“Барса” түүхэндээ анх удаа өмсгөлөө “худалдлаа”

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

“Барса” түүхэндээ анх удаа өмсгөлөө “худалдлаа”

Испанийн хөлбөмбөгийн гол төлөөллүүдийн нэг “Барселона” клуб ашгийн бус байгууллага Qatar Foundation-той өндөр үнэтэй гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу “Барса” өмсгөл дээрээ тус байгууллагын логог байрлуулах юм. Каталоны багийн хувьд түүхэндээ анх удаа клубын өмсгөлөө “худалдаж” буй хэрэг болж байна.

“Барселона” дээрх мэдээллийг албан ёсны вэбсайтдаа мэдээлсэн бөгөөд гэрээ таван жил хагасын хугацаанд хүчинтэй байх ба 170 сая евро буюу 225 сая еврогоор үнэлэгдэж байгаа юм.

Сүүлийн хэдэн улирлын туршид “Барса” клубын өмсгөл дээр UNICEF-ийн лого байрлаж байсан бөгөөд цаашид ч хэвээр байх гэнэ. Харин тус клубын өмсгөлийг үйлдвэрлэдэг Nike компани Qatar Foundation сангийн лого бүхий шинэ загварыг урлах үүрэгтэй болж байна. Qatar Foundation сангийн тухайд Катар болон ойр орчмын бүс нутагт боловсрол болон нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор 1995 онд байгуулагджээ.

“Барселона” клубээс мэдэгдсэн дээрх мэдээллийн дараа UNICEF албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд “UNICEF болон Барселона багийн хоорондын хамтын ажиллагаа хүүхдийн төлөө гэсэн мессежийг дэлхий дахинд түгээсэн. UNICEF-ийн зүгээс хамтын ажиллагааны дараагийн алхмыг хүлээж байна” хэмээжээ.

“Барса”-гийн мэдэгдсэнээр гэрээний дагуу энэ улирлын сүүлийн хагаст 15 сая евро авах бөгөөд дараагийн таван улиралд жил бүр 30 сая евро хүлээн авах гэнэ. Түүнчлэн уралдаан, тэмцээнд түрүүлэх зэрэг онцгой тохиолдолд таван сая хүртэлх еврогийн нэмэлт авахаар гэрээнд тусгагджээ.

Энэ их хэмжээний мөнгө “Барселона” клубын хувьд чухал ач холбогдолтой. Хэдийгээр ногоон талбай дээр гайхалтай амжилт үзүүлж байгаа ч тэдний санхүүгийн байдал тийм ч таатай бус байгаа билээ. Өнгөрсөн улиралд гэхэд л тэд 80 сая еврогийн алдагдал амссан бөгөөд 440 сая еврогийн өртэй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж