Иргэний эрх зүйн хамгааллаар бага хурал хийв

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Иргэний эрх зүйн хамгааллаар бага хурал хийв

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Судалгааны төвтэй хамтран “Иргэний эрх зүйн хамгаалалт ба шүүхийн практик” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна. Бага хуралд шүүх, хуулийн байгууллагууд, хуулийн сургуулиудын төлөөлөгчид оролцож, иргэний эрх зүйн хамгаалалтын анхаарах зарим асуудлуудаар илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр иргэний эрх зүйн сэдвээр нийт 16 илтгэл тавигдсан бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалтыг тойрсон асуудлууд, гэм хорыг арилгах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба зөрчигдсөн эрх, зээлийн гэрээ, түүний биелэлтийн баталгаа гээд маш олон сэдвүүдийг хамарсан байна. Уг эрдэм шинжилгээний хурлыг онолын болоод практикийн ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж хуралд оролцогсод дүгнэж байсан юм. Улсын Дээд шүүхээс “Шүүхээс хууль тайлбарлах, хэрэглэх онол практикийн тулгамдсан асуудал” сэдвээр хоёр жилийн өмнө зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд эрх зүйн салбар бүрийн судлаач, практик ажилтнууд оролцсон бол энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд иргэний эрх зүйн чиглэлийн мэргэжилтнүүд оюун ухаанаа уралдууллаа.  Дашрамд дурдахад шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргийн дийлэнх хувийг иргэний хэрэг эзэлдэг бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. 2009 оны байдлаар гэхэд л анхан шатны шүүхүүд иргэний 35882 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 25.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Н.Түвшин

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж