Цас ихэслээ, шуурлаа энэ бол цагийн хүндрэлийн дохио | News.MN

Цас ихэслээ, шуурлаа энэ бол цагийн хүндрэлийн дохио

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Цас ихэслээ, шуурлаа энэ бол цагийн хүндрэлийн дохио

Тачигнатал хүйтрээгүй, мөн түрүүчийн орсон цас хайлаад зарим өдөр нэмэх хэмийн дулаантай байсан Булган нутгийн зарим хэсэгт сүүлийн хоёр гурван өдөр цас хялмаалан, хааяа малгайлж, мөн нэлээд хугацаагаар үргэлжлэн орлоо. Ялангуяа зарим  сум, багт зам даваа хаагдан зудын байдалд орох төлөвтэй болоод байна. Иймд аймгийн онцгой комисс хуралдан цагийн байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна.

    Мэдээллийг шуурхай солилцож байна: Аймгийн онцгой байдлын газар цаг агаарын урьдчилсан төлөвийг мэргэжлийн байгууллагаар дамжуулан орон нутагт шуурхай хүргүүлж байгаагийн зэрэгцээ сэрэмжлүүлгийг сумдын Засаг даргын тамгын газруудад өгч байна. Мөн орон нутгаас, ялангуяа цас их хэмжээгээр ороод байгаа газруудаас тодорхой цагуудад цагийн байдлын мэдээлэл авч аймгийн удирдлагуудад танилцуулж байна. Түүнчилэн сумдаас  тавих санал хүсэлтийг нь хүлээн авч мэргэжил арга зүйгээр хангахын зэрэгцээ аймгийн Засаг даргын тамгын газар, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, онцгой комиссоос авах арга хэмжээг шуурхай зохион байгуулж бэлэн байдлыг хангаж байна.
    Цагийн байдал: Аймгийн ихэнх сумын нутгаар 11 дүгээр сарын сүүлчээс эхлээд 4-5 удаа цас орсон. Баян-Агт, Могод сумын нутагт нэлээд хэмжээгээр цас орж, шуурсан. Хааяа секунтэд 28 метр хүрч ширүүссэн. Зарим газраар 30-40 см  зузаан цастай болсон. Сүүлийн өдрүүдэд ихэнх сумдад цасны хэмжээ эрс нэмэгдлээ. Одоогоор нийт нутаг цасан бүрхүүлтэй болоод байна. Газрын хөрсөн дээр буюу цаг уурын ажиглалтын талбай дээрх  байдлаар Могодод хамгийн зузаан 22, мөн Хангалд 18 см цастай байна. Өчигдөр уржигдрын байдлаар аймгийн төвд 10, Бугатад 9 см нэмсэнээр 16-19 см цастай болжээ. Өнөөдрөөс нийт нутгаар цас болон шуургагүй, энэ байдал хадгалагдаж, 15-ны үед  хүйтний эрч түр зуур сулрах төлөвтэй байна.

    Шуурхай арга хэмжээ авч байна: Онцгой байдлын газраас цагийн байдлыг аймгийн удирддлагууддад танилцуулсны үндсэн дээр онцгой комиссын хурал хийлгэсэн. Хурлаас цагийн байдалд үнэлгээ өгч орон нутгийнхан, ялангуяа анхаарал татсан сумдын удирдлагуудаас мэдээлэл авч шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах үүргийг холбогдох хүмүүст өгөөд байна. “Өвөлжилтийн талаар авах арга хэмжээний тухай “ аймгийн онцгой комиссын албан даалгавар гаргалаа. Энэ албан даалгавраар сумдын Засаг дарга нарт үндсэн 10 чиглэлийн үүрэг өгсний дээр хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, онцгой байдлын газар, “Булган АЗЗА” компани, цаг уур орчны шинжилгээний алба зэрэг мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг өгөөд байна. Мөн аймгийн онцгой комиссын даргын тушаал гаргаж  ажлын 2 хэсгийг  орон нутагт ажиллуулж эхэллээ. Тэдгээр ажлын хэсгийнхэн цагийн байдалтай газар дээр нь танилцаж шуурхай арга хэмжээ авах, орон нутгийн удирдлагуудыг арга зүнй зөвлөмжөөр хангаж туслах үүрэгтэйгээр ажиллацгааж байна.

Ж.Мөнх-Очир

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж