“Соёмбо” сургууль АТГ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Соёмбо” сургууль АТГ-тай хамтран ажиллана

Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг дөрөв дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэв. Энэ өдрийг угтан тус газраас “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний хүрээнд нийгмийн бүлгүүд шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл тэмүүллээ илэрхийлсээр байна. Тэдгээрийн нэг нь төрийн захиргааны “Соёмбо” дээд сургуулийн оюутнууд байлаа. Олны дунд “дарга нар бэлтгэдэг сургууль” гэж нэрлэгддэг “Соёмбо” дээд сургуулийн төгсөх курсийн оюутнуудад авлигын эсрэг олон улсын өдрөөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд “Авлигын мөн чанар, хор хөнөөл” сэдвээр хичээл зааж, харилцан ярилцлаа.
“Соёмбо” сургуулийн захирал, доктор /PhD/ С.Отголжий “Авлигатай тэмцэх газраас авлигын хор хөнөөл, шударга ёсны үзэл санааны талаар тусгайлсан сургалт зохион байгуулсан нь ирээдүйн төрийн албан хаагчдаар бэлтгэгдэж байгаа манай сургуулийн оюутнуудын хувьд тун чухал арга хэмжээ болж байна. Төрийн албан хаагч нь зөвхөн ажил мэргэжилдээ ур чадвартай байх биш шударга ёсны зарчмыг өөртөө бүрэн төлөвшүүлсэн байх ёстой. Тиймээс манай сургуулийн захиргаа оюутнууддаа шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн” хэмээн ярилаа. Доктор С.Отголжийн санаачилгаар “Соёмбо” дээд сургууль Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах төлөвлөгөө гарган, энэ дагуу 2011 онд оюутнуудынхаа дунд шударга ёсны төлөө үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.  

Түүнчлэн Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Цагдаагийн академийн Сургалт, эрдэм шинжилгээний албатай хамтран нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад “Шударга ёсны төлөө хамтдаа” уриан дор авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт, шударга ёсны талаар мэдлэг олгох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж