АНУ-д болсон “US OPEN” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлж, сарын өмнө хүртсэн дэлхийн аваргын алтан медалиа “мялаасан”, Афины олимпийн хүрэл медальт, Монголын анхны дэлхийн аварга жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ирэх долоо хоногт эх орондоо ирэх ажээ. Бид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай холбогдож, сэтгэгдлийг нь сонслоо.
-Юуны өмнө баяр хүргэе. Цагаанаа, “Их дуулга”, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Us open" гээд олон тэмцээнд дараалан түрүүллээ. Бэлтгэл сайн байгаа юм байна?
-Баярлалаа. Миний хувьд байнгын бэлтгэлтэй байдаг тамирчин хүн учраас ямар ч тэмцээнд сэтгэл зүйн хувьд бэлэн байх ёстой гэж боддог л доо. Америкт болсон энэ тэмцээнд оролцсон шалтгаан нь наймдугаар сарын 26-нд дэлхийн аварга болсон өдрөөс хойш яг сарын дараа буюу есдүгээр сарын 26-нд "US OPEN" болох байсан учир сар бүр өөрийгөө сорьж, формоо хадгалж байя гэдэг үүднээс Америкт ирсэн. Дараагийн сарын тэмцээн гэхэд эх оронд маань болох “Дэлхийн цом”-ын цуврал байна. Түүний дараа арваннэгдүгээр сард “Korea open”, арванхоёрдугаар сард “Kano cup" гээд шилдэг 16 тамирчны шигшээ тэмцээнд оролцоно.
-Жин өгсч барилдсан болохоор хүнд байв уу?
-Ер нь чанга байсан шүү. 73 кг-д барилдсан. Барилдааны тухайд гэвэл, эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт АНУ-ын Арсень Стасыг, дараагийн тойрогт Эквадорын Хосе Сернек, Майкл Элдред гэсэн бөхчүүдийг ялж, аваргын төлөө Венесуэлийн Оюдвиг Ортизтой амжилттай барилдаж, Америкийн дэвжээнд түрүүллээ. Энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан манай Б.Мөнгөнтуяа мөн амжилттай барилдаж, хүрэл медаль хүртсэн байгаа.
-Хэзээ Монголд ирэх вэ?
-Удахгүй очино. Ирэх долоо хоногт явах бодолтой байгаа.
-Одоо аль хотод байгаа вэ?
-Сан-Францискод байна. Энд Америкийн бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Монголд очоод “Дэлхийн цом”-ын бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Эх орондоо болж байгаа тэмцээнд манай жүдочид амжилттай оролцох байх гэж найдаж байгаа. Ер нь энэ жил манай жүдочдын хувьд одтой байна. Энэ бүх амжилтад хүрэхэд манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга маш их туслалцаа үзүүлж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Манай Х.Баттулга захирал өөрөө тамирчин хүн байсан болохоор биднийг илүү сайн ойлгодог байх. Одоо ч гэсэн кимоно өмсөөд л бид нартай барилдчихдаг хүн шүү дээ.
-Ч.Насантогтох багш хамт явсан уу?
-Тэгсэн. Багш маргаашнаас Улаанбаатарт оччих байх. Танай сониноор дамжуулаад, жүдо бөхөд хайртай, Монголын спортыг дэмждэг, тамирчид биднийг ойлгож, сэтгэлийн хүч өгч байдаг бүх хүмүүст баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Монголын тамирчдын сэргэн мандалтын үе ирж байгаа гэж би боддог. Тийм болохоор Монголын тамирчид 21-р зуунд эх орныхоо нэрийн хуудас байгаасай гэсэн сайхан үгийг ч гэсэн хэлмээр санагдаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.БАДМАА /2009.10.01/