
Сонирхуулахад, кэндо нь Кэн буюу сэлэм, До буюу зам, хөгжил гэсэн утга бүхий сэлмийн тулааны урлаг юм. Японы үндэсний тулааны урлаг болох кэндо нь каратэ, жүдо, айкидогийн нэгэн адил тулааны урлаг бөгөөд сэлмээр тулалддагаараа онцлогтой. Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлаг бөгөөд харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэхэд ач холбогдолтой тулааны урлаг юм.Кэндо нь тулааны урлаг, самурайн замнал бөгөөд сэлэм ашиглан дайснаа хороох арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн урт хугацааны явцад хөнөөл аюулгүй хулсан сэлмээр солигдон, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг агуулсан амар амгалан нийгмийн цогц урлаг болон хөгжиж иржээ.