Ч.Сайханбилэг, С.Оюун нар туршлага судлав

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг, С.Оюун нар туршлага судлав

Энэтхэгийн  сөрөг хүчин ууртай байна. УИХын дарга  Д.Дэмбэрэл тэргүүтэй  Монгол   Улсын  парламентын төлөөлөгчдөд  хүндэтгэл  үзүүлж  баяр хүргэсэн   БНЭУ -ын  парламентын доод танхим  Лоб  Сабхагийн  гишүүд   манайхныг   тус  танхимаас гарав уу, үгүй юу  хашигаралдаж  эхлэв. Учир нь  эрх баригч  намын  Засгийн газрын  Мэдээлэл харилцааны сайд  улсад ашиггүй  хувилбараар    мэдээлэл  технологийн суваг худалдсаны дээр авилгал хээл хахуульд холбогдсон байж болох баримт  сүүлийн  хоёр сарын турш хэвлэлээр  цацагдаж байгаа  юм. Хэдийгээр эрхэм сайд огцорсон ч  түүний энэхүү үйлдлийг сөрөг хүчин  парламентынхаа мөрдөн байцаах хороонд татан авчирч шалгуулахыг хүсч байна. Энэ хэрэг   хууль хяналтын байгууллагаар  шалгагдах ёстой гэсэн эрх баригчдын  байр суурийг сөрөг хүчин эрс эсэргүүцэж , нөлөөнд  автана  хэмээн  үзэж  байгаа юм.  Тиймээс  сөрөг хүчний бүхий л намууд байр сууриа нэгтгэн тэмцэж эхэлжээ. Гэхдээ тэдний тэмцэлийн арга нь их өвөрмөц.  Манайхан   шиг  хурлаа хаяхгүй.   Парламентын  чуулганы хуралдаандаа  бүгд  оролцох ба хашхиралдан шуугиж,   маргааныг   шийдэхээс нааш  энэ үйлдлээ зүгсоохгүй гэнэ.  Энэ тэмцэл нь  сөрөг хүчний  шалгарсан  хүлээн зөвшөөрөгдсөн   арга  болоод байна.  УИХ ын дарга Д.Дэмбэрэлд   бараалхсан  Энэтхэгийн парламентын доод танхимын сөрөг хүчний намын бүлгийн дарга хатагтай  Сушма  Сваражаас энэ тухай   лавлаж мэдсэн   УИХ-ын эрхэм гишүүн  С.Оюун  Ч.Сайханбилэг нарт  тэмцлийн энэхүү хэлбэр  ихэд  таалагдаж, хуралдаан хаясны оронд  ерөөсөө хашхирч,  загнах нь зөв юм байна гэцгээж   байв.

 Мөн уулзалтын үеэр  УИХын дарга  Д.Дэмбэрэл  сөрөг хүчингүй парламент  ардчилсан  парламент биш гээд Монголын парламентад  дөрвөн намын төлөөлөл  бийг  дурьдсан бол  хатагтай  Свараж  “Би  Энэтхэг хүний хувьд  манай төрийн бодлогын залгамж  чанар  улс төрийн  ямар хүчин, хэн засгийн эрх барьсанаас үл  шалтгаалан  залгамжлагдаж  явдагт бахархдаг. Энэ нь  Монгол,  Энэтхэгийн  хооронд тогтсон  бидний халуун дотно найрсаг харилцаа цаашид  Энэтхэгийн засгийн  эрх   хэний мэдэлд төвлөрүүлснээс үл шалтгаалан тогтвортой  хөгжинө гэдгийн баталгаа юм.  Та бүхэн манай  засгийн газрын тэргүүнээс илүү сөрөг хүчний намын  гишүүн миний үгэнд итгэх хэрэгтэй” гэж  байлаа.  Энэтхэгийн гол сөрөг хүчин болох  BJP нам нь парламентынхаа доод танхимд  116 гишүүний төлөөлөлтэй аж. Сүүлийн  хоёр сонгуульд дараалан  ялагдахаасаа өмнө  засгийн эрх  баригч  улс төрийн хүчин байжээ.  Эрхэм  гишүүн  С.Оюунд  Энэтхэгт  эмэгтэйчүүд  удирдах алба олноороо хашиж байгаа нь таадалагджээ.  Энэтхэгийн  Ерөнхийлөгч, Парламентын спикер,  Парламентын гол сөрөг хүчний намын дарга, түүнчлэн эрх баригч  Конгресс намын дарга нар бүгд эмэгтэйчүүд байгаа нь  сонирхол татаж байсан юм.  Энэтхэгийн парламентын доод танхим  Лоб  Сабха нь  545 гишүүнтэй, 24   намын төлөөлөлтэй юм байна.  Дорнын аядуу удирдагчдыг төрүүлсэн   БНЭУ-ын улс төр эрх мэдлийг  хэзээ ч сумаар биш бичиг баримтаар шилжүүлж ирснийг  хатагтсай  Сушма   Свараж  бахархан  тэмдэглэж байлаа.

Б.Ханддолгор 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж