Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нутаг буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нутаг буцлаа

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Адриан Рутенберг шинэ ажилд шилжин ажиллах гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар үдэлтийн арга хэмжээ зохион байгуулав. Ноён А.Рутенберг нь 2006 оны 6 дугаар сараас эхлэн АХБ-ны Суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд АХБ-аас үзүүлж буй зээл, тусламжийг Монгол Улсын дунд ба урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдуулах, Монгол Улс, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тусламжийн хөрөнгийг хөгжлийн тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд чиглүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж ирсэн. Энэ үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 14 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны Суурин төлөөлөгч Адриан Рутенберг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 4” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт олон төрлийн тусламж үйлчилгээтэй загвар нэгдсэн эмнэлэгийг байгуулах эмийн аюулгүй байдлыг хангах үүднээс эмийн хяналтын үндэсний лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулан олон улсын стандартад хүргэх, эмийн чанарыг дээшлүүлэх ажлууд хийгдэнэ. Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш манай улсын нийгмийн салбар, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг билээ. Өнөөдөр гарын үсэг зурж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 4” төслөөс гадна АХБ-наас эрүүл мэндийн салбарт нийт 85,02 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий 6 төслийг хэрэгжүүлээд байна.

2010 оны хагас жилийн байдлаар АХБ-ны санхүүжилтээр Монгол Улсад нийт 385.04 сая ам.долларын өртөг бүхий 58 төсөл, хөтөлбөрийг зам, тээвэр, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал, санхүү эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч гэх мэт салбарт хэрэгжиж байна гэж Сангийн яамны хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж