
Цагийн байдал: Аймгийн ихэнх сумын нутгаар 11 дүгээр сарын сүүлчээс эхлээд 4-5 удаа цас орсон. Баян-Агт, Могод сумын нутагт нэлээд хэмжээгээр цас орж, шуурсан. Хааяа секунтэд 28 метр хүрч ширүүссэн. Зарим газраар 30-40 см зузаан цастай болсон. Сүүлийн өдрүүдэд ихэнх сумдад цасны хэмжээ эрс нэмэгдлээ. Одоогоор нийт нутаг цасан бүрхүүлтэй болоод байна. Газрын хөрсөн дээр буюу цаг уурын ажиглалтын талбай дээрх байдлаар Могодод хамгийн зузаан 22, мөн Хангалд 18 см цастай байна. Өчигдөр уржигдрын байдлаар аймгийн төвд 10, Бугатад 9 см нэмсэнээр 16-19 см цастай болжээ. Өнөөдрөөс нийт нутгаар цас болон шуургагүй, энэ байдал хадгалагдаж, 15-ны үед хүйтний эрч түр зуур сулрах төлөвтэй байна.
Шуурхай арга хэмжээ авч байна: Онцгой байдлын газраас цагийн байдлыг аймгийн удирддлагууддад танилцуулсны үндсэн дээр онцгой комиссын хурал хийлгэсэн. Хурлаас цагийн байдалд үнэлгээ өгч орон нутгийнхан, ялангуяа анхаарал татсан сумдын удирдлагуудаас мэдээлэл авч шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах үүргийг холбогдох хүмүүст өгөөд байна. “Өвөлжилтийн талаар авах арга хэмжээний тухай “ аймгийн онцгой комиссын албан даалгавар гаргалаа. Энэ албан даалгавраар сумдын Засаг дарга нарт үндсэн 10 чиглэлийн үүрэг өгсний дээр хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, онцгой байдлын газар, “Булган АЗЗА” компани, цаг уур орчны шинжилгээний алба зэрэг мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг өгөөд байна. Мөн аймгийн онцгой комиссын даргын тушаал гаргаж ажлын 2 хэсгийг орон нутагт ажиллуулж эхэллээ. Тэдгээр ажлын хэсгийнхэн цагийн байдалтай газар дээр нь танилцаж шуурхай арга хэмжээ авах, орон нутгийн удирдлагуудыг арга зүнй зөвлөмжөөр хангаж туслах үүрэгтэйгээр ажиллацгааж байна.