“Cosmopolitan” дэлхийд Монголыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Cosmopolitan” дэлхийд Монголыг сурталчилна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголд “Cosmopolitan” шинээр мэндэлсэн гэдгийг “Нью-Йорк таймс” хүртэл шинэ дугаартаа онцолжээ.

    Монголын сэтгүүл зүйн салбарт эргэлт хийсэн арванхоёрдугаар сарын 8-ны үдшийг би л хувьдаа онцгой үдэш хэмээн нэрийдмээр санагдлаа. Орчин цагийн сэтгүүл зүйн хөгжлийн бодит илэрхийлэл болсон сэтгүүлийн ертөнцөд шинэ “хүн” мэндэлсэн учраас тэр л дээ. Тэр онцгой үдшийн эзэд бол “Ирмүүн” агентлагийн хамт олон. Тэдний эрхлэн гаргаж буй “Cosmopolitan” сэтгүүл. Дэлхийн 60 гаруй орны 120 орчим сая уншигч энэ сэтгүүлийг сар бүр өлгийдөж авдаг хуультай. Хууль хэмээн онцлохын учир нь тэд “Cosmopolitan” сэтгүүлээс өөрийгөө өөрчлөх, өөрийгөө урагшлуулах, өөрийгөө өрөөл бусдаас илүү сайхан болгож, сайн байлгаж чадах тэр нууцыг олж уншаад сурчихсанд оршино.

    Та өөрийнхөө амьдралыг хэрхэн аз жаргалтай болгох вэ. Та өөрийнхөө хүссэн өндөрлөгт хүрэхийн тулд ямар байх ёстой вэ. Та энэ үдшийн хамгийн сайхан бүсгүй байхын тулд юуг хийх ёстой вэ. Та гайхалтай сайн гэрийн эзэгтэй болохын тулд өөрийгөө хэрхэн өөрчлөх вэ…Та бидний эргэн тойронд байдаг ч хариултыг нь оновчтой сайнаар нь гаргаж чаддаггүй олон эргэлзээтэй асуудалд тэд өнгөрсөн олон жилийн турш хариулт өгөөд сурчихсан. Зөвхөн таны л төлөө тэд зөвлөдөг. Зөвлөгөө нь хийсвэр ертөнцөөс авчирсан гоё сайхан тайлбар бус дэлхийн хамгийн чадварлаг сэтгэл зүйчид, карьеристуудын заавар, зөвлөгөө байдгаараа онцлогтой. Ийн өвлийн жавар тачигнаж, цас бударсан Улаанбаатарын намуухан шөнө “Cosmopolitan” бүсгүйчүүдийн үнэ цэнийг өргөх чанга дуутайгаар мэндэллээ.

    Дэлхийн сэтгүүл Монголд ирлээ. Дэлхийн сэтгүүл монголчуудын соёлын үнэлгээг өргөлөө. Бас дэлхийд өөр өөрийн үзэгчийг төлөвшүүлж, өөрсдийн дуу хоолой, бүжгийн хэмнэлээрээ гайхуулж чадсан уран бүтээлчид ч Монголд зочлов. “Cosmopolitan”-тай өнгөрүүлсэн үдэш үнэхээр онцгой байж чадлаа. Хамгийн гол нь энэ сэтгүүл Монголд хэвлэгдсэнээр монголчууд дэлхийн 60 гаруй улсын 120 сая орчим бүсгүйчүүд, тэдний гэр бүлийнхэнд эх орноо сурталчлах боломжтой болно. Учир нь бусад орны “Космо”-гийн салбарт монгол хувилбар таалагдвал тэд шууд хэвлэх эрхтэйгээрээ Монголд асар их давуу талыг бий болгоно гэхэд итгэхгүй байх хэрэггүй болов уу. Анхны дугаарт дүр бүтээсэн моделиуд, Монголын брэнд бүтэгдээхүүний реклам гээд тэр бүхнийг бусад салбарын эрхлэгчид “Бид үүнийг хэвлэмээр байна” л гэвэл түүн шиг том сурталчилгаа манайд байхгүй болно. Тэр ч бүү хэл Монголд “Cosmopolitan” шинээр мэндэлсэн гэдгийг “Нью-Йорк таймс” хүртэл шинэ дугаартаа онцолж мэдээлсэн байна билээ. Энэ бол дэлхийн сэтгүүл Монголд нутагшиж буй нь өөрөө манай улсын хөгжлийн, соёлын нэг том илэрхийлэл болсон онцгой үйл явдал гэдгийг илэрхийлэх нэг бодит жишээ.

    Түүнчлэн “Cosmo love 2010” шоу хийгээд “V.I.P party” ч тэр гайхалтай уран бүтээлчидтэй та биднийг уулзах боломж олгож чадсан. Мэдээж энд хүн бүрийн урлагийг ойлгох мэдрэмж өөр учраас тоглолтыг ч өөр өөрийн үнэлэмжээр дүгнэсэн нь анзаарагдаж байсан. Зарим нэг нь Азийн поп дива Урнаагийн дуулахыг эсэргүүцэж байхад, нөгөө хэсэг нь dj Алиса-гийн хөгжмийг сонсох сонирхолгүй байх жишээтэй. Энэ бол хүмүүсийн сонирхол. Гол нь бид өөр өөр урлагийн төрлөөр өөрсдийн үзэгчдийг бүтээж чадсан тэр дэлхийн оддыг нэг дор сонсч, үзэж чадсан.

    “Тодес” хамтлагийн гал цогтой бүжиг, Олег Безинскихийн ер бусын хоолой, dj Алисагийн хөнгөн хэмнэл, Ч.Урнаагийн жинхэнэ байгалийн аялгуу…тэр бүхнийг бид сонссон. Хэн нь ч хэзээ ч магадгүй “Тодес”-ыг Монголд ирнэ гэж, Олег Безинскихийг Монголын тайзнаа дуулна гэж төсөөлж байгаагүй байх. Монголчуудаас ч илүү монгол гэсэн сэтгэлтэй, өөрийгөө Хятадын өвөрмонгол гэдгээс илүү Монгол хүн гэдгээрээ бахархаж, дэлхийд манай үндэсний урлагийг сурталчилж, Монголын унаган байгалийг дуу хоолойгоороо нүдэнд харагдуулж, сэтгэлд зурж яваа Урнаагийн дуу хоолойг ч тэр тийм олуулаа сонссон удаа ч бидэнд байхгүй. Иймээс ч тэднийг авчрах ямар хэцүү болохыг ойлгохыг хүсэхгүй нэг хэсэг байхад, ойлгоод “Ирмүүн”-ийнхний хичээл зүтгэлд талархах олон мянган хүн Улаанбаатарт бий гэдэгт итгэлтэй байна.

    Тэд дэлхийн брэндүүд Монголд нутагшихаар хошуурч буй энэ үед “Cosmopolitan”-ыг буюу дэлхийн шилдэг сэтгүүлийг оюуны салбараас нь шилж сонгон нутагшуулж чадлаа. Энэ бол Монголын сэтгүүлийн зах зээлд онцгой тэмдэглэлт үйл явдал байсны зэрэгцээ Монголыг дэлхийд танилцуулахад хамгийн том дэм өгөх оюуны бүтээл юм. Иймд тэдэнд амжилт хүсье. Хүссэн бүхнээ бүтээж, хүссэнээрээ Монголыг урагш нь хөтөлж буй цагаан зам нь ямагт сүүн мөртэй байг ээ.

    Г.Отгонжаргал.

    Зохиогчийн эрх:
     “Улс төрийн тойм” сонин.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж