Хоёр орны худалдааны эргэлт 907 сая ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хоёр орны худалдааны эргэлт 907 сая ам.долларт хүрчээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны арванхоёрдугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин, ОХУ-ын холбооны хурлын зөвлөлийн дарга С.M.Миранов, Төрийн Думын дарга Нэгдсэн Орос намын дээд зөвлөлийн дарга Б.В,Грызлов болон Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзана. Энэ үеэр ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн  үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Дорнод-Уран хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцлийн тухай хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны үр дүнд буй болсон оюуны өмчийг хамтран хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны 2012 оны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбарт эрчимжиж энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ.

Энэхүү албан ёсны айлчлал нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж хоёр тал үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж