
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болоод зүүн хэсгийн дагуул хотууд, түүнчлэн Багануур- Чойрын чиглэлийн болон говийн бүсэд уул уурхайн үйлдвэрүүд шинээр баригдаж байгаатай холбогдон өсөн нэмэгдэж буй цахилгаан энергийн хэрэгцээг хангах, Эрчим хүчний нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Улаанбаатар” дэд станцын 220 кВ-ын ил хуваарилах байгууламжид шинээр өргөтгөл хийж, ашиглалтад хүлээлгэн өгөх ёслол өчигдөр болов. Эрчим хүчний салбарт анх удаа монгол инженерүүд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн 220кВ-ын ил хуваарилах байгууламжийг бие даан барьсан жишиг дэд станц болсныг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ үеэр хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Дэд станцад шинээр суурилуулсан бүх тоноглол бүрэн автомат удирдлагаар хангагдсан төдийгүй алсын зайнаас буюу Диспетчерийн Үндэсний Төвөөс технологийн үйл ажиллагааг хянах, удирдах боломжтой болжээ. Ашиглалтад орсон энэхүү дэд станц нь Монгол Улсын зүүн болон өмнөд бүс цаашилбал говийн бүсийн цахилгаан хангамжийг шийдвэрлэхэд тулгуур дэд станц болж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил юм.Тус дэд станцид 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг “АББ” компанид захиалан үйлдвэрлүүлж суурилуулжээ. Тус дэд станцыг байгуулах ажил 2009 оноос эхэлсэн бөгөөд дотоодын санхүүжилтэд тус компани 530 сая төгрөг, Улаанбаатар хотоос 480.6 сая төгрөг зарцуулж, нийт 1.010,6 сая төгрөгийн санхүүжилтыг Монголын талаас хийжээ.
Б.Бямбаа