Тэмцээн өнөөдөр өглөө 09.30 цагаас эхэлсэн бөгөөд Монголын баг тамирчдаас 60 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар барилдаж байна.
Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Польшийн Укаш Кьебасискитэй хийж, вазари үнэлгээгээр ялагдсан бол түүнтэй хамт 60 кг-д зодоглож буй Г.Болдбаатар эхний тойрогт Францын жүдоч Иссам Нуртай барилдаж, вазари үнэлгээгээр ялжээ. Харин дараагийн барилдаанаа Японы бөх Хирофүми Ямамототой хийх юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын тухайд эхний тойргийн барилдаанд Финляндын Антти Ринтамакиг цэвэр ялсан бөгөөд дараагийн торогт Японы бөх Масаши Кодератай барилдана. Харин С.Мияарагчаа эхний барилдаандаа Бельгийн Жаспер Лефеверег юүкогоор ялсан байна. Тэрбээр дараагийн барилдаанд Узбекистан, Японы бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Эмэгтэй жүдочдын тухайд 48 кг-д М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Харуна Асамитай барилдах бол 52 кг-д М.Бундмаа мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Финляндын жүдочтой барилдахаар болжээ.