ цэнэ буурах учиргүй мэт.
Ингэ­вэл Ардчилсан нам өөрийн­хөө оршин байгаа учир хол­бог­дол хийгээд
үнэлэмжийг буу­руул­сан хэрэг болно. Өөрөөр хэл­бэл, арванхоёрдугаар
са­рын 6-ны өдөр тус намын ги­шүү­дийн хувьд, тэр тусмаа Ард­чил­сан
намтай элэг нэгдсэн улс төрийн бусад намуудын ху­­­вьд зүй ёсоор
хүндэтгэлтэй өдөр. Зөвхөн Ардчилсан на­мын гишүүдийн хувьд ч бус, нийт
монгол туургатны хувьд хүн­­дэтгэлтэй хандах ёстой бас нэг шалтгаан нь
өдгөө хүртэл Монгол Улсыг дэлхийн чихнээ дуурсгасан эзэн Чингис төв
Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Хамаг Монгол улсыг байгуулан хаан
ширээнд залар­сан 1206 оныг бэлгэдсэн өдөр. Тий­мээс ч арван жилийн өмнө
ардчиллын төлөөх намууд анх нэгдэхдээ энэ өдрийг сонгож, иргэд нь эрх
чөлөөтэй, чинээлэг Монгол Улсыг байгуулахын төлөө андгай тавьцгаан
Ард­чил­сан намын анхдугаар их хурлыг хийсэн билээ.

Харамсалтай
нь саяхан болж өн­гөр­сөн ҮЗХ-ны хурлын “па­­ник”-аас гарч амжаагүй
Ард­­чилсан намын одоогийн удирд­лагууд энэ өдрийн учир холбогдлыг
төдийлөн ойшоо­сон­гүй. Тиймээс ардчиллын тө­­лөөх таван намыг нэгтгэх
аж­лыг тэр үед санаачлан хий­сэн МҮАН-ын дарга асан Р.Амар­жаргал,
МСДН-ын дарга асан Р.Гон­чигдорж болон бусад намуудын дарга нар,
Ардчилсан намын анхны дарга асан “ноён” Д.Дорлигжав нарт энэ дашрамд
тэдний өмнөөс эчнээ талархал илэрхийлье. Үе үеийн намын дарга нарын
унагаж, босгож яв­сан намын туг билэгдлийг ч мөн тэр их хурлаар баталсан
би­лээ. Үүгээр оршил хэсгээ дуус­гаад “Ардчилсан нам амьд уу” гэсэн
ээлжит асуултынхаа хариул­тыг хайя.

Өнгөрөгч сарын дун­дуур
Ард­­­­чилсан на­мын ҮЗХ-ны ээл­жит хурал­даан болсон. Бараг са­рын
өмнөөс бэлтгэлээ хийж, МАХН-ын Их, Бага хурлуудаас болж бас хэд хоног
хойшилсон ҮЗХ-ны энэ удаагийн хурал Ард­­чилсан намын дотоодод нэ­лээд
өөрчлөлт авчирна гэсэн хү­лээлт намын гишүүдийн дотор ч, нийгмийн
олонхид ч байсан юм. Хүссэн хүсээгүй нийгмийн масс сонгууль болгоноор
улс тө­рийн хоёр том хүчин дээр төв­лөрч сонголтоо хийдэг учраас энэ
хоёр намын алхах гишгэх, алдах онох бүрийг анхааралтай ажиглаж байдаг нь
жам хойно. Ялангуяа 2008 оны сонгуулийн дараа, хамтарсан Засгийн газарт
орсны дараа энэ нам дотор бий болсон унтаа сэрүүн нь үл мэдэгдэх
амарлингуй дүр төрх, нийгмийн шинэчлэлд цаг үр­гэлж тээг болсоор ирсэн
МАХН-ын хуучинсаг бодлогод хэт автсан улс төрийн алмай байд­лаасаа гарах
болов уу хэ­мээн харж, найдаж байсан нь мэдээж. Тиймээс ч ҮЗХ-ны энэ
хурлын өмнө намын удирдлага хийгээд тэдний үйл ажиллагаа, хамтарсан
Засгийн газарт жин дарж чадахгүй байгаа улс тө­рийн хоёрдмол байр
суурийг шүүмжилсэн шүүмжлэл газар авч, намын удирдлагад сэлгээ хийх цаг
болсон лидерүүд өөр өөрс­дийн байр суурийг илэн далан­гүй уудалж байлаа.

Үүний дотор Ардчилсан нам Засгийн газраас гарч, сонгуулиар
хү­лээл­гэсэн сөрөг хүчнийхээ үүр­гийг биелүүлэх ёстой гэсэн нэг хэсэг,
хамтарсан Засгийн га­зар хариуцлагаа ухамсарлаж, хоёр намын байгуулсан
гэрээг хэрэг­жүүлэх ёстой гэсэн бас нэг хэсэг үйл явдлыг өр нөлийг
хүлээж, өөр өөрсдийн байр суу­рийг хамгаалж байсан. Харам­сал­тай нь
өнөөдөр эргээд ха­рахад Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас аль аль нь ажил
болсонгүй. Хоёр долоо хо­но­гийн өмнө болсон МАХН-ын Их, Бага хурлын
явсан дра­маар бүх асуудал шийдэгдэж, намын удирдлагаас гаргасан
шийдвэрийг ҮЗХ-ны бүх гишүүд батламжилснаар л хурал өндөр­лөсөн гэж
болно. Харин хур­лын дараа “ялсан” дарга нар, “ялагдсан” өрсөлдөгчдөө
хэв­лэлээр жаахан загнах шив дээ. Лу.Гантөмөрийн “залуучуудаа
ун­­туул­сан” гэж, С.Эрдэнийг “Н.Энх­­баяртай хуйвалдсан” гэж,
З.Энх­болдыг бас юу ч гэ­сэн юм дээ. Одоо лав түүний өө­дөөс үг хэлэх
хүнгүй болсон бай­на. Үүгээ­рээ Ардчилсан на­мын дарга өөрий­гөө хүчтэй
хараг­дуулж байж болох ч, намаа бол насгүй бол­гож байна.

Ардчилсан
намын дарга албан тушаалаа өгөөд, намаа хамтарсан засгаас гаргах нь
жирийн иргэдийн хувьд бол тийм их сонирхолтой биш л дээ. Ардчилсан нам
Засгийн газраас гарснаар ирэх сонгуульд нэр бүтэн орно, эдийн засгийг
унагаж, иргэдийн эрх чөлөөг боомилсон МАХН-ын бодлогын золиос болохгүй
гэж харж байгаа тодорхой улс төрчдийн хувьд бол сонирхууштай үйл явдал.
Гэвч нийгмийн олонхийн хувьд бол улс орны хөгжлийн зөв бодлого гаргаад,
дэлхийн хөгжил рүү хөтлөх улс төрийн гол хүчин нь Ардчилсан нам өөрөө
байгаасай, төрийн эрх мэдлийг улам бүр томруулж, татвар төлөгчдийн
мөнгийг үр ашиггүй зарж байгаа хэт зүүний бодлоготонгуудад байраа бүү
тавьж өгөөсэй гэдэг хүсэл. Бас дээр нь эрх барьж байгаа энэ хоёр улс
төрийн хүчнээс үзэл бодлын ялгарал, эрүүл саруул өрсөлдөөнийг олж харах
гэсэн эрэл хайгуул.

Харамсалтай нь энэ бүхэнд Ардчилсан на­мын
удирдлагууд энэ удаад хариулт өгч чадсангүй. Ардчилсан намын ҮЗХ-ны
хурал Н.Алтанхуягийг албан тушаалд нь авч үлдэх л ганц зорилготой байсан
мэтээр харагдаж байна. ҮЗХ-ны хурлын 160 гишүүн бүгдээрээ ийм шийдвэр
гаргасан гэхэд ч гайхаж, эргэлзэхэд хүрээд байна. Учир нь, сонгууль
гэдэг дөрвөн жилийн хугацаатай. Энэ хугацааны тэн хагасаас илүү нь
өнгөрсөн цаг дээр яригдаж байхад Ардчилсан намд ч гэсэн гишүүддээ тавих
тайлан, өмнөө тавих зорилт байх учиртай. Оюутолгойн гэрээг хийсэн, Төмөр
замын бодлогыг баталсан гэж үзэж байгаа бол үлдсэн хугацаанд ямар ажлыг
хийж чадах юм бэ гэдэг амлалт. Хэрвээ тийм зүйл байхгүй бол Ардчилсан
нам Засгийн газарт байх нь угаасаа шаардлагагүй билээ.

Тиймээс
энэ намд яах аргагүй цус сэлбэлт дутагдаж байгаа юм байна гэдэг нь энэ
удаагийн ҮЗХ-ны хурлаас бүр ч ил тодорхой харагдав. Нэрээ сольсон,
амлалтаасаа бултсан гээд адгийн муугаар хэлүүлж байгаа МАН хүртэл сая
болж өнгөрсөн Их хурлаараа нүүр царайгаа да­хиад нэг шингэлчихлээ.
“Нийг­мийн ардчилал, Монголын залуу­чуудын холбоо” гэх солгой нэр­тэй
байгууллагаар дамжсан улс­төрчдийн бас нэг шинэ үе МАХН-д түрээд ороод
ирлээ. Энэ намд ядахдаа лифтээр зөөсөн ч бай, кранаар татсан ч бай
өөрсдийн хойч үеэ гаргаж ирээд, зайгаа тавиад өгөх улс төрийн соёл
байна. Харин Ард­чилсан нам өнөөдрийг хүртэл Х.Тэмүүжингээ, УИХ-д хоёр
дахиа сонгогдсон Лу.Ган­тө­мө­рийгөө, тэдний ард оочерлож байгаа эрүүл
саруул амбицтай олон залуусыг цаг ямагт арын эгнээ рүү шахсаар, 10-20
жил Ардчилсан намын нүүрэн талд яваад аяншиж гундчихсан, өөрт байдаг
потенциалаа бүр­мө­­сөн шавхаад нийгэмд эл дол бол­чихсон нөгөө л хэдэн
лиде­рүүдтэйгээ тэврэлдсээр Ард­чил­сан намыг насгүй болгож байна.

Хэрвээ
Н.Алтанхуяг дарга намаа, бас засгаа бодсон бол Ард­­чилсан намын даргын
сууд­лыг илүү эрч хүчтэй, ирээдүйтэй, илүү “контраст” сайтай өөр нэгэнд
даатгаж өгөөд, “ялтай” ч гэ­сэн засгийнхаа ажлыг өөрөө хийж болох
байлаа. Тэгсэн бол Ардчилсан нам илүү амьд хөдөл­гөөнд орж, Засгийн
газрыг ч ша­хахаа шахаж, Н.Алтанхуяг дарга ч ажлаа сайн хийх байсан биз.


2010 оны 12 сарын 7

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж