Ерөнхийлөгч илгээлт ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч илгээлт ирүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хуралд оролцогсдод илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр уншиж сонордуулав.

Ерөнхийлөгч илгээлтдээ “Монголчууд бид ардчиллаас их зүйлийг хүртсэн. Малтай болсон. Орон сууцтай болсон. Дуртай бизнесээ хийх эрхтэй болсон. Хэнээс ч айлгүй үгээ хэлэх, санал бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, хүссэн газраа амьдрах, гадаадад чөлөөтэй зорчих эрх чөлөөг олж авсан.

Хамгийн гол нь бид ардчиллын буянд үе үеийн монголчуудын чин хүсэл мөрөөдөл, хүчин зүтгэл, халуун тэмцлийн зорилго байсан улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж авсан явдал юм.

Монголчууд бид зовхи нь өөдөө, босоо хийморьтой ард түмэн билээ. Ирэх 20 жилд ихийг амжуулж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэн, иргэдийн оролцоог хангаж, шударга ёсны үнэлэмжүүдийг Монгол орныхоо хөрсөнд нэг мөр нутагшуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс хөгжин, дэлхийн үлгэр жишээ ардчилсан улсуудын нэг болох ёстой. Бид бахархах түүхтэй, бас гайхуулах баялагтай. Ардчилсан нийгэмд өсч бойжиж буй залуу үе маань байна. Нэг үгээр хэлбэл сайхан ирээдүй бидний өмнө байна. Гагцхүү хүн бүр өөрт оногдсон ажлыг сайн хийх, шударга байх, нийгмийн амьдралд идэвхтэй, ухамсартай, биечлэн оролцдог болох хэрэгтэй байна. Ийм иргэдийн оролцоонд тулгуурласан, эрх чөлөөтэй, иргэд нь эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг, төр нь иргэдээ сонсдог, иргэддээ үйлчилдэг нийгмийн төлөө, сайн сайхан амьдралын төлөө та бид тэмцэж ирсэн. Энэ тэмцэл маань дуусаагүй байна. Энэ тэмцлийг ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан та бүхэн манлайлан үргэлжлүүлж чадна гэдэгт би итгэж байна” гэж тэмдэглэжээ.

Мөн “Эх орондоо хүний нийгмийн оршин тогтнохын дээд урлаг-ардчиллыг авчирч, өвлийн хүйтэн, дэглэмийн жавар хоёрыг хамт сөрсөн баатрууд, улс төрийн намуудад баяр хүргэж байна. Ардчиллыг анхны өдрөөс нь алгандаа тосч, элгэндээ тэвэрсэн монголын ард түмэндээ баяр хүргэж байна” гэжээ.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж