Улаанбаатарт мах үнэд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт мах үнэд оржээ

Үндэсний статтстикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газраас долоо хоног тутамд гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл өнөөдөр гарчээ. Нийслэл Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар хонины махны үнэ өмнөх арваннэгдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 9-9.2 хувь, үхрийн махны үнэ 7.7-9.2 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 5.8  хувиар өссөн байна. Хүнсний зах болон дэлгүүрүүдэд нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 3483 төгрөг, үхрийн ястай мах 3863 төгрөг, ямааны мах  2617 төгрөг, адууны мах  2640 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногоос ч өссөн үнэ юм байна. Харин хонины цул мах дунджаар 3714 төгрөг, үхрийн цул мах 4425 төгрөгийн үнээр худалдаалж буй ажээ.

Хөдөө орон нутагт махны үнэ харилцан адилгүй байна. Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 100-500 төгрөгөөр өсч, Завхан, Өвөрхангай аймагт 200-300 төгрөгөөр буурчээ. Харин бусад есөн аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Булган, Өмнөговь аймагт өндөр буюу 3300 төгрөг байхад Дорнод аймагт 2200 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ ажээ.

Үхрийн мах Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт долоо хоногийн өмнөхөөс 50-700 төгрөгөөр өсч, Завхан, Өвөрхангай аймагт 200-400 төгрөгөөр буурчээ. Бусад 11 аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ. Одоогоор Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт үхрийн мах худалдаадахгүй байгаа аж. Үхрийн махны үнэ Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 4000 төгрөгийн үнэтэй байхад Дорнод аймагт 2700 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ юм байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж