Л.Гансүх сайд НҮБ-ын Бага хуралд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайд НҮБ-ын Бага хуралд үг хэлэв

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал Мексикийн Канкун хотод үргэлжилж байна. Нийт 194 орны төлөөлөгчид оролцож буй тус уулзалт энэ сарын долоон эхэлсэн юм байна. Энэхүү уулзалтад 30 орны төр засгийн удирдагчид, 130 гаруй орны сайд, дэд сайд нар, мөн олон улсын байгууллагуудын дарга нар оролцож байгаа аж. Монголын талаас УИХ-ын гишүүн, БОАЖ-ын яамны сайд Л.Гансүх уулзалтад оролцож, Бутан, БНХАУ, БНСУ, БНТУ-ын  сайд нартай уулзаж, хоёр талт хамтын ажиллагаа болон тус Бага хурлаар хэлэлцэж буй асуудлуудын талаар санал солилцжээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт улам бүр эрчимтэй явагдаж, түүний үр дагавар болох байгалийн гамшигт үзэгдэл улс орнуудын нийгэм, эдийн засагт ноцтой хор уршиг учруулж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэгсдийн тоо өсч буйг Өндөр хэжээний уулзалтын нээлт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон нар хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар улс төрийн зоригтой алхам хийж, Канкуны уулзалтаас тодорхой шийдвэр гаргахыг улс орнуудын удирдагчид, сайд нарт уриалав. БОАЖ-ын сайд Л.Гансүх энэ үеэр хэлсэн үгэндээ эдийн засаг нь эмзэг, хөгжиж буй бусад орны нэгэн адил Монгол орны байгаль орчин, экосистем, нийгэм эдийн засагт уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж, ган, зуд, цөлжилт эрчимжин, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хохирол учруулж байгааг тэмдэглээд, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч буй саад бэрхшээлийг даван туулахад хөгжиж буй орнуудад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлыг  шийдвэрлэхэд Канкуны Бага хурал чухал үүрэгтэйг онцолжээ. 

Ш.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж