Нөөцөд 3100 тонн мах нэмж бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Нөөцөд 3100 тонн мах нэмж бэлтгэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан худалдаалах нөөцийн мах бэлтгэгч 14 компани өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 3 мянга 100 тонн мах нэмж бэлтгэхээр болжээ. Хотын дарга нөөцийн махны бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, зөвхөн төлөвлөгдсөн хэмжээнд баригдалгүй өөрсдийн бололцоонд тулгуурлан нэмж мах бэлтгэхийг нөөцийн мах бэлтгэгч компаниудад санал болгосны дагуу тэд ийм шийдвэр гаргасан байна. Өнөө жил нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 12 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 8 мянга 778 тонныг бэлтгэж, энэ ажлын явц 73 хувьтай байгаа юм. Харин одоо төлөвлөсөн хэмжээнээс илүү нэмж мах нөөцлөх болсноор ирэх хавар нийтдээ 15 мянга 100 тонн мах зах зээлийн үнээс доогуур үнээр нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлэгдэхээр боллоо. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулж, технологийн шаардлага хангасан 820 орчим тонн дайвар бүтээгдэхүүн нийслэлчүүдийн гар дээр очихоор бэлтгэгдэж байна.
     Хотын мээр өнөөдөр нөөцийн мах бэлтгэлийн ажилтай танилцаж,  мах бэлтгэгч нартай уулзах үеэр, он гарангуут гэрээнд тусгагдсан мөнгөний 30 хувийг олгохоор болсноо тэдэнд дуулгажээ. Мөн сүүлийн үед олны анхаарлын төвд байсан хууль бусаар мах бэлтгэн, гадагш гаргах асуудлыг мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлэн шалгасаар байх болно гэж мэдэгджээ. Түүнчлэн гадагш мах гаргах асуудал зөвхөн үйлдвэрлэгчдээр дамжин явагдах ёстой гэсэн бодлогыг баримталж ажиллана гэв.  

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж