Цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулна

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засагч сэтгүүлчдийн клубээс “Нүүрс тээвэрлэлт ба эрчим хүчний найдвартай хангамж” сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан юм. Ярилцлагад Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга П.Батхуяг болон Эрчим хүчний зохицуулах газрын Үнэ тарифын албаны мэргэжилтэн Д.Цэрэннадмид, Х.Цогтбаатар нар оролцсон. Тэд эрчим хүч үйлдвэрлэлийн өнөөгийн явц, үнэ өртгийн талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. УБТЗ-аар энэ оны эхний 11 сард 7,4 сая тонн дотоод тээвэрлэлт хийсний 5,2 сая тонныг нь нүүрс эзэлдэг байна. Дотоод тээвэрлэлт байнга алдагдалтай явж ирсний дотор нүүрс тэээвэрлэлт ихэнх хувийг эзэлдэг тул энэ оны долдугаар сараас эхлэн УБТЗ нүүрс тээвэрлэлтийн үнэ тарифаа 25 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь эрчим хүчний салбарынханд зардал өсөх нэгэн сэжим болсон байна. Нүүрс тээвэрлэлтийн зардал 6,2  тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Зөвхөн тээвэрлэлтийн зардал өссөн төдийгүй нүүрсний уурхай-цахилгаан станц-хэрэглэгчдийн дунд өр авлагын сүлжээ үүссэнээс эрчим хүчний салбарынхан хэвийн ажиллах боломж улам бүр хумигдсаар байгааг уулзалтад оролцогчид онцолж байлаа. Манай улс зах зээлийн системд шилжээд 20 жилийг үдэж байгаа ч зах зээлийн горимоороо ажиллаж чаддаггүй ганц салбар нь эрчим хүч. Энэ үнэ чөлөөлөөгүйтэй холбоотой гэдгийг төр засгийн төвшинд ойлгодог хэдий ч улстөрийн болоод бусад шалтгаанаар үнэ тарифыг нь барьсаар өнөөдөртэй золгож буй юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт УИХ-аас “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай ” тогтоол баталж, 2014 он гэхэд эрчим хүчний салбарыг чөлөөт зах зээлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу ЭХЗГ-аас судалгаа тооцоо хийн, ойрын хугацаанд эрчим хүчний үнэд хэдий хэрийн өөрчлөлт оруулбал зохистойг тооцон гаргасан байна. Урьдчилсан тооцоогоор ирэх онд нэг квт цахилгааны үнэ тарифыг 92 төгрөг, дулааны үнийг 360 төгрөг болгон нэмэгдүүлэх бололтой. Одоо нэг квт цахилгаан 79,8 төгрөг, дулаан 304  төгрөг байгаа юм. Ийн нэмэгдүүллээ ч өртөг зардлаа нөхөхгүй бөгөөд 2014 он хүртэл шат дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа мэргэжилтнүүд хэлж байлаа.

Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж