Танин мэдэхүйн шилдэг 10 ном

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Танин мэдэхүйн шилдэг 10 ном

“Интерном” номын их дэлгүүр уншигчдын хүсэн хүлээдэг “Grand book” уламжлалт ёслолын ажиллагааг зохион байгуулдаг билээ. Тус номын дэлнүүрээс 2010 онд борлуулалтаараа тэргүүлсэн 100-н шилдэг номыг арван төрөл зүйлээр шалгаруулан жагсаалтыг гаргажээ. Үүний танин мэдэхүйн төрлийн шилдгээр шалгарсан 10 номыг танилцуулж байна.

1. Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг
Зохиогч: Дейвид Жозеф Шварц
Орчуулсан: Б.Энхбайгаль
Хүсэл мөрөөдлөө “өөрийнхөө хүчээр” биелүүлж чадна гэдгээ мэддэг хүмүүс итгэлтэй, амьдралын баяр баясгалан тэмүүлэлтэй байдаг. Ирээдүйн итгэл найдвар бол одоогийн хүч чадлын үндэс юм. Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий.Үүний тулд хүн өөрийн дотоод ертөнцийн гайхамшиг, хязгааргүй хүч чадалтай зөвхөн “танилцах” нь л хангалттай. Энэ номыг бүлэг бүрээс та өөрийн хүссэн амжилт, аз жаргалд хүрэхийн тулд сэтгэх цар хүрээгээ тэлэхийн гайхам хүч чадлыг ашиглахад тань туслах арга, дүрэм зөвөлгөөг олж авна. Энэ бүхэн бодитойгоор нотлогдсон ажээ. Зөвхөн юу хийх хэрэгтэйг олж мэдээд зогсохгүй, зарчим бүрийг амьдралдаа саад бэрхшээлтэй тулгарсан үедээ хэрхэн хэрэглэж болохыг та тод харна. Энэ ном танд эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлнэ. 

2.Далд ухамсар бүхнийг чадна
Зохиогч: Джон Кехо
Эмхэтгэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн
Хүний далд ухамсар гэж юу болох, түүний хүч чадлыг юунд яаж ашиглаж болохыг тайлбарласан ном.Логик сэтгэлгээ тус болох чадваргүй үед далд ухамсарт агуулагддаг асар их нөөц бололцоог ашиглах нь хамгийн хүнд бэрх асуудлыг шийдэхэд туслах болно.Та энэхүү номыг уншсанаар хүссэндээ хүрэх бүхий л аргыг олж мэднэ. 

3. Танд тэнгэрлэг их хүч бий

Зохиогч: Луиз Л.Хэй
Орчуулсан: Ц.Одонтуяа
“Бидний мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол хаа нэг газар, тэнд байх ёстой гэж хайгаад байдаг хүч бидэнд өөрсдөд маань байдаг.Тэр хүчийг сайн сайхан зүйлд хэрэглэхэд үргэлж бэлэн байдаг гэдгийг ойлгох явдал юм. Энэ ном танд бидэнд ямар их хүч боломж байдгийг ойлгуулна гэдэгт би итгэж байна. Би хүмүүст өөрсдийгөө ямар гайхалтай хүч чадалтай юм бэ гэдгээ ойлгож чадах тийм нөхцөл орчинг нь бүрдүүлж, тэдэнд өөрсдийгөө хэрхэн хайрлахыг зааж өгөхийг хичээдэг” гэж зохиолч өгүүлжээ.

4.Усны гайхамшигт хүч чадал

Орчуулсан: Э.Булган
Эрхлэн хэвлүүлсэн: “Монголын Психотроникийн Хүрээлэн”
Энэхүү номонд ус таны бие махбодь, амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж, өөрчлөн сайжруулж чаддаг, ямар хосгүй шинж чанартай болох тухай өгүүлнэ. Хүмүүс бидний усанд хандах хандлага хийгээд бие биетэйгээ харилцах харилцаа нь бидний уудаг эгэл жирийн усанд төдийгүй хүний биеийн далан хувийг бүрдүүлдэг усанд хэрхэн нөлөөлж, өөрчлөн хувиргах чадалтайг та олж мэдэх болно. Усны тухай хэдий чинээ ихийг мэднэ, өөрийгөө төдий чинээ танина гэсэн үг. Өөрийгөө сайтар таньж мэдэх тусам нийгэм, улс үндэстэн, газар дэлхий, хорвоо ертөнц, эцэст нь бүр тэнгэрлэг оршихуйг ухаарах болно” хэмээн энэ номд өгүүлсэн байна.
 
5.Карма
Орчуулагч: Б.Билгүүндалай
Эрхлэн гаргасан: “Урлах эрдэм” хэвлэлийн газар
Оросын эрдэмтэн, зохион бүтээгч , сэтгэл зүйч, анагаагч А.Г.Свияш энэхүү шинэ бүтээлдээ Кармын харилцан үйлчлэлийн нэгдсэн онол, кармын оношлогооны болон нарийн биесийг “цэвэрлэх”аргын үндэслэлийг анх удаа бүрэн дүүрэн дэлгэн тавихын зэрэгцээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох олон зөвөлгөө өгч байна. Энэ ном бол амьдралдаа сахин мөрдвөл зохих дүрэм юм. -Хорвоотой зохицон амьдрахуй -Хүссэндээ хүрцгээе -Алдаагаа засацгаая гэсэн цувралуудтай. 

6.Хүн мичнээс үүсээгүй
Орчуулагч: М.Пүрэвжав
Эрхлэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн
Оросын нэрт нүдний мэс засалч Эрнст Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй” хэмээх энэхүү гайхамшигт номонд бид ер сармагчнаас үүсээгүй, дорнын анагаах ухаан болоод бусад шинжлэх ухаан гүн ухааны судар бичээсийг мань мэт эгэл хүмүүс зохиогоогүй /хүн зохиогоогүй/, бурхан багшийн олон дүрээр хувилж ирсэн өмнөх соёл иргэншлүүдийн өндөр оюун ухаант хутагт хувилгаад гэгээнтнүүдийн үг сургаал мөн болохыг, биднээс өмнөх хавьгүй илүү хөгжилтэй соёл иргэншлүүдийн генфонд өнөөг хүртэл хадгалагдсаар байдаг тухай нэн сонирхолтой мэдлэгийг энэ ном танд хүргэж байна.  

7. Бурхдын хотын эрэлд
Орчуулагч: М.Пүрэвжав
Эрхлэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн
Энэхүү номонд манай ухаант ард түмэн, эрдэмт өтгөс “Жаран хашорын суварга” хэмээн эрт цагаас алс Балбын орноо зорьж эргэл мөргөл үйлдэн тахин биширч, цадиг түүхийг нь ном шатиртаа оршоон буурал түүхийн хуудас дамжуулан үлдээж ирсэн ертөнцийн эгэлгүй гайхамшиг Сваямбанат болон Будханат суваргын учир начир,эртний хүмүүсийн ид шид , илбэ тарнийн хүчээр дархлан үлдээсэн билиг эрдмийн агуу орны нууц увдис, цаглашгүй зуун найм гэсэн тооны барилдлага, Шамбалын орны газар дорхи ертөнц, сайн муу заяа, үйлийн үрийн барилдлагын тухай хүүрнэжээ. Аугаа Николай Рерихийн мөрөөр домогт Шамбалын орны эрэлд мордсон судлаачийн маань хайгуул улам татсаар уншигч бидний билэг оюуныг хөглөх олон шинэ мэдлэгийн уурхай хөтөлсөөр байна.  

8. Фэн шүй хайр дурлалын 168н ашигтай зөвөлгөө
Зохиогч: Лиллиан Тү
Орчуулсан: Б.Алимаа
Энэхүү номыг зохиогч Лиллиан Тү бол сайхан эмэгтэй, аз жаргалтай эхнэр бас сайн ээж үүгээр зогсохгүй бас дэлхийд танигдсан фэн шүй судлаач юм. Энэ номондоо тэрээр хүмүүсийн мөрөөдлийн харилцааг бэхжүүлэх, шинэчлэх улмаар шинэ харилцааг үүсгэх 168н зөвөлгөөг нээсэн. Энэ зөвөлгөөнүүд нь дорнын урлалын бэлэг тэмдэг , зэмсгүүдийг хэрэглэх эсвэл маш энгийнээр танай гэрийн баруун урд хэсэгт өнгөний тусламжтайгаар амьдралыг чинь идэвхжүүлэх зөвөлгөө юм. Гэхдээ энэ зөвөлгөө нь онцгой үр дүнтэй. Дорнын одон зурхай судлалын үзсэнээр та өөрийн амьдралын хостойгоо таарч тохирох уу? Худал хуурмагтай тулгарахдаа та юу хийх вэ? Эдгээр асуултууд болон бусад асуултуудад хайр дурлалын фэн шүй ном хариулах болно.  

9. Хайр сэтгэлийн нууц

Зохиогч: Барбара Дө анжелис Орчуулсан: Л.Энхбаяр
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
Америкийн алдарт сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөгч Барбара Анджелисийн бүтээлүүдийг “Монсудар” хэвлэлийн газраас монгол уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих хайр сэтгэлийн нууцын тухай энэ ном өгүүлж байна. Хэрхэн мөрөөдлийн ханхүүгээ олж аз жаргалтай амьдрах тухайгаас эхлээд хайр сэтгэлээс чухал зүйл гэж үгүй, хайр утгаа алдаж эхэлдэг жинхэнэ бодит шалтгаанууд, хүсэл сэтгэлийн илэрхийлэл, хайрын ид шидийг хэрхэг хадгалж хамгаалах вэ? гээд хүн бүрийн өмнө тулгарч байдаг маш олон сонирхолтой зүйлүүдийг өгүүлж байна. Хосуудын хайр сэтгэл юунаас болж үгүй болдгийг, мөн эргэж хайр сэтгэлийг сэргээж болох та энэ номноос амтархан уншиж амьдралдаа хэрэгжүүлээрэй. 

10. Хайрлагдах нууц
Зохиогч: Сандра Эн Тэйлор
Орчуулсан: У.Нямсүрэн, Ч.Цэвэлсүрэн, Б.Баттөмөр
Энэ ном бол зөвхөн хайр дурлалд амжилт олох тухай биш, ерөөсөө амьдралд амжилт олох тухай ном юм. Энд өгүүлж буй ерөнхий хуулиуд эргэн тойрны бүх үзэгдэлд хамаатай. Таны туулж өнгөрүүлсэн, одоо таныг хүрээлэн байгаа бүх зүйлс , ажил үйлсийн болоод санхүүгийн амжилтууд бол Ертөнц дахины энергийн үр дүн юм. Хэрвээ та эдгээр зарчмаар ажиллаж, тэднээс танд авчирч буй эрч хүчийг ойлгох юм бол таны олж чадах агуу амжилтад хязгаар үгүй ажээ. Мөн энэ номд өгүүлж байгаа энергийн үйлчлэл нь квантын тулгуур зарчмуудад үндэслэсэн бөгөөд тэдгээрийн үндсийн үндэс нь долгион ба цэнэгт хэсгүүд юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж