Онцгойнхонд гэр олгов

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Онцгойнхонд гэр олгов

Онцгой байдлын албан хаагчид өнөөдөр өргөө цагаан гэртэй боллоо. Тусгаар тогтнолын талбайд  болсон  уг үйл  ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчид оролцов. Энэ үеэр НОБГ-ын Аврах тусгай ангийн 10 албан хаагчид иж бүрэн гэр, ОБЕГ-ынүйлчилгээний 10 ажилтанд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олголоо. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны хоёр ахмад настан өргөө цагаан гэртэй болов. 

УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ үеэр “Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын нийгмийн болон тухайн хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллах болно, цаашид ч Онцгой байдлын албаны албан хаагчид тохилог орон сууцаар хангагдах сайхан ирээдүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дашрамд дурьдахад, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын 16.4 хувь, үйлчилгээний албан хаагчдын 12.1 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хамрагддаг байна. Тиймээс энэ онд ОБЕГ-ын албан хаагчдын нийгмийн асуудалд анхааран төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Аврах тусгай ангийн байрлалд 58 айлын орон сууц, “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 59 албан хаагчийг өөрийн орон орон сууцтай болгожээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж