-2004 оны Афины олимпийн аварга, ОХУ-ын алдарт бөх Хаджимурад Гацалов дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо-
Данийн Хернинг хотод болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 2004 оны Афины олимпийн аварга, ОХУ-ын алдарт бөх Хаджимурад Гацалов 96 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө Бээжингийн олимпийн наадмын хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аварга, Европын аварга, Азербайжаны Хетаг Гозюмовыг ялж, дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо.
ОХУ-ын шилдэг бөх Хаджимурад Гацалов сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Та дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо?
-Өмнө нь ялагдаж байсан тохиолдлууд өнгөрсөн үеийнх гэдгийг би өөртөө харуулахаар ийшээ ирсэн. Миний зорилго биелэлээ олсонд баяртай байна. Дахин энэ олон тамирчны дээд оргилд гарах сайхан санагдлаа.
-Өнөөдөр дахин дэлхийн аварга болж байгаа Х.Гацалов 2005-2007 онд ялагдашгүй хүчтэй байсан. Өнөөдрийн Гацаловыг тэр үеийнхтэй зүйрлэж чадах уу?
-Би гашуун ялагдал олныг амссан ч сэтгэлээр унаагүй. Одоо бол би оргилд хүрэхээс гадна ялагдлыг давж, яаж дахин ялалтад хүрч болдгийг сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд Гацалов сэтгэл зүйн хувьд улам хүчтэй болсон.
-Биеийн хүчний хувьд?
-Энэ жилийн эхээр би өвдгөндөө гэмтэл авсан юм. Мэс засалд орж, дахин эрүүл болохын тулд багагүй цаг хугацааг зориуллаа. Энэ жилийн хувьд миний оролцсон анхны тэмцээн Казаньд долдугаар сард болсон Оросын аварга шалгаруулах тэмцээн байсан. Хэдийгээр би улсынхаа аваргын төлөө барилдах тэр тэмцээнд төдийлөн бэлэн биш байсан ч сэтгэлийн тэнхээр ялсан гэж боддог. Харин дэлхийн аваргад оролцохын тулд би өөрийгөө маш сайн бэлдсэн.
-Танай зоонд өөрийн чинь мөнхийн өрсөлдөгч болох Ираны Абрахим, Гүржийн Георгий Гогшелизе нар байсан. Сугалаа ямар санагдсан?
-Би маш тайван байсан. Абрахим, Гогшелизе нарын том мастеруудтай би барилдах дуртай. Тэр хоёр хоёулаа л Данид зөвхөн алтан медалийн төлөө өрсөлдөхөөр ирсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Авах ч ёстой хүмүүс. Гэхдээ миний өмнө бас л тийм зорилт байсан шүү дээ. Би тэдэнтэй олон удаа барилдаж байсан болохоор гайхаж, сандрах зүйл огт гараагүй. Ийм тохиолдолд хүч, хурд бас ялахыг зорьсон асар их тэмүүлэл маань надад тус боллоо.
-Абрахимитай барилдаж байхад танд шодолт ирсэн ч ашиглаж чадаагүй. Тэгэхэд юу болсон бэ?
-Миний талаас бага зэргийн техникийн алдаа гаргасан. Хоёрдугаар үеийн дараа түүнийг маш их хөлөрснийг би тооцоолсонгүй. Тэгээд хөлөө сайн тулж чадаагүй гэх үү дээ. Гуравдугаар үед би илүү хурдтай барилдсан. Абрахими тэр хурдыг гүйцэж чадаагүй.
-Та аваргын төлөөх барилдаанд Гозюмоваас ч илүү хурдтай байсан. Гэхдээ шигшээд түүнийгээ ашиглаж чадсангүй. Юу болов?
-Гозюмов бид хоёр бие биенээ сайн мэднэ. Тэр Азербайжаны иргэн болохоосоо өмнө Оросын шигшээд байсан шүү дээ. Гозюмов биеийн хүч сайтай учраас миний довтолгоог бүтэн хагас үеийн турш няцааж байлаа. Хоёрдугаар үед тэр ядарсан байсан учир би хөлд орох боломжтой болсон.
-Шигшээ барилдаанд та эхний үед нь ялагдаж, хоёрдугаар үеийн дундуур 0:1 хожигдож байлаа. Сандарсан уу?
-Би санаачилгыг авч барилдаж байгаагаа мэдэж байсан. Тиймээс сандарсангүй. Би хөлд орж, хоёрдугаар үед ялсан. Гуравдугаар үед харин Гозюмов бүтэн хамгаалалтад орсон учир би түүнийг нь нэвтэлж чадахгүй байсан. Харин Гозюмовын шодолтын барьцыг тэсээд гарсан маань сайн хэрэг боллоо.
-Тэр барьцыг тэснэ гэдэг чинь хөлбөмбөгийн торгуулийн цохилттой л адил санагдаж байна?
-Ийм байдалд хэрхэн тэсч үлдэхийг манай шигшээ багийнхан маш их анхаардаг. Энд техник хэрэгтэй ч сэтгэлзүй чухал. Би зорилгодоо хүрэхийн тулд замд нь гашуун ялагдал амсч байсан болохоор шигшээ барилдаанд шодолтоор ялагдах эрхгүй байсан.
Ш.Самбуу /2009 оны 9 сарын 22/