УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Энэтхэгт хийж буй айлчлалын талаар сэтгүүлч Б.Ханддолгор мэдээлэл ирүүллээ.

Энэтхэг Монголын парламентын дарга нар сүүлийн хагас жилийн дотор харилцан айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  анхны төрийн айлчлалаа тус улсад хийсэн зэрэг нь манай хоёр орны харилцааг эрчимтэй хөгжих шатандаа оржээ гэдэг сэтгэгдлийг зүй ёсоор төрүүлж  байлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болоход Монгол Улсын оруулсан дэмжлэгийг Энэтхэг улс өндрөөр үнэлдэг бол, манай орныг НҮБ-д элсч, олон улсын тавцанд байр сууриа эзлэхэд дэмжсэнд Монголын төр үргэлж ач санаж явдгийг талууд харилцан  илэрхийлж байлаа.

Энэтхэгийн тал уламжлалт харилцаагаа бизнесийн салбар, тухайлбал цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тэлэх хүсэлтэй бол  Монгол Улс эдгээрээс гадна батлан хамгаалах, гэгээрэл боловсрол эмийн үйлдвэр, боловсон хүчнийг чадваржуулахад   хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байна.

Энэтхэгийн парламентийн доод танхим Лок Сабхад Энэтхэг- Монголын парламентын бүлэг ажиллаж эхэлснийг эрхэм спикер, хатагтай Мэрай Кумар УИХ-ын даргад танилцуулж, би Монголын талаар маш олон ном уншиж, мэдээлэл цуглуулсан боловч миний суралцсан бүхэн Монголд айлчлаад үзсэнтэй минь харьцуулахад үнэхээр чамлалттай байсан. Та бүхэн агуу их өвөг дээдсийнхээ хүч чадлыг өвлөсөн ардчиллыг амжилттай хэргэжүүлж байгаа найз нөхөр минь гэх зэрэг халуун дотно үгсийг харамгүй  хэлж байв.

Парламентын төвшинд улс орнууд хамтран ажиллах бодлогоо тодорхойлж Засгийн газрууд хэрэгжүүлж ажилладаг жишгээр бол эдгээр айлчлал, эрчимтэй харилцааны үр дүнд манай улс байгалийн үнэт баялаг ураныг  Энэтхэгтэй хамтран олборлож ашиглах төлөвтэй байгаа нь ажиглагдлаа.

 УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтынхаа төгсгөлд Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга  хатагтайд монгол төрийн Их засаг хуулийг хуулийн худан  монгол бичвэр, ташуурын хамт бэлэглэхдээ энэхүү Их засаг хуулиас бид одоог хүртэл суралцсаар байгааг тэмдэглэж,  ташуурыг дэггүй гишүүдээ  номхотгохдоо ашиглаж байхыг сануулж амжсан юм.

Б.Ханддолгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж